Хулгайн ордод тавих “Хулгайн” төмөр зам ба “Аspire mining”

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 30

Монгол Улсын хоймор нутагт нүүрс зөөх төмөр зам тавьж, уул уурхайн бүс болгох санаархлаа Австралийн “Aspire mining” компанийнхан ажил хэрэг болгож эхэллээ. “Aspire mining”-ийнхан чоно борооноор гэдэг шиг Засаг солигдох сиймхийг ашиглан экс Засгийн газраар өөрсдөдөө ашигтай, хууль бус гэж хэлж болох шийдвэр гаргуулсан нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилсээр байна. АН-ын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг төр, засгийн эрхийг авсан даруйдаа өмнөх Засгийн газрын энэ шийдвэрийг эргэж харна хэмээн мэдэгдсэн ч таг чиг болов. Мартав уу, хуйвалдаанд нь бас хамтарчихав уу. Хөвсгөл Монголын хоймор нутаг. Бас аялал жуулчлалын гол бүс. Байгалийн онцгой тогтоц, онгон дагшин байдлаараа баялгаас илүү үнэ цэнэтэй нутаг. Шил шилээ даран шинээр нээгдэж буй молибден, жонш, хаш, алт, нүүрсний арвин их нөөц Хөвсгөлийг өнөөдөр уул уурхайн бүс болгох гадна дотнынхны асар их сонирхлыг дагуулж эхэлсэн. Байгаль, цаг агаарын эрс тэс байдал, газар зүйн онцлогоос болж энд уул уурхай хөгжүүлэх хүндрэлтэй. Тиймээс Өмнөговийнх шиг шороо манаруулан, тоосонд даруулан баялгийг нь автомашинаар зөөх боломж хомс тул аялал жуулчлалын халхавч дор хэвлийг нь төнхөж, төмөр могойгоор хэрэхийг завдаж байхад эрх баригчид ямар ч тайлбар өгсөнгүй өдий хүрлээ. Энэ нутгаас сонгогдсон эрхэм гишүүдээс эхлээд, Хөвсгөлөөр овоглодог төр, засгийн түшээд хүртэл байр сууриа илэрхийлэх нь байтугай анхаарал ч хандуулсанг үй. Энэ нь Хөвсгөлд нээгдсэн ашигт малтмалын ордуудыг дайруулан төмөр зам тавих “Aspire mining”-ийн санаархлыг улст өрчид дэмжиж байна хэмээн олон нийтэд ойлгогдож байна.

УИХ-аар батлагдсан “Төрөөс төмөр замын талаарх баримтлах бодлого” гэж баримт бичиг бий. Үүний дагуу хаагуур, хэдэн км урттай, ямар төмөр зам тавихыг төр шийддэг. Гэтэл өнгөрсөн оны долдугаар сарын 4-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар энэ баримтад тусгагдаагүй Овоот-Мөрөн-Эрдэнэтийн чиглэлд 628 км төмөр зам тавих тогтоолыг яаруу давчуу, нууцлан баталсан нь төрийн бодлоготой зөрчилдөж, ар араасаа хууль бус олон асуудлыг дагуулж мэдэхээр болов. Үүнийг засч залруулах эрх одоогийн Засгийн газарт, мөн УИХ-д бий. Зөвхөн төмөр зам нь ч биш, энэ компанийн эзэмшилд очсон Овоот нүүрсний орд нь ч Монгол Улсын стратегийн ордыг хэсэгчлэн хуваасан “хулгай”-н хуйвалдаантай холбогддог. “Aspire mining”-ийн Монгол талын “охин” компани “Хургатай хайрхан” 2007 онд Могойн голын стратегийн ордын 9350 га газрыг хэсэгчлэн авч, АМГ-ынхны дэмжлэгтэйгээр орон нутгийнхны зөвшөөрөлгүйгээр лиценз эзэмшсэн байдаг. Үүнийхээ дараа нэрийг нь өөрчлөн “Овоот” хэмээх сайхан нэр өгч, Австралийн “Aspire mining” компанид худалдсанаар Могойн голын стратегийн ордын нэг хэсэг ийнхүү Австралийн компанийн мэдэлд шилжсэн түүхтэй. Анхнаасаа ийнхүү Ашигт малтмалын тухай болон бусад олон хуулийг зөрчсөн энэ компанитай холбоотой маргаан өнөөдөр ч үргэлжилж буй. Ашигт малтмалын тухай хуульд заасанчлан орон нутгийнхны саналыг үл ойшоон, төрийн мэдлийн стратегийн орд-Могойн голын талбайг хувийн компанид давхардуулан олгосон нь хууль зөрчсөн эсэхийг нягтлан шалгаж өгөхийг орон нутгийнхан нь Ерөнхий сайд Н.Алтанхуягаас хүсч, өнгөрсөн намар албан тоот явуулж байсан. Гэвч өнөөдрийг хүртэл хариу ирсэнгүй, холбогдох байгууллагууд ч шалгаж тогтоосонгүй.

Хулгайн орд, хулгайн наймаа, хулгайн төмөр зам. Бүх хулгай нь хамгаалалттай энэ компанийн хууль бус үйлдлүүдийг АТГ болон холбогдох хяналтын байгууллага, эрх мэдэлтнүүд хэзээ шалгах вэ?

“Aspire mining” ба Монгол талын нууц ноёд хэн бэ

“Aspire mining” Овоот ордоор IPO хийж, Австралийн хөр өнгийн биржээс 40 орчим сая доллар босгоод байгаа. Танилцуулгаас нь харвал Монголын хойд бүс буюу Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Цагаан-Уул, Төмөрбулаг, Бүрэнтогтох гэсэн дөрвөн сумыг хамарсан нүүрсний болон Завхан аймгийн төмрийн хүдрийн ордын нийт 11 лицензийг “Хургатай хайрхан” компанийн нэр дээр эзэмшдэг. Одоо илрээд байгаа Овоот орд нь коксжих нүүрсний нөөцөөрөө Тавантолгойн дараа хоёрдугаарт эрэмбэлэгдэж буй. 2014 оноос ил уурхайгаа ашиглаж, эхний ээлжинд хүнд даацын автомашинаар нүүрсээ тээвэрлэн, 2016 онд төмөр замаа ашиглалтад оруулахаар төлөвл өжээ. Энэ төмөр зам нь Хөвсгөл дэх эзэмшил ордуудаар нь дайрах бөг өөд ТрансМонголын төмөр замын сүлжээний Эрдэнэт хот дахь салбар замтай шууд залгагдана. Ингэснээр жилд 10-12 сая тонн нүүрсийг хойшоо Наушкаар, урагшаа Замын-Үүдээр хоёр чиглэлээр тээвэрлэх боломж бүрдэнэ гэж үзэж байна. Олон улсын MICC компанийн мэдээлснээр “Aspire Mining”-ийн 32.42 хувийг удирдлагууд нь, 19.90 хувийг “СаусГоби Ресурс” компани, 6.09 хувийг “Noble” групп , 18.52 хувийг лицензийг анх худалдсан Монголын хөрөнгө оруулагчид эзэмшдэг бол 23.07 хувийг Австралийн хөрөнгийн бирж дээр арилжаалж байна. Харин “Aspire Mining”-ийн 18.52 хувийг эзэмшигч Монгол талын хувьцаа эзэмшигч хэн бэ?. Улс төрд нөлөө бүхий урт гартай “Алтай констракшн”-ы Х.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн асан Х.Бадамдамдингийн хүү Б.Баттүвшин нарын бизнесмэнүүд энэ хувьцааг эзэмшдэг гэсэн мэдээлэл улс төрийнхөн дунд байна. Х.Бат-Эрдэнэ бол МАН-ын талыг дэмжигч. МАН-ын хамгийн том фракц болох хотынхон түүний талд бий. Харин Б.Батт үвшингийн хувьд ааваараа дамжуулан АН-д нөл өөлөхөөс гадна өөрөө ч бас АН-ын ирээдүйтэй залуу улстөрчдийн тоонд ордог. Түүний аав УИХ-ын гишүүн асан Х.Бадамдамдин АН дахь “Зүүн хойд Азийн” фракцад харьяалагддаг. Энэ фракц сүүлийн үед нам дотроо байр суурь нь чангарч, УИХ, Засгийн газарт хэд хэдэн гишүүн нь багтсан. Харин хүү нь “Кроуных” гэсэн мэдээлэл бий. Үүнээс үзвэл Х.Бат-Эрдэнэ, Б.Баттүшиг хоёроор дамжин УИХ, Засгийн газар болон АН, МАН-ын улстөрчид “Aspire Mining”-ийн ашиг сонирхлыг хөндөх нь байтугай хамгаалдаг болж таарч байна.

Хууль бус төмөр замд хамтрах “Noble” эрсдэлээ өөрсдөө үүрэх үү

“Aspire Mining”-ийн хувьцаа эзэмшигч “Noble” групп Овоотын уурхайг Транс-Монголын төмөр замтай холбох 581 км төмөр замыг тавихад шаардлагатай 1.3 тэрбум ам.долларын 10 хувийг санх үүж үүлэхээс гадна, таван сая ам.долларыг хоёр жилийн хугацаатай зээлд үүлэхээр болсон талаар www.aspiremininglimited. com-д мэдээлжээ. Ингэснээр “ “Aspire Mining” дэх эзэмшлээ 14.9 хувьд хүргэж, Удирдах зөвлөлд нь багтахаар болж байгаа юм байна. Уг нь “Aspire Mining”-ийн танилцуулснаар “барьж байгуулах-эзэмших-ашиглах” нөхцөл бүхий концессын гэрээний үндсэн дээр Оросын төмөр замын РЖД компанитай хамтрах талаар урьдчилсан яриа хэлэлцээрүүд хийж байсан. Харин одоо “Noble” гэх үндэстэн дамнасан үйл ажиллагаа явуулдаг олон улсын групптэй хамтрахаар болжээ. “Noble”-ийн албан ёсны сайтад бичсэнээр, таван тивийн 4000 гаруй компанитай хамтран ажилладаг, дэлхийн 38 оронд 150 гаруй оффис, үйлдвэртэй, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, уул уурхай, эрчим хүчний салбарын ханган нийлүүлэгч групп юм байна. 1986 онд байгуулагдсан, Сингапурын хөрөнгийн биржид бүртгэлтэй. Хөрөнгө оруулалтын үнэлгээний “Moody’s investors” компанийн үнэлгээгээр Baa3 буюу хөрөнгө оруулах боломжтой зэрэглэлд орж байсан. Харин “Standard and poor’s”-ийнхээр ВВВ зэрэглэлд орсон. Дэлхийн хэмжээний гэж хэлж болох ийм нэг компани Монголын хойд нутагт тавих төмөр замын төсөлд хамтрахаар болж байна. Харин “Aspire mining”-ийн Монголын хойд бүсэд эзэмшиж буй лиценз, тавих гэж буй төмөр зам нь цаашид маргаан дагуулахгүй гэдэг нь эргэлзээтэй. УИХ, Засгийн газар төрийн бодлоготой нийцээгүй төмөр замын асуудлыг нь эргэн харж улмаар хүчингүй болгож ч мэдэх юм. Тиймээс “Noble” ийм төсөлд хөрөнгө оруулснаараа өөрсдөө энэ эрсдэлийг хүлээх үү, эсвэл Засгийн газрыг шүүхэд бас өгөх үү?

Үүнээс үүдэлтэй хариуцлагыг хэн үүрэх вэ. Монгол Улсын стратегийн ордыг хэсэгчлэн хулгайлж, хууль бус замаар төмөр зам тавих шийдвэр гаргуулснаараа гаднын хөрөнгө оруулагчийн эрх ашгийг “Aspire mining” хариуцаж чадах уу?

Эсвэл, хууль бус хулгайг нь мэдсээр байж таслан зогсоогоогүйнхээ төлөө Монголын төр, засаг олон улсын шүүхэд дуудагдах уу?

Энэ мэтчилэн эргэлзээтэй олон асуудал Хөвсгөлийн Овоот ордтой холбоотойгоор үүсэж мэдэхээр байна. Тиймээс “Aspire mining” Могойн голын стратегийн ордыг Овоот болгон хэсэгчлэн хуваасан нь хулгай мөн эсэх, Овоот-Мөрөн-Эрдэнэт чиглэлд төмөр зам тавих Засгийн газрын шийдвэр хууль зөрчсөн, үгүйг холбогдох байгууллага болон УИХ, Засгийн газар эцэслэн нэг тийш шийдэх хэрэгтэй болов. Засгийн газар Стратегийн ордын бас нэгэн хулгай болох Шивээ- Овоогийн 75.6 хувийг эзэмшиж байсан “Шинэ Шивээ” компанийн лицензийг хүчингүй болгосон. Харин одоо Могойн голын стратегийн ордыг хэсэгчлэн эзэмшсэн “Aspire mining” компанийн хууль бус лиценз, хуудуутай төмөр замыг яах гэж байна вэ?

Тоймч Д.Оюун-Эрдэнэ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top