Монголын Засгийн газрыг ялах итгэл “Хан ресурс”-д бий..

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 06

Монголын “Мон-Атом”, ОХУ-ын “Атомредметзолото” компанитай хамтарсан  “Дорнод Уран” үйлдвэр байгуулах ажил өнгөрөгч онд эхэлнэ гэж байсан ч, урагшлаагүй. Нэг талаас  Хан ресурсын зарга бүрэн шийдвэрлэгдээгүй байхад энэ төсөл ажил болно гэдэг боломж муутай юм. “Дорнод Уран” үйлдвэр арван онд цаасан дээр байгуулагдаж манайх 51, Оросууд 49 хувьд эзэн суух болсноор Канадын Хан ресурсын зарга эхэлсэн. Тус компани өнгөрөгч оны сүүлийн сард гаргасан мэдэгдэлдээ Монголын Засгийн газрын эсрэг арбитрын шүүхэд дахин хандаж байна гэсэн байсан.  

Ер нь бол тэд Монгол, Орос хоёр нийлж байгаад өөрсдийг нь шахаад гаргачихлаа гээд бөөн асуудал үүсгэсэн. Тэгээд л Оросын  “Атомредметзолото”  болон түүний салбар компани болох хувь нийлүүлсэн Приаргуны Уул уурхай, химийн үйлдвэрлэлийн нэгдлийн эсрэг нэхэмжлэлийг Онтариогийн Дээд шүүхэд гаргаад ялалт байгуулчихсан. Хэдийгээр Оросын Хууль зүйн яам  Хан ресурсын нэхэмжлэлийг хүлээж авах үндэслэлгүй гэдэг тайлбарыг өгсөн ч Канадын шүүх нутгийнхаа компанийн талд заргыг шийдвэрлэсэн. Харин манай Засгийн газрын эсрэг гаргасан нэхэмжлэл нь нэг тийш болж шийдэгдээгүй сунжирч байна.  Ямартай ч,  манай тухайд яах аргагүй ялна гэх үгийг ЦЭГ-ын экс дарга хэлж байсан удаатай.

Монгол, Оросын Засгийн газрууд тус ордыг түшиглэн Дорнод Уран хамтарсан компани байгуулахаас өмнө Монгол, Орос, Канад гурван улсын хамтарсан  “Төв Азийн уран” гэж компани үйл ажиллагаагаа явуулж байсан.  Төв Азийн Уран компанийн 58 хувь  Хан ресурсын мэдэлд, үлдэх 42 хувийг нь Монгол, Орос хоёр тэнцүү хуваан эзэмшиж байсан юм. Харин манайх Оростой нийлэн Канадыг шахсанаар  олон улсын шүүхэд  дуудагдах замаа шулуутгасан юм.

Хан ресурс компанийн зүгээс  “…Монгол улсын Цөмийн энергийн газар өөрсдийг нь буруутгаж, эрх сонирхолыг нь үл харгалзан ОХУ-ын “АРМЗ” компанитай Дорнодын ураны орд газрыг ашиглах гэрээг байгуулсныг, мөн хэд хэдэн хууль тогтоомжинд эд хөрөнгийг нөхөн олговоргүй хураан авах нь хууль бус гэж заасан учир өөрсдийнх нь  нэхэмжлэл маш сайн үндэслэлтэй”  гэж онгирч ирсэн билээ.

Уг нь одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Ашигт малтмалын тухай хуулиар бол Монголын төр улсын төсвөөр эрэл хайгуулыг нь хийсэн орд газруудын 51 хувийг эзэмших ёстой. Тэр ч үүднээс Дорнодын ураны бүлэг орд дахь эзэмшил тийм хэмжээнд байх ёстой тул Оросуудаас 8  хувийг, Хан ресурсээс 22 хувийг нь өөртөө шилжүүлэн авсан гэх.

Гэтэл Хан ресурсын зүгээс манайхыг буруутгадаг. Монголын Засгийн  газар “Хан ресурс”  компанийн хувьцааг Оросын талаас төрийн өмчит  “Атомредметзолота”  компани худалдаж авах санал дэвшүүлэхэд юм дуугараагүй хэрнээ Хятадын CNNC группээс  хувь эзэмших хүсэлт  тавих үед нь   “Хан ресурс”-ын лицензийг  хүчингүй хэмээн мэдэгдсэн нь  “АРМЗ” компанитай нийлэн Дорнод Ураныг байгуулах гэсэндээ хийсэн алхам гэж үздэг. Ерөөс Оросын төрийн өмчит  АРМЗ болон түүний салбар компаниуд   Дорнодын ураны бүлэг ордод Монголын засгийн газартай хамтарсан компани байгуулах, “Хан ресурс”  компанийн  Монгол дахь үйл ажиллагаанд эргэлзээ төрүүлж, “Төв Азийн Уран” компанийн  хувь эзэмшигч бөгөөд Хан-тай стратегийн хэлэлцээр хийсэн Монголын төрийн өмчит компани болох Мон Атом ххк-тай  тогтоосон эдийн засгийн харилцаанд хөндлөнгөөс оролцон,  CNNC Overseas Uranium Holding Ltd-ийн хувьцаа худалдах авах илт давамгай саналд хөндлөнгөөс оролцож Монгол дахь Хангийн үйл ажиллагааг зогсоох зорилготой үйл ажиллагаа явуулсан нь  “Хан Ресурс”” компанид их хэмжээний хохирлыг учруулсан гэдэг юм.  

Түүнчлэн  “…Монгол улсын Цөмийн энергийн газар өөрсдийг нь буруутгаж, эрх сонирхлыг нь үл харгалзан ОХУ-ын “АРМЗ” компанитай Дорнодын ураны орд газрыг ашиглах гэрээг байгуулсныг, мөн хэд хэдэн хууль тогтоомжинд эд хөрөнгийг нөхөн олговоргүй хураан авах нь хууль бус гэж заасан учир өөрсдийнх нь  нэхэмжлэл маш сайн үндэслэлтэй”  гэж онгирдог. Заргаа авахын тулд өөрсдийн эрх ашгийн талд шийдвэрлүүлэхийн тулд  эрчимтэй ажиллах болно”  гэж албан ёсоор мэдэгдэж байсан. 

Харин Цөмийн Энергийн Газраас    “ Хан ресурс    ХХК,  Төв азийн уран ХХК-иуд нь өөрсдийн зөрчил дутагдлыг хавхавчлах, олон нийт болон өөрийн компаний хувьцаа эзэмшигчдийг хууран мэхэлсэн туйлын хариуцлагагүй үйлдэл гаргаж байгаа бөгөөд хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллахгүй, төрийн хууль тогтоомжийг үл хүндэтгэж байгаад эмзэглэж байна. Иймд дээр дурдсан компаниудын тусгай зөвшөөрлийг шинэчлэн бүртгэж олгох боломжгүйг албан ёсоор мэдэгдэж байна.  Мөн  Монголын уранаар барьцаа болгон Олон улсын хөрөнгийн биржид 48 сая ширхэг хувьцаа гарган арилжихдаа, нийт хувьцааны 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр борлуулах ёстой хуулийг,   Аж ахуйн  тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулиудыг удаа дараа зөрчсөн “ Хан ресурс”   компани хууль зөрчсөн алхмуудаа засаж залруулсан  бол,  лицензийг нь сэргээхэд бэлэн байсан”  хэмээн мэдэгдэж  байв. Талууд бие биедээ ийм маягийн гомдолтой байгаа.

Энэ дашрамд өгүүлэхэд,  зарга мөдхөн шийдэгдэж ч мэднэ. Бүр илүү удаж ч мэднэ.Хэрэв тэгээд стратегийн ач холбогдолтой орд газраар барьцаа хийн олон улсын биржид хувьцаа гаргасан компани хувьцааныхаа 10-аас доошгүй хувийг дотоодын биржээр борлуулах ёстой гэсэн заалт Ашигт малтмалын тухай хуулийн шинэ төслөөс хасагдсан чигтээ явчихвал манай талаас Хан ресурсыг буруутгаж байгаа асуудлуудын нэг нь хүчингүй болох жишээтэй л юм. За тэгээд тэр хүртэл бас багагүй юм болох биз. Ямар ч байсан бид эхлээд 200 сая ам.долларын өрөнд орохгүй мултарчихвал тун сайн. Лав л өмнөх Засгийн үеийн нөхдүүд энэ заргаас айдаггүй байсан. Шинэчлэгч засгийн нөхдүүд харин яадаг юм бол..

Э.Болорхажид

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top