Далай лам: “Би жирийн нэг лам. Илүү, дутуу юу ч үгүй”

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 10

Түвдийн ард түмний оюун санааны удирдагч 14-р Далай лам Тэнзин Гяцо 1935 оны 7 сарын 6-ны өдөр, Түвдийн зүүн хойт хэсэгт орших Такцэр хэмээх бяцхан ядуу тосгонд тариачны гэрт мэндэлжээ.

Тэнзин Гяцогийн эцэг эх хүүдээ Лхамо Дхондруп гэдэг нэр хайрласан ба тэрээр 16 хүүхэдтэй айлын 9 дэх хүүхэд байжээ. Түүнийг хорвоод мэндлэхээс 2 жилийн өмнө 13-р далай лам бие барсан ба тухайн үед буддын шашны зүтгэлтнүүд хойд дүрийг нь тодруулах эрэлд гараад байсан юм.

1937 онд хайгуулын багийнхан Лхамо Дхондруп хүүгийн гэрт ирж зохих шалгалтыг авч, энэ хүү бол далай ламын хойд дүр гэсэн дүгнэлт гаргажээ. Ингэж 14-р далай лам тодорсон байна. 1940 оны 2 сарын 22-нд далай ламыг сэнтийд нь залах ёслол хийж, Лхамо Дхондруп хүү Джецун Джампел Нгаванг Йеше Тэнзин Гяцо гэдэг нэртэй болов.    
Үүний дараа тэр Потале, Нор-бу Линге ордонд суралцан, 24 настай байхдаа шалгалт өгч эрдмийн хэргэм цол хүртжээ. Хамгийн сүүлийн шалгалтаа 20 мянган эрдэмтэн хуврагийн өмнө 641 онд баригдсан Түвдийн хамгийн анхны буддын шашны сүм –Жокханг-д өгсөн байна.

1950 оны 11 сарын 17-нд Далай лам Түвдийн улс төрийн эрх мэдлийг хүлээн авсан ба 1951 онд Түвд нь БНХАУ-ын нэг хэсэг болжээ. 1959 онд далай лам Хятадуудтай энх тайвнаар зэрэгцэн орших гэрээ байгуулах гэж хэд хэдэн удаа оролдсон байна. Далай лам 1951-1959 онд Бүх Хятадын ардын их хурлын төлөөлөгч байжээ.

1959 онд Түвдэд хятадын эсрэг хөдөлгөөн өрнөж, тэдний бослогыг хятадууд хүчээр даржээ. Далай лам 1959 оны 3 сарын 17-нд Энэтхэг рүү цагаачлан Химачал-Прадеш мужийн Дармасала хотод суурьшсан байна. Далай ламын араас олон түвдүүд Энэтхэгт ирж, тэрээр хилийн чанад дахь Түвдийн засгийн газрыг байгуулжээ.

Энэтхэгт байгаа Түвдүүдийн соёлыг хадгалахын тулд сургууль байгуулсан байна. 1963 онд дээрхийн гэгээнтэн хүний эрхийн түгээмэл тунхаглал, буддын гүн ухаанд үндэслэсэн ардчилсан үндсэн хууль баталжээ. Далай лам Европ, Америк, Азийн орнуудаар олон удаа аялж, дэлхийн 40 гаруй улсад айлчлан очжээ. 14-р Далай лам Буддын шашин, Түвдийн анагаах ухааны чиглэлээр олон арван ном бүтээл туурвисан бөгөөд 1989 онд Нобелийн энх тайвны шагнал хүртсэн билээ.

Дээрхийн гэгээнтэн үргэлж “Би жирийн нэг лам. Илүү, дутуу юу ч үгүй” хэмээн хэлэх дуртай аж. 

Д.Мягмарсүрэн 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top