Богд ламын Дүйчэн өдөр Зулын 25-нд болох галын тахилгын зан үйлийн утга учрын талаар Б.Соронзонболд лам /МБШТөв- Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Шашны дээд сургуулийн багш/ -аас тодрууллаа.
-Энэ жил зулын 25-нд гал тахилгын зан үйлийг сэргээж нийтээрээ монгол уншлагаар унших үйл ажиллагааг хийж байгаагаараа их онцлогтой гэсэн байна. Энэ талаар тодруулна уу?
-Зулын 25-ны их дүйчин өдөр 15:00 цагт Жанрайсэгийн урд талбайд гал тахих үйл болно. Энэ зан үйлийг Монгол хэлээр унших нь энэ жилийн онцлог юм. Хамба номун хаан ширээнд залрахдаа МБШТөв- Гандантэгчэнлин хийдийн хурал номноос тодорхой уншлагуудыг Монголоор уншдаг болье гэсэн уриалга өрнүүлээд тэр ажил маань үе шаттай хэрэгжиж байна. Үүний нэг нь гал тахих зан үйлийг Монголоор унших энэ үйл явдал юм. Гал тахих судрууд Монгол бичгээр ч төвд хэлээр ч туурвисан олно янзын судрууд байгаагийн дотроос бид бүхэн Монгол ламын зохиосон гал тахилгын судрыг сонгож аваад орчуулаад олон нийтээр уншихад бэлэн болоод байна. Гал тахилгын зан үйлийг Жанрайсэг дацангийн лам хурвагууд голлон хийнэ. Бурханы шашинд энэ зан үйлийн учир холбогдлыг юу гэж үздэг вэ гэдгийг тайлбарлая. Зүгийг тэтгэгч 15 тэнгэр бий гэж үздэг түүний нэг тэнгэр нь галын тэнгэр юм. Зүүн урд зүгт морилж, галыг эрхшээлж галд оршиж байдаг гэж үздэг. Эдгээр 15 тэнгэрт ном эрдэмд нь барцад саадгүй байх, мөн эннэ насанд өвчин зовлон тэргүүтэй янз бүрийн саадаас хамгаалж байхаас даатгаж ирсэн уламжлалтай.
-Гал тахилгын зан үйлийн гол агуулга, дараалал нь ямар байдаг вэ?
-Урин заллага гэж байна. Үүнд лам нар хоосон чанар, бодь сэтгэлийг үүсгэж урин зална. Гал бурханыг дүрслэхдээ улаан сэрх ямааг хөглөлөсөн дөрвөн мутартай, цагаан өнгөтэй торгоор өөрийн биеийн чимсэн дүртэй хэмээдэг. Гал бурханыг зүүн урд зүгээс урин залж галд оршоох зан үйл юм
Тахил өргөлийн хэсэг гэж байна. Энэ бол нийтийн бусын тахил өргөдөг. Балин тэргүүтэй тахил өргөлийн зан үйл болно
Үйлс даатгалын хэсэг гэж байна. Энд дөрвөн үйл даатгадаг.
Галын хишиг даллага гэж байна. Нийт Монголын ард түмнийг сайн, сайхан байлгах хэрэгтэй эд зүйлс оюун ухаан бүх зүйл нь дэлгэрч сайн сайхан байхыг даатгадаг энэ үйл болно. Төгсгөлд нь Өлзий оршоолго буюу Өлзий хутгийг оршоох ийм хэсгүүдээс гал тахилгын зан үйл бүрдэж байгаа юм. Нийт сүсэгтэн олон та бүхэн идэвхтэй оролцож монгол хэлээр дагаж унших боломжтой юм. Энэ мэт олон сайхан үйл явдал зохион байгуулж байна.
Сэтгэгдэл ( 0 )