Эмчлүүлэх гэж очоод эдгэрэшгүй өвчинд нэрвэгдсээр байх уу?

2 цагийн өмнө

Цэргийн төв эмнэлгээс түгшүүрийн дохио хангинав. Сошиал, нийгмийн сүлжээгээр нэг шуугиан болж байна. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан яаран сандран хүрч очив. Эмчлүүлэхээр очсон олон хүн, түүний дотор нас барсан нэгэн өвчтөнийг эмчилж байсан, цогцост нь задлан шинжилгээ хийсэн эмч нар эрүүл мэндээрээ хохирч эдгэршгүй өвчинд “нэрвэгдсэн байж” мэдэхээр нөхцөл байдал тэнд үүсчээ. Учир нь тус эмнэлэгт ДОХ-ын халдвартай хүнийг мэдэлгүй бусад өвчтөнтэй хольж бөөрний үйл ажиллагаа дэмжих аппаратад оруулсан, тийм халдвартайг нь ч мэдэлгүй өөд болсон хойно нь эмч нар “нүцгэн гараараа” задлан хийсэн байж болзошгүй ноцтой явдал болсон байна. 

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан үүсээд буй ноцтой хэргийн талаар мэдээлэл өгөхдөө "Эрүүл мэндийн яамны Салбарын хяналтын газраас холбогдох хяналт шалгалт хийж байна. Эмнэлгийн байгууллагууд өвчтөн хүлээн авахдаа элэгний вирус болон ДОХ-ын халдварын шинжилгээнд хамруулж, нягталдаг.

Тухайн иргэн 2024 оны аравдугаар сард Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Ямар нэгэн вирусийн халдвартай хүмүүсийг энгийн хүмүүсээс тусдаа аппаратад оруулж, үйлчилдэг. Эрүүл мэндийн энэ стандарт норм алдагдсан, бусад эмчлүүлэгчдэд ДОХ-ын халдвар халдах эрсдэл байсан уу гэдгийг шалгаж тогтооно" гэв. Энэ бол мэдээлэл хийгээд өнгөрөх энгийн асуудал бус.

Болсон үйл явдал гэвэл Цэргийн төв эмнэлэгт өнгөрсөн аравдугаар сарын эхээр очиж хэвтсэн Б гэх иргэн арав хоног тус эмнэлэгт эмчлүүлээд нас баржээ. Ар гэрийнхэн нь эмнэлгийн байгууллагад анх хандахдаа эдгэршгүй хүнд өвчтэй хүн сүүлийн өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн. Биеийн байдал нь муудсан гэсэн дуудлага өгч, тэр дагуу Цэргийн төв эмнэлгийн Хордлогын тасагт хүргэжээ. Эдгэршгүй хүнд өвчин гэдэг нь ДОХ гэдгийг ар гэрийнхэн мэддэггүй, мэдсэн ч эмнэлэгт хэвтүүлэхдээ хэлээгүй бололтой. Хүлээж авсан эмч нар нь ч Т.Мөнхсайхан сайдын дээр хэлсэнчлэн “Эмнэлгийн байгууллагууд өвчтөн хүлээн авахдаа элэгний вирус болон ДОХ-ын халдварын шинжилгээнд хамруулж, нягталдаг” гэсэн журам, горимыг мөрдөөгүй байж мэднэ.

“Архинд хордсон хүн ирж” гэсэн ойлголттойгоор л Цэргийн төв эмнэлгийн эмч нар хордлого тайлах эмчилгээ хийж, “Бөөрний дутагдал” гэсэн онош тогтоосон юм байх. Улмаар ДОХ-ын халдвар тээгч гэдгийг нь мэдэлгүй архины хордлого тайлах эмчилгээ хийж, бөөрний үйл ажиллагааг нь дэмжихээр бөөрний гемодиализ аппарат залгаж, нас барахад нь эмч нар элдэв хамгаалалтгүйгээр задлан шинжилгээ хийсэн байж болзошгүй. Цэргийн төв эмнэлгийн Бөөр судлалын тасаг  гемодиализын гурван аппараттай, түүний нэгд ДОХ-ын халдвартай иргэнийг оруулсан гэх. Чухам хэчнээн хүн ДОХ-ын халдвартай иргэний орсон аппаратыг дамжуулж хэрэглэсэн нь ч тодорхой бус аж. Түүндээ бантсан уу, Цэргийн төв эмнэлгийнхэн тэр байдлыг сар гаруй нуугаад, сая ил болж шуугиж буй нь энэ ажээ. Аппаратад  орсон иргэдээс шинжилгээ авч, эмнэлгийн хяналтад байлгаж байгаа сураг гарсан.

Т.Мөнхсайхан сайд “Цэргийн төв эмнэлэгт ДОХ-ын халдвартай иргэн нас барсан нь үнэн юм байна лээ. Би холбогдох хүмүүсээс энэ талаар  тодруулсан. Тэд зохих ном журмын дагуу шаардлагатай арга хэмжээ авсан гэж тайлбарласан. Хэрэв ДОХ-ын халдвартай гэдгийг нь мэдэлгүй бусадтай хольж олон хүнийг эрсдэлд оруулсан байвал зохих журмын дагуу арга хэмжээ авна. Бид шаардлагатай бол шалгалтын ажиллагаа явуулна” гэжээ. Ямар боловч ЭМЯ шуурхай шалгалт хийхээр болж. Түүгээр бүх зүйл тодрох биз. Хэрэв үнэхээр тийм хариуцлагагүй үйлдэл болж, олон хүнийг хохироосон бол томоохон асуудал дэгдэнэ. Аз болж ДОХ-ын халдвартай иргэнийг дүрэм, журмын дагуу шинжилгээ хийн хүлээж аваад, номын дагуу эмчилгээ хийсэн нь тогтоогдсон ч бас л эмчлүүлэхээр очсон олон хүнийг сэтгэл зүйн дарамтад өртүүлсэн, түүнээс болж хүнд өвчтэй хүмүүсийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөн байвал бас л хариуцлага тооцогдож таарна. ДОХ-той иргэнийг номын дагуу шинжилж, бусад өвчтөнүүдээс тусад нь эмчилсэн байгаасай гэх итгэл л үлдэж байна.

Ийм тохиолдол анхных биш. Одоогоос 14 жилийн өмнө, 2010 оны есдүгээр сард ДОХ-ын халдвартай донорын цусыг мэдэлгүйгээр 14 хүнд сэлбэсэн талаар ЭМЯ нуусан гэсэн хэрэг мандаж байсан. Тэдний дунд олон хүүхэд байсан гэдэг. Халдвар авахаас өмнө нийлүүлсэн цуснаас нь л тэр 14 хүнд сэлбэсэн байгаасай гэж тухайн үед ЭМЯ-ныхан сандарч байсан юм гэнэ лээ. Тухайн донор нь 2008-2010 онд цусаа хандивлаж байсан бөгөөд ДОХ-ын вирусын халдвар тээгч болох нь лабораторийн шинжилгээгээр батлагдаж байжээ. Гадаад орнуудад ч ийм тохиолдол гарч байв.

Тэгэхээр ЭМЯ, эмнэлэг, эмч нар ном, журмаа ягштал барьж ажиллахгүй бол, ар гэрийн хэн нэгний амаар онош тавьж хуумгай хандаад байвал иргэд эмчлүүлэх гэж очоод хэзээ ч эдгэршгүй өвчинд олзлогдсоор байх нь байна шүү.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top