Хятадын үнэд автахаа больсон нь сайн хэрэг, Гэхдээ..

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 15

Бид зөвхөн Тавантолгойгоор монголын нүүрсийг төсөөлөх ёсгүй. Манай улсын нүүрсний геологийн таамаг нөөц 175 тэрбум тонн, цаашдаа өсөх магадлалтай  гэж тогтоосон.  Харин 9,8 тэрбум тонн нүүрсний нөөцийг урьдчилсан болон нарийвчилсан хайгуулын үр дүнгээр баталгаажуулан 15 сав газарт хамаарагдах нийт 300 гаруй орд, илрэл  байгааг тогтоожээ. Түүнчлэн Монгол Улсын эдийн засагт энэ ашигт малтмалаас хамаарах хамаарал нэмэгдэнэ үү гэхээс багасах янзгүй байна. Засгийн газраас экспортын чиг хандлагатай үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд уул уурхайн салбарыг улс орны эдийн засгийн тэргүүлэх салбар болгон тодорхойлсны дотор нүүрсний салбар тэргүүлэгчийн байр суурьтай яваа. Тэрчлэн нүүрсний үйлдвэрлэлээс үр ашиг үзэхийн тулд шийдэх ёстой олон асуудлууд бий.    

Ямартай ч өнөөдрийн биш ирэх жилүүдийн прогнозыг харахад манай өмнөд хөрш Хятад улсын нүүрсний хэрэглээ улам өснө. Харин Австралиас бусад томоохон нүүрс нийлүүлэгчид экспортын хэмжээгээ багасгах магадлалтай байгаа нь манайханд боломж ирнэ гэсэн үг. Түүнчлэн боломжийг бодит үр дүн болгохын тулд хэд хэдэн арга хэмжээг авах шаардлагатай гэдэг дээр мэргэжилтнүүд байр сууриа нэгтгэж ирсэн нь эхнээсээ үр дүнд хүрээд байгаа янзтай байна. Тухайлбал, Монголд нүүрсний дотоодын болон экспортын үнийг нээлттэй, шударга механизмаар тогтоодоггүй гэдэг дээр үйлдвэрлэгчид ихээхэн гомдолтой хандаж ирсэн. Хятадын нүүрсний үнийг жишиг үнэ болгож үүнээс татвар, хураамжийг тооцож байгаа талаар салбарынхан шүүмжлэлтэй ханддаг. Хятадын жишгийг дагасан үнэд 17 хувийн НӨАТ ба тээврийн зардал шингэсэн байдаг. Тиймээс дотоодын компаниуд илүү татвар төлж байгааг, гол нь төр засгийн дэмжлэгтэйгээр дотоодын компаниудын орлого танагдаж байгаа талаар яригддаг байсан.  Тэгвэл өнгөрөгч оны сүүлээс эхлэн Монголын нүүрсний экспортын үнийг  Хятадын  www.coalworld.net сайтад нийтлэгдсэн Хятадын үнээр жишиглэн тогтоохоо больжээ.

Харин “Сангийн яамнаас санаачлан боловсруулсан Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 74 дүгээр тогтоолын дагуу нүүрсний жишиг үнийг 2012 оны 11 дүгээр сарын 1-ээс 2013 оны 4 дүгээр сарын 1-ний хооронд Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нүүрс борлуулж, экспортод гаргах гэрээний үнийг баримтлан тогтоох болсон байна. Тэгэхээр энэ бол нааштай үр дүн гэж харагдаж байна. Гэхдээ том асуудлын нэг хэсэг. Цаашлаад нүүрсний салбарын урт хугацааны хөгжилд анхаарсан арга хэмжээнүүд авагдах ёстой. Манай улс нүүрсний аж үйлдвэрийн чиглэлээр төрөөс баримтлах тулгуур бичиг баримтгүй явж ирснийг шүүмжлэх талууд цөөнгүй.

Уг нь  “Нүүрс” хөтөлбөр гээчийг 2006 онд боловсруулан Засгийн газар,  УИХ-д оруулсан байдаг ч, гацчихсан байдаг. Харин нүүрсний салбарынхан 2009  онд анхдугаар  зөвлөгөөнөө хийхдээ энэ асуудлыг дахин гаргаж тавьсан.  Тэр үед Ашигт малтмалын газрын Нүүрс судалгааны хэлтсийг ахалж байсан С.Алтанхуяг эрхэм хэлэхдээ “Бүхэл бүтэн энэ том салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичиг байхгүй байна. Цаашид дунд болон хэтийн ямар чиглэлийн бодлого  баримтлах вэ. Нүүрсний салбарын үндсэн баримт бичигтэй болъё гэж ярилцаад нүүрс, уул уурхайн салбараа сайн мэдэх Х.Бадамсүрэн, Шинэбаяр нарын УИХ-ын гишүүд уг саналыг хүлээн авч, дэмжиж  “Нүүрс” хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах ажилд орсон. Бид хөтөлбөрийнхөө төслийг эцсийн байдлаар шинэчлэн боловсруулж, “Монгол нүүрс” хөтөлбөр гэж нэрлээд ЭБЭХЯ-нд, УИХ-ын гишүүдэд өгсөн. УИХ-д  ажлын хэсэг байгаа. Энэ хаврын чуулганаар батлагдах болов уу гэж найдаж байна.” хэмээн ярьсан. Гэтэл тэдний найдвар талаар болсон билээ.

Тулгамдсан асуудал цөөнгүй энэ салбарт “Монгол нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр нүүрсний салбар эрүүлжих үү. 2006 онд боловсруулсан  “Нүүрс” хөтөлбөрөөс гол  давуу тал нь юу вэ? гэдэг асуултад С.Алтанхуяг дарга:

-2006 оны “Нүүрс” хөтөлбөртэй харьцуулахад төрөөс нүүрсний аж үйлдвэрийн салбарт баримтлах үзэл баримтлалыг үндсэн таван функтээр гаргаж өгсөн. Нүүрсний олборлолтын үйлдвэрлэл явуулж буй аж ахуй нэгж,  компаниудын эдийн засгийн чадавхийг сайжруулж, санхүүгийн бие даасан нөхцөл байдлыг бий болгоход төрөөс шууд дэмжинэ гээд заачихсан. Мөн  экспорт, боловсруулалтын асуудал хурцаар тавигдаж байгаа. Түүхий нүүрсний хэрэглээг аль болох хязгаарлаж, эрчим хүчний дотоодын хэрэглээнд ч, экспортод гаргаж буй нүүрсийг ч боловсруулъя. Нэмүү өртөг шингэсэн, дэлхийн стандартад нийцсэн  бүтээгдэхүүн болгож дэлхийн зах зээлд гаргая.  Экологийн цэвэр түлш болгож,  ахуйн хэрэглээнд нийлүүлье гэсэн томоохон зорилт тусгагдсан. Ер нь нүүрсний боловсруулалт, экспорт бол Монголд цоо шинээр төлөвшиж байгаа чиглэл. Бид одоо боловсруулъя, гаргая гэж л яриад байна. Гэтэл энэ чиглэлийн мэргэжлийн боловсон хүчнээ бэлтгээгүй шүү дээ. Тийм учраас үндэсний мэргэжлийн боловсон хүчнийг дотоод гадаадад бэлтгэх талаар хөтөлбөрт оруулсан” гэж байсан.

Одоо харахад бол нүүрсний олборлолтын үйлдвэрлэл явуулж буй аж ахуй нэгж,  компаниудын эдийн засгийн чадавхийг сайжруулах тухайд дотоодын станцуудаа тэжээгч төрийн өмчит уурхайнуудаа төр татаас өгч гурвалсан өр ширийн асуудлыг шийдэх тал дээр арга хэмжээ авсныг тэмдэглэх хэрэгтэй байх. Харин нүүрсний  экспорт, боловсруулалтын хувьд цэгцтэй бодлого гарч, ажил хэрэг болсон юм алга байна.

Уг нь судалгаанаас харахад нүүрсний салбарт тухайлсан удаан хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг гаргахдаа олборлолтоос авахуулаад баяжуулах, коксийн үйлдвэрлэл эрхлэх  эцэст нь цахилгаан станц байгуулах гэх мэт нүүрсний боловсруулалт ба ашиглалттай холбогдолтой бүхий л зохицуулалтыг агуулсан цогц бодлого боловсруулах ёстой гэдэг. Мэдээж экспортоо нэмэгдүүлэх тухайд нөгөө талд зах зээлийн эрэлт өндөр байгаа бол манай тухайд дэд бүтцийн асуудлуудаа урагшлуулах ёстой. Гэтэл төмөр замын дэд бүтцийн төсөл  нь өнгөрсөн хугацаанд унтчихсан байсан. Одоо нэг сэргэх нь үү, яах нь уу. Ямар ч байсан шинэ төмөр замын төсөлд өргөнөөр оролцоно уу гэсэн урилгыг манай талаас гаргасан байна.

Нүүрсний салбарт хийж байгаа ажлуудыг харахад нэг ийм.

Э.Болорхажид

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top