“Оюутолгой” төслийн хэрэгжилттэй холбогдуулан Ерөнхий сайд Н.Алтанхуяг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийх үеэр “Оюутолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээс Ерөнхийлөгч асан Н.Багабандийг чөлөөлөх ёстой гэх байр суурийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд илэрхийлж байсан билээ. Тэгвэл Засгийн газрын төвшинд “Оюутолгой” ХХК-ийн Монголын талыг төлөөлсөн гурван гишүүний нэг болох Н.Багабандийг чөлөөлөх асуудлыг хөндөх болсон аж. “Оюутолгой” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хуралдаан хоёрдугаар сарын 6-нд зарлагдаж, Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун нар орж тодорхой асуудлыг тавьсан ч тэр хүрээнд асуудал шийдвэрлэгдээгүй, дахин энэ сарын сүүлээр хурал зарлахаар болсон юм.
Монголын талаас “Оюутолгой” компанийн хөрөнгө оруулагч талд тавьж буй шаардлага хатуухан байгаа нь нэг талдаа Засгийн газрын зүгээс Н.Багабандийг ТУЗ-ийн гишүүнээс чөлөөлүүлж, өөрсдийн намаас хүнээ томилуулах гэсэн арга чарга нь байж болзошгүй аж. Нөгөөтэйгүүр, “Оюутолгой” төслийг хэрэгжүүлэхээр хоёр тал гэрээг байгуулснаас хойш иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс “УИХ-аас баталсан тодорхой тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газар ажиллаж чадахгүй байна” гэх шүүмжлэлийг өнгөрсөн хугацаанд тавьж ирсний зэрэгцээ “Оюутолгой” ХХК-ийн Монголын талын Төлөөлөн Удирдах зөвлөлийн гурван гишүүн Монгол Улсын төлөө зүтгэхгүй байна гэх мэдэгдлийг дагалдуулж байсан удаатай. Дээрх мэдэгдлийг дагаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, “Оюутолгой” компанийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн гишүүн П.Цагаан, “Хас” банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ч.Ганболд, Ерөнхийлөгч асан Н.Багабанди нараас “Монголын төлөө ажиллаад байна уу, Рио тинто” компанийн төлөө ажиллаад байна уу гэдгийг асуух цаг болсныг олон нийт сануулдаг байв. Гэвч сонгууль болж засаг төр солигдсоноор эхний ээлжинд МАН-ын нөлөө бүхий лидерүүдийн нэг Н.Багабандийг өөрчлөх асуудал сөхөгдөж эхэлсэн нь “АН-ынхан гэрээг сайжруулах гэхээсээ илүү өөрсдийн амин хувийн эрх ашигт нийцүүлэхийн тулд Н.Багабанди гэх “чөдөр”-ийг зайлуулахаас аргагүй болсон байж мэдэх талтай гэнэ. Хэрэв үнэхээр Монгол Улсын эрх ашгийг бодолцож байгаа бол дан ганц Н.Багабандийг “зайлуулах” бус П.Цагаан, Ч.Ганболд нарыг ч давхар өөрчлөх шаардлагатай. Шалтгаан бол хангалттай бий, наад зах нь “Оюутолгой” –н хөрөнгө оруулалтын гэрээг байгуулснаас хойш гурван жил болоход УИХ-аас баталсан хууль, тогтоолын төсөл хэрэгжээгүй, дээр нь хөрөнгө оруулагчид татварынхаа тайланг ил болгодоггүй. Монгол Улсын хуулийг гууль болгож байгаа хөрөнгө оруулагчдын хууль зөрчсөн үйлдэл хэрээс хэтэрхэд ТУЗ-ын гурван гишүүн нөлөөлж чадалгүй давраасан тул бүгдэд нь хариуцлага тооцох нь зүй ёсны гэж үзэх хэсэг байгаа юм. Гэвч Ерөнхий сайд Н.Алтанхуяг Ерөнхийлөгчөөс айгаад П.Цагааныг хөдөлгөж чадахгүй бололтой. Харин хамгийн түрүүнд Н.Багабандийг өөрчлүүлэх саналыг хөрөнгө оруулагч талаас гаргуулах нь чухал бололтой. Дараа нь “Алтан гадас” фракциасаа хүнээ томилуулах саналыг тавих аж. Одоогоор Н.Багабандийн оронд томилогдох “Оюутолгой”ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн хэн бэ гэдэг нууц байна.
Шинэчлэлийн Засгийн газрын томилгоо яам, агентлагуудаас эхэлж улмаар Тагнуулын байгууллагыг сэтлээд, Орос, Монголын хамтарсан үйлдвэрүүдийг дайрч өнгөрч байсан бол одоо “Оюутолгой” гэх компани руу чиглэлээ. Монгол Улсын эрх ашгийг хамгаалж чадах хүнийг “Оюутолгой” ХХК-ийн Монголын талыг төлөөлсөн ТУЗ-ын гишүүнээр томилоогүй цагт өмнийн говьд хөгжил даллаж байгаа гэх энэхүү төсөл үр ашгаа өгтөл нэлээд ярвигтай зам туулахаар дүр зураг буух болсныг энэ дамшрамд сануулахад буруудах юун.
Л.ЧУЛУУН
Эх сурвалж: www.new.mn
Сэтгэгдэл ( 0 )