“Вүүд Маккензи”, “Пийбоди Энержи”-гийн удирдлагууд нүүрсний чуулганд илтгэл тавина

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 19

 “COAL MONGOLIA-2013” нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын гурав дахь удаагийн олон улсын чуулга уулзалт энэ сарын 21,22-ны өдөр болох  гэж байна. Энэхүү чуулга уулзалтын талаар Уул уурхай яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуу, Уул уурхай яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү, АМГ-ын Нүүрсний хэлтсийн дарга Б.Алтсүх, Чуулга уулзалтын зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

“Coal Mongolia” нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэнгийн цар хүрээ жил ирэх бүр өргөжин тэлж буй. Олон улсад нэр хүнд нь өсч гадаадын хөрөнгө оруулагчдын оролцдог монголын нүүрсний салбарын хамгийн том олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэн юм. Чуулган нь Монгол Улсад хэрэгжүүлж буй нүүрсний хайгуул, олборлолт, боловсруулалтын төслүүдэд хөрөнгө оруулалт татах, байгаль орчинд ээлтэй, шинэ дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх, олон улсын харилцан үр ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлж Азийн бүс нутаг төдийгүй дэлхийн зах зээлд монголын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой. Түүнчлэн, нүүрсний үйлдвэрлэл, экспортын хурдацтай өсөлтийн үед салбарын өмнө тулгарсан асуудлыг төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид, судлаачид зэрэг бүхий л талын оролцоотойгоор хэлэлцэж, нэгдсэн шийдэл, шийдвэр гаргах түвшинд аваачихыг зорьдог.

Чуулга уулзалтын онцлог: Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд нүүрсний салбарын үзүүлэх нөлөө улам бүр нэмэгдэж буй энэ цаг үед “Coal Mongolia” чуулга уулзалтыг уламжлал болгон зохиогддог болсон нь ихээхэн ач холбогдолтой юм. Энэ удаагийн чуулга уулзалт гурав дахь удаагаа зохиогдож байгаа бөгөөд Шинэчлэлийн Засгийн газар нүүрсний салбарт баримтлах бодлогоо гадаад дотоодын хөрөнгө оруулагчдад танилцуулах нь юу юунаас илүүтэй онцлог юм. Мөн Ашигт Малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нээлттэй хэлэлцэж, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдад энэхүү хуулийн үзэл санааг хүргэж санал асуулга явуулж хуулийн төсөлд тусгах юм.

Түүнчлэн, чуулганд АНУ, ОХУ, БНХАУ, Канад, Япон зэрэг улсын Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд нар оролцож өөрийн орны нүүрсний салбарын талаар мэдээлэл өгөхөөс гадна хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн тэлж нүүрсний салбарт хамтран ажиллах боломжуудын талаар хэлэлцдэг. Чуулганы бас нэг онцлог нь хурлын дараа монгол, англи хэл дээр “Хурлын товхимол” буюу “Conference proceedings” гэсэн эмхэтгэл гаргах бөгөөд энэ нь оролцогч нарт томоохон хөтөч болдог. Мөн байгаль орчинд ээлтэй техник, технологи “Гар утасны аппликэйшн”-ийг шинээр нэвтрүүлж байгаа. Бид цааснаас аль болох татгалзах, апликэйшнийг гар утсандаа татаж аваад хурлын хөтөлбөр, илтгэл болон илтгэгч нарын мэдээлэл, үзэсгэлэн гаргаж байгаа компаниудын мэдээлэл, холбоо барих хаяг, утас зэргийг авах, хадгалах, цахим шуудангаар илгээх, сонирхсон илтгэлээ цагийн хуваарьтаа оруулах зэрэг олон үйлдлийг нэг дороос хийх боломж олгоно гэсэн үг. Чуулга уулзалтын хүрээнд чуулганы нэрэмжит үндсэн таван шагналыг гардуулна.

Үүнд:

1. Нүүрсний салбарын оны шилдэг хүн

2. Нүүрсний салбарын оны шилдэг олборлогч

- Экспортын нүүрсний компани

- Дотоодын нүүрсний компани

3. Оны шилдэг хайгуулын компани

4. Шилдэг сэтгүүлч зэрэг салбартаа тэргүүүлэгчдийг шалгаруулж шагнал гардуулах ёслолын үйл ажиллагааг зохион байгуулах аж.

Мөн 2 дугаар сарын 23-ны өдөр Монголын нүүрсний хамгийн том уурхай болох “Mongolian Mining Corporation”-ы Ухаа худаг, “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн Тавантолгой төслүүдтэй танилцах аялал зохион байгуулах юм.

Манай улсын нүүрсний геологийн таамаг нөөц 173,3 тэрбум тонн, цаашдаа өсөх магадлалтай гэж тогтоосон бөгөөд 21,5 гаруй тэрбум тонн нүүрсний нөөцийг урьдчилсан болон нарийвчилсан хайгуулын үр дүнгээр тогтоосон. 2012 оны жилийн эцсийн байдлаар ДНБ 18,6%, экспортын нийт бүтээгдэхүүний 87,7%-ийг уул уурхайн салбар эзлэж байна. Үүнээс Монгол Улс 31,1 сая тонн нүүрс олборлож үүнээс 20,5 сая тонн нүүрсийг экспортлож улсын төсөвт 828.5 тэрбум төгрөгийн орлого оруулсан байна.

 Энэ удаагийн чуулга уулзалтаар үндсэн 7 сэдвийн хүрээнд хэлэлцэж, чуулах болно. Тухайлбал, Монгол Улсын нүүрсний салбарын өнөөгийн байдал, чиг хандлага, Монгол Улсын нүүрсний салбар дахь олон улсын харилцаа, хамтын ажиллагаа, Нүүрсний зах зээл ба Монголын өрсөлдөх чадвар, Уул уурхайн салбарын хууль, эрхзүйн орчны талаар хэлэлцүүлэг, Эрчим хүч, дэд бүтэц, Нүүрсний салбар дахь хөрөнгө оруулалтын төслүүд, техник технологи, “Засгийн газрын цаг” хэлэлцүүлэг гэсэн үндсэн хэсгүүдээс бүрдэж байна. Чуулга уулзалтаар дэлхийн болон монголын нүүрсний салбарын өнөөгийн байдал, Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл санаа, эрчим хүч болон коксжих нүүрсний шинэ төслүүд, техник технологийн шинэчилэл, дэд бүтэц, төмөр замын сүлжээ, тээвэрлэлт, байгаль орчин, нөхөн сэргээлт, усны менежментийн талаар тулгамдаж буй асуудал, экспортыг нэмэгдүүлэх, гуравдагч зах зээлийг хэрхэн бий болгох гарцууд болон олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн тэлэх, монгол нүүрсийг өрсөлдөх чадварыг хэрхэн нэмэгдүүлэх зэрэг салбарын бүхий л чухал асуудлыг хэлэлцэж, илтгэлүүдийг тавих болно.

 Чуулга уулзалтад оролцох гадаад, дотоодын төлөөлөгчдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа билээ. Энэ жилийн хувьд 10 гаруй орны 700 гаруй төлөөлөгчид оролцоно. Чуулга уулзалт нь дан ганц асуудал хэлэлцэхээс бус уул уурхайн салбарт ханган нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын үзэсгэлэнг гаргадаг онцлогтой. Энэ удаагийн үзэсгэлэнд 62 компани үзэсгэлэн гаргаж байгаа бөгөөд дэлхийд нэр хүндтэй уул уурхайн салбарын компаниуд хүрэлцэн ирж оролцож байна. Мөн нүүрсний хамгийн том уурхайтай танилцах аялалд 45 хүний баг бүрэлдэхүүнтэйгээр аялна.

Одоогийн байдлаар чуулга уулзалтад 24 илтгэгч илтгэлээ тавина. Илтгэгч нараас дурьдвал Уул уурхайн сайд Д.Ганхуяг Монголын нүүрсний салбарын өнөөгийн байдал, чиг хандлагын талаар илтгэлээ тавих бол “Монголын Уул Уурхайн корпораци”-ийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл Монголын металлургийн нүүрсний салбар, Нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийн ач холбогдолын талаар илтгэлийг тавина. Дэлхийд нүүрсний салбартаа тэргүүлэгч компани болох “Пийбоди Энержи”-гийн Монгол, Энэтхэгийг хариуцсан ерөнхийлагч Аршад Саейд дэлхийн нүүрсний чиг хандлага болоод монголын нүүрсний өрсөлдөх чадварыг хэрхэн нэмэгдүүлэх талаар сонирхолтой илтгэлийг тавих юм. Түүнчлэн энэ удаагийн чуулганаар дэлхийд тэргүүлэгч нүүрсний салбарын эдийн засгийн шинжээчид хүрэлцэн ирэх бөгөөд судалгаа, зах зээлийн шинжилгээ хийдэг “Вүүд Маккензи” компанийн Ази Номхон Далайн судалгааны баг, нүүрсний өртөг судлаач Эдвард Куран Хятадын нүүрсний зах зээл монголд хэрхэн нөлөөлөх талаар сонирхолтой илтгэлийг тавих болно. Нүүрсний салбарын хамгийн том асуудлын нэг болох төмөр зам, дэд бүтцийн асуудал байдаг. Үүний дагуу Төмөр замын инженерүүдийн холбооны ерөнхийлөгч Л.Пүрэвбаатар ОХУ, БНХАУ-ын төмөр замын сүлжээ болон Монголын газар нутгаар дамжин өнгөрөх нүүрсний тээвэрлэлт болон хамтран ажиллах боломжуудын талаар ярих бол Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв цаашид Засгийн газар эрчим хүчний салбарт баримтлах бодлогыг танилцуулах юм. Нүүрсний салбарын нэг гол хүчин зүйл бол яахын аргагүй хөрөнгө оруулалт болон шинэ дэвшилтэд техник технологи байдаг. Тэгвэл энэхүү сэдвийн хүрээнд “Виртген” компанийн бүтээгдэхүүний менежер Шим Бернхард хайгуул, олборлолт, боловсруулалтын техник технологийг танилцуулах бол “Эрдэнэс Таван Толгой”ХК-ийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь Тавантолгойн өнөөгийн байдлын талаар голлох илтгэлүүдийг тавихаараа энэ жилийн чуулган ихээхэн онцлог, ач холбогдолтой болох юм. Мөн хурал удирдагч буюу модераторуудаар дөрөвдөгч засаглалынхны төлөөлөл удирдан явуулж, нүүрсний салбарын амжилт, ололт, алдаа, оноог олон нийтэд болон хуралд хүрэлцэн ирсэн төлөөлөгчдөд хүргэх нь өмнөх жилүүдийнхээс илүүтэй шинэлэг болж байгаа гэж зохион байгуулагчид нь үзэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top