Тавантолгой ордын Баруун Цанхийг эргэлтэд оруулчих чадалтай компанийг тодруулах тендер хэдэн он дамнан үргэлжилж буй. Харин “Хишиг Арвин Индустриал” ХХК гэх монголын компани олборлогчоор шалгарлаа гэх мэдээлэл гарснаар өмнөх засгийн үед шийдвэрлэгдээд байсан 40, 24, 18, 18 гэсэн харьцаа бүхий хуваарилалт бүрэн үгүйсгэгдээд байна. “Хишиг Арвин Индустриал” компанийн зүгээс ч тендерт гурван компани оролцсоноос өөрсдийгөө ялсныг мэдэгдэж, Баруун Цанхийн талбай дээр үндэсний олборлогч компани ажиллахаар боллоо гэх мэдээллийг өгч байна.
Тэгвэл үнэн хэрэгтээ Баруун Цанхийн талбайд олборлолт хийгээд зогсохгүй, Тавантолгой төсөлд бүхэлд нь менежмэнт хийх эрхийг “Уул уурхайн үндэсний олборлогч” буюу "Mongolian National Operator Ltd" компани авчихаад байгаа аж. Сонирхолтой нь, “Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал Я.Батсуурь болоод “Хишиг Арвин Индустриал”-ийн зүгээс гадагшилж буй мэдээллүүдийг харахад “Уул уурхайн үндэсний олборлогч” гэдэг компанийн нэрийг огтоос дурдахгүй байгаа юм.
Эх сурвалжийн өгүүлж буйгаар бол 2010 онд байгуулагдсан, хувийн хөрөнгө оруулалттай уул уурхайн компани гэх тодотгол бүхий “Уул уурхайн үндэсний олборлогч” компани Тавантолгойд бүрэн олборлолт хийх эрхийг авсан юм байна. Харин “Хишиг Арвин Индустриал” ХХК-ийн тухайд “Уул уурхайн үндэсний олборлогч” компанид техникийн туслалцаа үзүүлж байгаа аж.
Учир нь “Уул уурхайн үндэсний олборлогч” компани нь Ухаа худаг, Заамарын төмрийн орд, Баянголын төсөл, замын төсөл гээд хэдэн төслүүд дээр ажиллаж байгаа учраас одоогоор Тавантолгой руу ороход хүч нь дутаад байгаа гэнэ. Тиймээс “Уул уурхайн үндэсний олборлогч” компани Тавантолгойн Баруун Цанхид хөрс хуулалтыг эхлүүлэхийн тулд “Вагнер Ази” компанид хамтрах санал тавьсан ч, тэдний зүгээс өндөр ханш хэлсэн аж. Тиймээс “Хишиг Арвин Индустриал”-тай тохиролцож, ийнхүү хөрс хуулалтын ажлыг эхлээд байгаа юм байна.
Я.Батсуурь захирлын хэлж буйгаар бол Баруун Цанхийн хөрс хуулалтын ажил ирэх сарын сүүлээр дуусч, нүүрсээ олборлож эхэлнэ гэж байгаа. Баруун Цанхийн уурхайгаас нүүрс олборлож эхэлснээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн олборлолт өсч, санхүүгийн байдал сайжирна гэж үзээд байгаа гэсэн. Мэдээж тэр тийм байж болно. Тавантолгойг улстөржүүлж, гацаах нь утгагүй гэдгийг хаа хаанаа ойлгохтойгоо байгаа.
Харин тэнд олборлолт хийх эрхийг авсан компанийг нууцлаж, хөрс хуулах ажилд техникээр хангах тал дээр тохиролцон ажиллаж байгаа компанийг ялагч болсон мэтээр нийтэд мэдээлж байгаа нь хардлага дагуулж буй юм.
Ер нь Я.Батсуурь захирлын хэлж ярьж буйд анхаарал илүүтэй хандуулахаас өөр аргагүй байна. Тэр хэлэхдээ “Хишиг Арвин Индустриал”-ийг 100 хувь монголын компани гэсэн. Тэгвэл 1997 онд байгуулагдсан тус компани нь “ХАКМС” ххк /Хишиг-Арвин Контракт Майнинг сервис/ болон Канад улсын Нуна Ложистикс компанитай хамтарсан “КАНУ” ххк зэрэг хоёр охин компанитай болон өргөжин тэлсэн гэж байна.
Харин Тавантолгойг эргэлтэд оруулах эрхийг авсан жинхэнэ ялагч “Уул уурхайн үндэсний олборлогч” компанийн тухайд сайн, саарын аль альнаар нь хэвлэлийнхэнд, нийтэд танигдаагүй. Тэдний оролцоотой төслүүдийг харахад ямар ч байсан MCS-тэй хамтын ажиллагаатай байна. “Ухаа худаг”-ийг хөдөлгөгч “Энержи ресурс” компани бол зөвхөн MCS—ийнх биш, М-Си-Эс групп, Петровис ХХК, Шунхлай групп зэрэг дотоодын томоохон компаниуд болоод Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк зэрэг хувь нийлүүлэгчидтэй компани. Тэрчлэн “Ухаа худаг”-т бас ажиллаж байгаа “Уул уурхайн үндэсний олборлогч” компанийн ард манай улстөр, бизнесийн нэр бүхий эрхмүүд байж байхыг үгүйсгэх аргагүй байна. Гол нь жинхэнэ ялагчийг нууцлаад байгаа учраас ингэж хэлээд байгаа юм.
Э.Болорхажид
Сэтгэгдэл ( 7 )
uneher estoi l oorsdinhoro zutgej bga humus shuu amijilt husii
sain kompani shude xamt da ajiltsgaay
sain kompani shude bi ch bas tend ajild ornoo
Хишиг Арвин Индустриал ХХКд амжилт хүсэе уул уурхайн үндэсний олборлогч компани гэдгээ харуулаарай олон олон залуусыг амжилтанд хүргээрэй алтан шар зам тань өлзийтэй байх болтугай
гэрэлт ирээдүйн төлөө хамтдаа зүтгэе залуусаа
MNO buyu UUVO gej mongoldoo manlaillagch zaluus bdag yum ajiliig yaj hiideg yaj osolgvi baigal orchindoo eeitei hor hunuulgvi ajilhiig tednees suralts. Muulah yumaa ehleed sudal. Mongol kam-naa demjeech
Уул уурхайн үндэсний олборлогч компани бол Бороо-д ажиллаж байсан мундаг уурхайчин ах нарын компани. Та нар шүү амжилт