Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагын хандлага нэг л болохгүй байгаа тухай бодит мэдээллийг дарга нар нь нуун дарагдуулахыг оролдож буй аж.
Саяхан Архангай аймгийн Онцгой байдлын хэлтсийн аврагч ахлах ахлагч Г.Эрдэнэбаатар нь аврах салбарынхаа дарга н.Мөнгөншагайн хувийн орон сууцыг барих ажил хийж байгаад нас баржээ. Оны өмнөхөн Аврах тусгай ангийн дарга нь аврагч нараараа хувийн хаус бариулж мөнгө тонших гэж байгаад нэгийг нь өрөөсөн нүдгүй болгож, албан тушаалаасаа буурч байсан. Одоо дахиад л ийм хэрэг давтагдаж амь насаа алдлаа. Одоо хэнд хариуцлага тооцох вэ? Хүний амь үрэгдсэн мэдээллийн дагуу ОБЕГ-ын Тамгын газрын дарга Алтангэрэл гэгч нь хэргийн газар дээр очсон боловч талийгаачийн үхлийн шалтгааны талаар амиа тас хамхихад хүрчээ.
Мөн Булган аймагт Онцгой байдлын хоёр ажилтан биедээ хүнд гэмтэл авчээ. Аврагч-гал сөнөөгч Б.Ёндонжамц, Т.Мөнхжаргал нар нь энэ оны тавдугаар сарын 22-ны орой мотоциклтой давхиж яваад осолдсон байна. Б.Ёндонжамц нь тархиа гэмтээсний улмаас одоо Орхон аймгийн нэгдсэн эмнэлэгийн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаа ажээ. Сэлэнгэ аймгийн Сайхан сум буюу Хөтөл дэх Гал унтраах 61 дүгээр салбарт буун дуу гарлаа. Тус ангийн аврагч гал сөнөөгч Б.Баатарцоож нь тавдугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө юуны учир “Бууны осол” гэсэн “Оноштой”-гоор нас барав. Энэ хэргийг Онцгой байдлын ерөнхий газрын дарга нар яагаад нууцлах болов.
Яагаад, зарим ажилтнууд нь гаж буруу мэдээллээр иргэдийг төөрөгдүүлэхийг оролдов. Талийгаачийг хоёр долоо хоногийн турш хаа яваа нь мэдэгдэхгүй алга болсон гэжээ. Гэтэл тэр ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан байх юм. Ийм эргүүлийн ажлыг буу зэвсэггүйгээр гүйцэтгэдэг. Тэгээд ч Онцгой байдлын албан хаагчдад байлдааны бүү хэл ангийн буу ч байдаггүй. Б.Баатарцоож буугүй явсан гэж эх сурвалжуудын зарим нь хэлээд байгаа юм. Сэлэнгэ мөрөнд хүүхдийнхээ хамт урсаж алга болсон эх, үрийн эндэгдэлд ОБЕГ-ын удирдлагуудаас хэн ч хариуцлага хүлээгээгүй. Хариуцлага гэдэг зүйл шинэчлэл нэрийн дор алга болжээ.
Сэтгэгдэл ( 0 )