Д.Содном: Авлигатай хийх тэмцлийг сулруулахгүй байх нь дараагийн Ерөнхийлөгчийн үндсэн үүрэг байх ёстой

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 03

Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содномтой ярилцлаа.

-Манай улсын эдийн засгийн байдал хүнд байгаа тухай учир мэ­дэх хүмүүс хэлэх бол­лоо. Энэ тал дээр та мэргэжлийн хүний хувьд ямар бодолтой байна вэ?

-Өнөөдөр манай эдийн засаг нэлээд төвөг­тэй байдалд байна. Ер нь хүндрэлтэй байна. Манай улсын экспортын бүтээг­дэхүүний ихээхэн хувийг нүүрс эзэлдэг болчихсон байлаа. Гэвч өнгөрөгч оны сүүлчээс эхлэн нүүрс­ний экспорт асуу­далтай болж байгаа. Хэм­жээ нь багасч, үнэ нь ч буурсан. Үүнээс үүдэн гадаад худалдааны тэн­цэл их алдагдалтай болж байна. Миний бодлоор энэ байдал ойрын хоёр, гурван жилдээ сайж­рах­гүй нь.

Өнгөрөгч мягмар га­ригийн байв уу даа, ма­най нэг хэвлэлд Хятадын эрх бүхий байгууллагуу­даас Хятад улс руу авах нүүрснийхээ чанарт өн­дөр шаардлага тавьж эхэлсэн байгаа тухай мэ­дээлсэн байна лээ. Ингэх­дээ гадаад орноос худал­даж авах нүүрс нь илч­лэгийн хувьд 4700 ккал-аас доошгүй, хүхрийн агууламж нь нэг хувиас дээшгүй, чийглэг нь 25 хувиас дээшгүй байх ёс­той гэсэн шаардлагын дагуу гаднаас нүүрс ху­далдан авах ёстой гэсэн байсан.

Гэтэл манай улсад бай­гаа бүх нүүрсний ор­дуудыг авч үзэхэд Таван толгой, Нарийн Сухайт хоёрын нүүрс л энэ шаардлагыг хангана. Харин бусад ордуудын нүүрс тийм өндөр шаард­лага хангахгүй болов уу гэж бодож байна. Ер нь манайд илчлэг багатай, хүхрийн өндөр агуулга­тай, чийглэг өндөртэй хүрэн нүүрс ихэнхдээ бий шүү дээ.

Манай улсын нүүрс худалдан авагч гол улс болох Хятадын зах зээл тийм нүүрсийг авахгүй гэх чигтэй болчихсон байна. Энэ бол бид ойрын 2-3 жилдээ нүүрсээр экспор­тоо нэмэгдүүлэх нь хяз­гаартай болох нь дээ.

-Хятадаас өөр зах зээл рүү гаргах боломж хэр бий вэ?

-Тун хомс. Бид өөрс­дөдөө тээвэрлэх нөөц бололцоо байхгүй, төмөр замын сүлжээ ч байхгүй, тэр ч байтугай дамжуулан өнгөрүүлэх транзит тээ­вэр нь ч асуудалтай. Өөрөөр хэлбэл, Хятад эсвэл Оросын нутгаар явж таарна. Тэнд зай маш урт. Тиймээс тээв­рийн зардал маш өндөр гарах учир ашигтай най­маа хийх эсэх нь эргэл­зээтэй. Энэ бүхнийгээ бид сайн бодох хэрэгтэй. Ийм зовлонгуудыг давахад ойрын 2-3 жил шаард­лагатай болно.

-Энэ байдлыг ал­дагдал багатай даван туулахын тулд юу хийх ёстой гэж та бодож бай­на вэ?

-Хамгийн түрүүнд нүүр­сээ боловсруулах хэрэгтэй. Ингэхдээ нэг чухал чиглэл нь борлуу­лах зах зээл байхгүй бай­гаа хүрэн нүүрсээ гүнзгий боловсруулж хий гаргах, бензин үйлдвэрлэх са­наа­чилгыг манай олон компани гаргаад явж бай­гаа. Үүнийг төрөөс анхаарч туслах хэрэгтэй. Бүр бодлогын хэмжээнд үзэж, төсөл хэрэгжүүлэх компаниуддаа туслах ёстой юм. Ингэж чадвал нүүрсний экспорт, нүүр­сээ үр ашигтай ашиглах асуудлыг шийдэж чадна.

Экспортын хоёр дахь том эх үүсвэр бол зэс. “Эрдэнэт”-ийн зэс цаашаа явна.

Түүнчлэн Дорноговь аймгийн нутагт Цагаан суваргын зэсийн орд бий. Үүнийг ашиглах үйлдвэр байгуулах ажил өдгөө эхэлчихсэн байгаа. 2015 онд ашиглалтад орох урьд­чилсан төлөвлөгөө­тэйгээр ажиллаж байгаа. Энэ төслийг маш сайн дэмжих хэрэгтэй. Тэндээс “Эрдэнэт”-ийн хүчин чад­лын 70 орчим хувийн бүтээгдэхүүн гарна. Энэ бол маш чухал төсөл.

Гурав дахь нэг том эх үүсвэр бол Оюу толгой. Удахгүй ашиглалтад орох гэж байна. “Эрдэ­нэт”-ээс дөрөв дахин том хүчин чадалтай үйлдвэр­тэй. Наад зах нь 30 жил ажиллах нөөцтэй гэж үзэж байгаа. Гэхдээ “Оюу толгой”-д шийдэх асуу­дал бий. “Оюу толгой”-н гэрээ Монголын талд тийм ч ашигтай биш бай­гааг хүн бүр мэдэж бай­гаа. Үүн дээр гол маргаж байгаа зүйл нь хөрөнгө оруулалтын зардал нь маш их нэмэгдэж байна. Түүнийг дагаад бүтээг­дэхүүнийх нь өртөг өндөр болно. Ингэснээр Мон­голын тал, Монголын Зас­гийн газарт ногдох ашиг багасч, татвар ногдох ашиг ч багасна гэсэн хард­лага явж байгаа. Ийм хардлага, болгоомжлол зөвхөн засаг төрийн хэм­жээнд бус иргэдийн дунд бий. Өнөөдрийн хувьд зайлшгүй шийдэх ёстой зүйл нь хөрөнгө оруулал­тын гэрээг сайжруулах. Үүнийг өнөөдрийн Ерөн­хийлөгчид нэр дэвшсэн зарим хүмүүс мөрийн хө­төлбөртөө тусгасан бай­на лээ. Өнөөдрийн хувьд чухам яаж сайжруулах тухай нарийн ярихгүй байгаа. Үүгээр эдийн зас­гийн мэргэжилтэй хэсэг хүмүүс хамтарч санал оруулж байгаа. Үүнийг ойрын үед засаг төрийн хэмжээнд авч үзэх болов уу. Бид саналаа ҮАБЗ-д хүргүүлсэн байгаа.

Эдийн засагт нө­лөө­тэй өөр нэг салбар бий. Энэ чиглэлээр ч манай үндэсний компаниудын санаачилж байгаа зүй­лүүд бий.

-Ямар салбар юм бэ?

-Тухайлбал, цемен­тийн үйлдвэрлэл. Манай улс жилдээ гурван сая тонн цемент хэрэглэдэг гэдэг. Үүнийхээ ихэнхийг Хятадаас импортоор авч байгаа. Харин үүний оронд өөртөө цементийн үйлдвэр барих замаар импортынхоо хэмжээг багас­гах учиртай. Ингэх юм бол гадаад худалдаа­ны тэнцвэр сайжирна.

Одоо бол гурван це­мен­тийн үйлдвэр бариг­даж эхэлж байгаа сураг бий. Хөтөлийн цемент 200-300 мянган тонн үйлд­вэрлэдэг гэсэн. Одоо тоног төхөөрөмжийг шинэч­лэх замаар хүчин чадлыг нь нэмэг­дүү­лэ­хээр ярьж байгаа.

Мөн Дорноговь айм­гийн Даланжаргалан сумын нутагт МАК ком­панийн шугамаар нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр барьж байгаа. Ажил саадгүй явах юм бол 2014 он гэхэд ашиглалтад орчихно.

Бас Дорноговийн Өргөн сумын нутагт гэсэн байх аа, цементийн үйлд­вэрийн ажил явагдаж эхэлж байгаа гэсэн. Энэ гурван үйлдвэрээ ашиг­лал­тад оруулчихвал гад­наас хамааралгүй болох, эдийн засаг сайжрахад сайнаар нөлөөлөх ирээ­дүй бий.

-“Чингэс бонд”-ыг үр ашиггүй төслүүдэд зар­цуулж байна гэх шүүмж­лэл бий. Та үүнд юу хэлэх вэ?

-Миний бодол бол шинэ үйлдвэрлэлийг бий болгох, өндөр үр ашигтай төслүүдийг хэрэгжүүлэхэд л зориулах хэрэгтэй гэж боддог. Ингэхдээ ашиг­ла­хаар авч байгаа яам, салбар, байгууллага нь Засгийн газартай гэрээ хийх хэрэгтэй. Энэ гэрээн­дээ төслөө хэрэгжүүлээд төдий хугацаанд үр ашгаа­раа эргээд төлнө гэсэн нарийн тооцоо, судалгааг тусгах ёстой юм. Өөрөөр хэлбэл, гэрээ байгуулсан яам, компа­нид л мөнгө өгөх хэрэг­тэй.

Засгийн газар дэд бүтэц гэж яриад байгаа. Үүнээс Таван толгойд цахилгаан станц барих асуудлыг дэмжиж байгаа. Яагаад гэвэл түүгээр дам­жиж томоохон үйлд­вэ­рүүдийн цахилгааны хэрэгцээ шийдэгдэх учир үр ашгийн өсөлтөд шууд нөлөөлнө. Мөн Таван толгойгоос Гашуун Су­хайт хүртэл тавих төмөр замд өгч байгаа нь зөв.

Харин аймгууд руу тавьж байгаа авто зам, хотын түгжрэлийн замд “Чингэс бонд”-ыг зарж байгааг таатай хүлээж авахгүй байгаа. Яагаад гэвэл энэ замуудаас “Чин­гэс бонд”-ын зээлийн эх үүсвэр гарч ирэхгүй. Тойруу утгаараа нөлөө гарах нь гарна. Гэхдээ эх үүсвэр нь гарахгүй. Би л мэддэг байсан бол Таван толгойн нүүрсний баруун Цанхийг олборлох тө­сөлд зарцуулчихмаар са­нагддаг. Мөн зэс, цемен­тийн гээд олон үйлдвэр байна шүү дээ. Ингэвэл дороо үр ашиг нь гараад ирнэ шүү дээ.

Ер нь бол хэдэн жи­лийн дараа бондынхоо мөнгийг зарчихсан, бу­цаа­гаад төлөх эх үүс­вэр­гүй суух вий дээ. Дааж давахгүй өрийн дарам­тад орчих вий гэдэгт л санаа зовж байна. Одоо­гийн салбар хариуцсан яам, Засгийн газарт бай­гаа нөхөд тав, арван жи­лийн дараа өөрчлөгдөөд л явчихна. Эцсийн дүнд ард түмэн нуруун дээрээ л аваад үлдэх байх даа. Энэ үүднээс нь өндөр хариуцлагатай хандмаар байгаа юм. Би бол хэлэ­хээс цаашгүй хүн шүү дээ. 

-Эдийн засгийн энэ хүндрэлтэй байдлыг өнөөгийн Засгийн газар хэрхэн даван туулна гэж та бодож байна вэ?

-Засгийн газар энэ асуудлуудаа мэдэж бай­гаа байлгүй дээ. Тийм үнэлэлт, дүгнэлтийг өгч мэдэхгүй байна. Арга замаа хайж байгаа байх аа.

-Таны яриаг цаг үеийн асуудалд хан­дуу­лах гэсэн юм. Ерөн­хийлөгчийн сонгууль болох гэж байна. Нэр дэвшигчдийн хувьд та ямар бодолтой байна вэ

-Юуны түрүүнд Ерөн­хийлөгчөө сонгохдоо да­раахь асуудлуудыг онц­гой­лон анхаарах нь чухал гэж бодож байгаагаа хэл­мээр байна. Ингэхдээ бид хэн нь Ерөнхийлөгчөөр сонгогдсон тохиолдолд ирэх жилүүдэд төр засаг тогтвортой ажиллах, төрийн үйл ажиллагаа нэгдсэн бодлогоор тууш­тай хэрэгжиж үр дүн гарч байх нөхцөл илүү байхыг анхаарах ёстой юм. 

Мөн эдийн засаг, нийг­мийн тулгамдсан асууд­луудыг өргөн хүрээгээр сэтгэж, шийдэх арга замыг нь оновчтой тодорхойлох чадвар, турш­лагатай байх шаардлагатай юм.

Түүнчлэн миний бод­лоор шүүх засаглалын шинэтгэлийг тууштай хийж, шүүх засаглалыг улс төрөөс ангид мэр­гэж­лийн байлгах зорилт хэрэгжүүлж чадах хүн байх учиртай.

Нөгөө талаас авли­гатай хийх тэмцлийг сул­руулахгүй байх асуудал нь дараагийн Ерөнхий­лөгчийн үндсэн үүрэг байх ёстой юм.

-Та нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг со­нирхов уу. Таны хэлж буй дээрх шал­гууруу­дыг багтаасан мөрийн хөтөлбөр байна уу?

-Нэр дэвшигчдийн хөтөлбөрүүдыг хараахан судалж амжаагүй байна. Дээрх шалгуур гэж болох асуудлуудад мөрийн хөтөлбөрүүдээс болон амьдралаас хариу олдох нь эргэлзээгүй биз дээ.

Нөгөө талаас нэр дэв­шигчид мөрийн хөтөл­бөртөө болон сонгуулийн сурталчилгааныхаа явцад тулгамдсан зарим чухал асуудал, тухайл­бал, төрийн тогтолцоо боловсронгуй болгож, засгийн бүх эрх ард түм­ний мэдэлд байх үндсэн хуулийн заалтыг хэрэг­жүү­лэх талаар ямар хууль санаачлах, Оюу толгой, Таван толгойн ордуудыг Монгол Улсад ашигтай нөхцөлөөр ашиглах, хө­рөнгө оруулалтыг үндэс­ний болон үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих асуудлаар ямар бодлого хэрэгжүүлэхийгээ ил тод илэрхийлэхийг сонгогчид анхаарах биз ээ.

Т.ГЭРЭЛМАА      

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(122.201.18.12) 2013 оны 06 сарын 03

man-yn awilgachid bat- erdeniigee gargaji khamgaalalt khiikh geji*****ni goojiji baina

0  |  0
Top