Алдар нэрээс илүү бүтээмжтэй ажил, бүтэлтэй амьдралын үнэ цэнэ чухал

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 22

(Бүтээмж-хөдөлмөрийн үнэлэмж)

            Тэгш хуваарилалтын систем ноёрхож байсан социалист нийгмийн үед материал баялгийн үйлдвэрлэлд хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх асуудлыг чухалчилж байсан ч (хийснээрээ авдаг) үйлдвэрийн нормчноос бусад салбарын ажилтан, ажилчид тогтмол цалин авдаг учир хөдөлмөрийн бүтээмжээ дээшлүүлэх материаллаг сонирхол бараг үгүй болж, “хөдөлмөрийн бүтээмж дээшлүүлэх” гэдэг нь бараг л хоосон уриа болж үлджээ. Тэгээд ч нийгмийн идэвх гарган хөдөлмөрийн бүтээмжээ дээшлүүлэн амжилт гаргасан хүмүүсийг их л сайндаа гавшгайч, үгүйдээ баярын бичиг мэтээр сайшаан хөөрөгдөж, илүү амжилт тогтмол гаргасан хүмүүст төрийн одон медаль, хөдөлмөрийн баатар цол зэргийг хүртээн “хуурч” байв.       

ЗСБНХУ-ын социалист хөдөлмөрийн баатар (хуучин нэрээр) Боголомовын санаачилга-“Боголомовын систем” нэрээрээ алдаршсан хөдөлмөрийн бүтээмж дээшлүүлэх үлэмж дэвшилт арга олны гайхлыг төрүүлж байсан сан. Үйлдвэрийн ударник (гавшгайч)токарьчин Богомолов ажлынхаа хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх арга сүвэгчлэхдээ өөрийн хөдөлмөр зохион байгуулалтад нэг бус согог байгааг олж харжээ.

            Наад зах нь  ажлын байрны зохион байгуулалт үр ашиггүй болох нь тодорхой болсон байна. Төмөр зордог хутгануудыг ажлын шаардлагаар байнга солих хэрэгтэй болдог ч тэдгээр нь суурь машинаас гурав дөрвөн алхмын зайтай байдаг, бас төмөр бэлдцүүд нь төдий хэмжээний зайд, ядахдаа зүүн гар талд байрлалтай байдаг нь үйлдвэрлэлийн явцад илүүц хөдөлгөөн хийж өнгөц харахад үл анзаарагдам хугацаа боловч нийлбэр дүнгээр бодож үзвэл маш их цаг алдаж, хөдөлмөрийн бүтээмжид шууд эсрэгээр нөлөөлж байгааг Богомолов тооцоолж үзжээ.

            Богомолов тамхи ойр ойрхон татдаг зуршилтай байв. Тамхи татахдаа таваас зургаан минут зарцуулах, бас энэ хооронд сул ажиллуулахгүйн тулд суурь машинаа асааж унтраах бөгөөд тухай бүрт нэжгээд хугацаа зарцуулснаар бас л арваад минутыг үр ашиггүй өнгөрүүлж байжээ. Энэ бүхэнд дүгнэлт хийсэн Богомолов ажлын байрныхаа зохион байгуулалтыг оновчтой хийснээс гадна тамхи татахаас шууд татгалзаж, энэ бүхний үрээр хөдөлмөрийнх нь бүтээмж гайхалтай дээшилсэн гэдэг.

Тэгээд ч Богомолов ажил хөдөлмөртөө амжилт гаргахын тулд эрүүл байхын чухлыг гүнзгий ухамсарлаж, эрүүл мэнддээ гойд анхаарч, хоолны нарийн дэглэм сахидаг болсон нь тухайн үедээ цаг үеэсээ нэн хол, тасархай сэтгэлгээ байж дээ гэж одоо бодогддог. Учир нь социалист нийгмийн үед “Эрүүл мэнд бол нийгмийн баялаг мөн” гэж зөв томьёолсон боловч хэрэг дээрээ, түүнийг нийгэм хариуцдагаас хүмүүс өөрийн эрүүл мэндэдбага анхаардаг болсон байна.

            Богомолов очень хорошо!!! (маш сайн). Түүний хөдөлмөрийн үр дүнг дэглэм нь муугүй үнэлж “Хөдөлмөрийн баатар” болгожээ. Тэрбээр ажлын найман цагт багтаан 3-4 хүний гүйцэтгэх ёстой нормт ажлыг хийж байв. Харамсалтай нь Богомолов ажлын мал мэт зүтгэвч хэзээ ч 3-4 хүний цалин авч байгаагүй юм.  Яг нэг системтэй учир бодит байдал манайд ч бас тийм байсаан.  

Орчин үед өөр болжээ.Монгол оронд чөлөөт ардчилсан нийгмийн тогтолцоо бүрэлдэн тогтож, зах зээлийн харилцаанд шилжих алхам хийсэн хорь гаруй жилийн түүхийг эргэн харъя. Хүмүүс эхлээд амар хялбар аргаар их мөнгө олох хүсэлд хөтлөгдөв. Өмч хувьчлал, ганзагын наймаанаас тун цөөхөн нь хожиж асар олонх нь хоосон ядуу чигээрээ үлдсэн билээ. Ажил хөдөлмөр хийснээр л бодит орлоготой болж, амьдрал ахуй нь дээшилдэг гэсэн “бичигдээгүй хууль”-ийг одоо л хүмүүс ухаарч байна.

Монгол улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн Лодонгийн Түдэв нэгэн удаагийн уулзалт дээр:

-Улс орны хөгжлийг тодорхойлогч олон хүчин зүйл бийгээс гол хөшүүргийн нэг бол хүн амын тоо хэмжээ. Хэдий чинээ ажиллах хүчин олон байна, төдий чинээ түргэн хөгждөг болох нь батлагдсан үнэн юм гээд хөгжсөн орнуудын жишээг эш татаж байсан билээ. Тэгээд манай орон шиг цөөн хүн амтай орны хувьд нэг бол хүн амаа өсгөх, үгүй бол нэг хүн хоёроос гурван хүний ажил хийж байж энэхүү хоосон орон зайг нөхнө гэж хэлээд өөрөөрөө жишээлэн тайлбарлаж байхад “юм үзэж, нүд тайлсан”, аргагүй л ухаантай хүний үг байна даа гэж бодогдож билээ.  Үнэхээр Л.Түдэв гуай зохиолч, сэтгүүлч, уран зохиол судлаач, хэл шинжээч, эрдэм шинжилгээний ажил, төр засгийн болон намын ажил, олон нийтийн үйл ажиллагаа гээд 7-8 хүний хийх ажлыг нэгэн биеэр гүйцэтгэж насыг элээсэн байна. Ийм авьяас чадвар хүн бүрт ижил тэгш заяадаггүй нь ойлгомжтой. Тэгэхээр энгийн бид яах вэ?

Хөдөлмөрийн насны хүн хоногт 8 цаг ажиллах ёстой эрүүл ахуйн шаардлага бүхий хөдөлмөрийн нормчлолтой гэж үзвэл, гурван хүний ажил хийнэ гээд 24 цаг ажиллах уу? Хэдийд нь амрах болж байна. Үгүй ээ. Гагцхүү ажил хөдөлмөрийнхөө бүтээмжийг дээшлүүлэх (техникийн хэлээр бол ашигт үйлийн коэффицентоо өсгөх)нь хамгийн зөв гарц байж таарах нь.

Хүн амын  тооллогоор манай улс 2 сая 660 гаруй мянган хүн амтай гэсэн тоо гарчээ. Хөдөлмөрийн яамны Вэб хуудаснаас үзвэл хөдөлмөрийн насны 1,8 сая хүн байдаг ч түүний бараг гуравны нэг нь ажилгүй иргэд байдаг байна. Тэгэхээр ердөө л сая гаруй хүн ажиллаж гурван сая шахам иргэдийг тэжээж байгаа хэрэг юм.

Жишээ №1: ХАДААС ХАЙСАН НЬ

Надад тохиолдсон явдал. Өвлийн байшиндаа засвар хийж байтал нэг мэдэхэд хадаас дуусчихав. Манайхан зуун айл гэж нэрлэж заншсан барилгын материалын зах орвол бүх дэлгүүр хаачихжээ. Арван найман цагт хаах ёстой юм гэнэ. Маргааш өглөө нь арван цагт мөнөөх газрыг зоривол бас л хаалттай. Яагаадыг асуувал, уул нь 9цагт онгойх ёстой ч 12хагасаас наашгүй гэх юм. Гайхаж хоцров. Хэдийдээ лангуу дүүрэн бараануудаа тэд зарж амждаг байна аа.

Жишээ №2:БҮТЭЛГҮЙ МУЖААНЫ ПАЯН

Монгол ардын нэгэн явган үлгэрт эхлээд тэрэгний гол зорохоор том улиасны тайрдас барьж авсан бүтэлгүй мужаан зорсоор зорсоор шүдний чигчлүүртэй үлдсэн тухай өгүүлдэг. Үр бүтээлгүй хөдөлмөр ямар уршигтайг үзүүлсэн сургамжтай үлгэр юм даа.

Жишээ №3: ЭЗОПЫН ҮЛГЭРЭЭС

Эртний Грекийн нэрт ёгт үлгэрч Эзопын нэгэн сургамжит үлгэрт өгүүлэхдээ өндөр настай эцэг амьсгал хураахын өмнө хоёр хүүдээ:

-Тариан талбайгаа сайн ухаж төнхөж үзээрэй. Тэнд бүх юм бий гэж гэрээслээд насан эцэслэжээ. Залхуу хоёр хүү нь бодохдоо, аав тариан талбайдаа хаа нэгтээ алт эрдэнэс нууж дээ. Тэгээд биднийг олж аваарай гэж гэрээслэв хэмээн итгэж газраа нэгд нэггүй онгичин ухжээ. Ямар ч эрдэнэс гарсангүй. Гэтэл тэдний “уйгагүй хөдөлмөрийн ачаар” хөрс нь сийрэгжсэн тариан талбайд урьд үзэгдээгүй арвин ургац ургасан бөгөөд эцгийн гэрээслэлийн гүн утга учрыг хүүхдүүд нь сая л нэг юм ойлгожээ.

Сайн ажилласны үр бүтээл нь гавьяа шагнал биш гагцхүү сайн сайхан амьдрал гэдэг нь эргэлзээгүй. Хүн бүр эрвийх дэрвийхээрээ хөдөлмөрлөж гэр бүлээ аваад явбал улс нийгэмдээ ямар ч гавьяа шагналаас илүү ихийг бүтээж байгаа хэрэг. Тиймээс сайн сайхан ажиллаж амьдрахын тулд цагийг үр бүтээлтэй ашиглаж сурах, өөрөөр хэлбэл бага цагт ихийг бүтээх нь цорын ганц зөв зам мөнөөс мөн.

Багш, судлаач Б.Мөнгөнхөлөг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top