Ши Жиньпиний хардлага дагуулсан түүхэн айлчлал

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 05 сарын 09

БНХАУ-ын дарга Ши Жиньпиний Франц, Серби, Унгарт хийж буй айлчлалыг түүхэн гэж тодотгох хоёр шалтгаан бий. Нэгт, Ши Жиньпин Европын тавцанд таван жилийн дараа гарч ирж байгаа бол хоёрт, энэхүү айлчлалын дараа түүхэнд гэж хэлж болох томоохон өөрчлөлтүүд дэлхийн эдийн засагт гарна гэж шинжээчид үзэж байна.

Ши Жиньпин онцгой нөхцөл байдлын үед Европт айлчилж байна. Орчин цагийн геополитикийн сорилтуудыг зөвхөн 1930-1940-аад онтой харьцуулах боломжтой. Нөхцөл байдал түүхэн эрин үеийг өөрчлөхүйцээр дэлхийн гео эдийн засгийн дүр зурагт нөлөөлж байна.

Дээрх гурван улс Дундад улсын Европын Холбоон дахь эдийн засгийн гол түншүүд. Франц нь Хятадын хувьд дэлхийн үйл хэрэгт нь голлох үүрэг гүйцэтгэх ёстой түнш нь. Ингэхдээ Европын бусад гишүүн орнуудыг бодвол Франц, Хятадын харилцаа илүү ярвигтай. Франц нь Хятадын сул талд цохилт өгдөг. Европын Холбооны шинэ лидер болж буй Франц Хятад улс түншийн хувиар ЕХ-нд ямар их хэрэгтэй гэдгийн ойлгох ёстой. Харин Сербийн хувьд тус улс нь Хятадын Европ дахь урт хугацааны түнш. Гэвч яагаад Унгарыг холбоотон болон түншээр сонгов?

Унгар, Хятадын харилцаа нь орчин цагийн геополитик болон гео эдийн засгийн хамгийн нууцлаг оньсогуудын нэг.

Тус хоёр улсын харилцааны нууц нь Хятад улс Виктор Орбаны дэглэмийг ашиглан, Европын Холбоо дотор удаашруулсан ажиллагаатай тэсрэх бөмбөг тавихаар санаархаж байна. Гэхдээ тэслэхийн тулд бус харин Европт хэзээ мөдгүй тэсрэх дарьтай торхон дээр сууж байгааг мөнхөд сануулж байхын тулд.

Шинжээчдийн үзэж буйгаар, Хятадын тэргүүн энэхүү айлчлалуудаар хэд хэдэн зорилго агуулж байна. Тухайлбал, АНУ-ын өмнө лидер гэсэн байр сууриа бататгах. Үүний тулд өөрийнхөө худалдаа, эдийн засгийн түнш Европын Холбоог далаар нь тавих хэрэгтэй. Мөн лидер гэсэн байр сууриа ЕХ дахь түнш дүү нарынхаа өмнө батлах.

Хятад улс орчин цагийн дэлхийн эдийн засгийн архитектурын гол багана болоод байна. Хятадын эдийн засаг дэлхийд хоёрт орж байгаа ч өсөлтөөрөө тэргүүлж байгаа. Сүүлийн 10 жил Хятадын эдийн засгийн өсөлт 7-10 хувийн үзүүлэлттэй буй.

Францын чиглэл

Хятадын шинжээчид Европ нь АНУ-аас стратегийн хараат бус байдалд шилжих шаардлагатай гэх Францын яриаг олзуурхан хүлээн авч байгааг онцолжээ. Ши Жиньпиний Засгийн газар Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Европ нь Хятадын болзошгүй дайралтаас Тайванийг хамгаалах сонирхол байхгүй гэж мэдэгдсэнийг мөн талархан хүлээн авч буй. Хэдийгээр энэ мэдэгдэлд тайлбар хийх оролдлого хийж байсан ч Франц улс хожим нь Токиод НАТО-ийн төлөөлөгчийн газрыг нээх гэсэн хүчин чармайлтад хязгаарлалт тавьсныг Хятадын тал талархан онцолж байсан юм.

НАТО-ийн гишүүн орнуудыг Азиас холхон байлгаж, Ази болон Европ дахь холбоотнуудыг нь хүлэх боломжийг АНУ-д олгохгүй байх нь Хятадын гадаад бодлогын тэргүүн зорилтуудын нэг.

Ши Жиньпиний айлчлал эдийн засгийн асар том агуулгатай. Энэ утгаар Франц нь түүний хувьд хэцүү түншийн нэг. Макрон Тайванийн асуудал дээр сөрөхгүй ч Францын автомашин үйлдвэрлэлийн салбар бол өөр хэрэг. Хятадын цахилгаан автомашинууд Европын болон АНУ-ын өрсөлдөгчдөөсөө эдийн засгийн асар их давуу талтай. Цахилгаан автомашин нь Хятадын эдийн засгийг сэргээх Бээжингийн төлөвлөгөөнд асар том орон зайг эзэлж байгаа. Гэвч Францын хүчтэй дэмжлэгтэй Европын комисс Хятадын цахилгаан автомашины тал дээр монополын шалгалт эхлүүлээд байгаа юм.

Аяллын Серби хөтөлбөр

Ши Жиньпиний Сербид хийж буй айлчлал нь Европт геополитикийн шинжтэй мессеж илгээх боломж юм. Ши-гийн айлчлал нь Косовогийн дайны үеэр НАТО Белград дахь Хятадын элчин сайдын яаманд агаараас цохилт өгсний 25 жилийн ойтой давхцаж буй. Эл айлчлал нь НАТО нь түрэмгийлэгч, аюултай байгууллага гэсэн аргументыг онцлох зорилгыг давхар агуулж байгаа. Харин НАТО-ийн зүгээс Хятадын элчин сайдын яамыг бөмбөгдсөн нь цэвэр золгүй тохиолдол байсан гэж мэдэгддэг билээ.

НАТО-ийн эсрэг мессежийг Хятадад сайнаар хүлээн авах нь тодорхой. Гэхдээ европчуудыг АНУ-ын дагуул, НАТО аюултай байгууллага гэж хэлэх нь европчуудын хувьд доромжлол, заналхийлэл хэмээн хүлээн авах нь дамжиггүй.

Хятад улс “Бүс ба Зам” стратегийн төслөө хэрэгжүүлэхэд Сербийг чухал түнш гэж харж буй. Энэ хүрээнд Белград-Будапештийн чиглэлд 350 км хурдны төмөр замын барилгын ажлыг аль болох ойрын хугацаанд дуусгах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна. Ингэснээр Хятадын бүтээгдэхүүнийг Европт хүргэх боломж нээгдэнэ. Белградын зүгээс Хятадын зээл, хөрөнгө оруулалтад найдвар тавьж байгаагаас гадна Косовогийн асуудлаарх байр суурийг нь Бээжин дэмжинэ гэж найдна. Бээжин Косовогийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрдөггүй билээ.

Бээжин ч тэр, Белград ч тэр Ши Жиньпийний айлчлал “ган бат” нөхөрлөлийг бэхжүүлэх зорилготой хэмээн мэдэгдсэн. Сүүлийн жилүүдэд тус хоёр улс хоёр талын харилцаагаа тодорхойлохдоо “ган бат нөхөрлөл” гэсэн нэр томьёог ашиглах болсон билээ.

Талуудын хэлэлцээний бас нэг сэдэв нь Хятадын тав дахь үеийн “J-20” сөнөөгч онгоцны нийлүүлэлтийн асуудал. Дөрөвдүгээр сард Сербийн Ерөнхийлөгч Францаас 12 “Rafale” сөнөөгч онгоц авах тохиролцоонд хүрсэн ч нийлүүлэлт нь 2035 оноос наашгүй. Тиймээс Сербийн тал Хятадын сөнөөгч онгоц худалдан авах сонирхолтой байгаа юм.

Унгарт чиглэсэн төлөвлөгөө 

БНХАУ-ын дарга Ши Жиньпиний Европт хийж буй айлчлал Унгарт төгсөнө. Унгар нь НАТО-ийн гишүүн орон. Гэхдээ Унгарын Ерөнхийлөгч Виктор Орбан өрнөдийн эсвэл дотор Оросыг дэмжсэн байр суурийг илүү илэрхийлдэг. Хятадын талаар ч мөн ижил дуу хоолой өргөдөг. Унгар улс ЕХ-ны Хятадын шүүмжилсэн өнгө аястай хэд хэдэн тогтоолд хориг тавьж байсан удаатай.

Энэ оны хоёрдугаар хагасаас эхлэн Европын зөвлөлийг тэргүүлэх Унгар нь Бээжингийн хувьд Европ дахь гол стратегийн актив. Учир нь тус улс Брюсселийн хүсэл эрмэлзлийг сулруулах эсвэл хазаарлах боломжтой.

Унгарын Засгийн газрын тэргүүн дорно зүгт нээлттэй бодлого баримталж байгаа. Энэ хүрээнд Хятад болон Оростой эдийн засгийн нягт харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхийг эрмэлзэж буй. Виктор Орбан Хятад улсыг Унгарын худалдааны томоохон түнш, хөрөнгө оруулагч болгоод байгаа юм.

“Унгар улс Төв Европт Хятадын хөрөнгө оруулалтын гол газар болсонд баяртай байна. Үүний төлөө Ши Жиньпинд талархал илэрхийлье”, гэж Виктор Орбан Хятадтай таван хэлэлцээр байгуулахдаа онцолж байлаа.

Европчуудын хандлага

Ши Жиньпиний Серби, Унгарт айлчлах шийдвэр нь түүнийг Европт найрсаг зорилго өвөртлөн ирж байна гэдэгт европчуудыг эргэлзэхэд хүргэж байна. Серби нь Европын Холбоо болон НАТО-ийн гадна оршдог бол Унгар улс тус хоёр байгууллагыг дотроос нь ганхуулдаг. Үүний сацуу тус хоёр улс хоёул Оростой найрсаг харилцаатай. Ши Жиньпин эх орондоо эргэж ирсний дараа Бээжин хотноо ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг хүлээн авна. Энэ нь Хятадын чин эрмэлзэлд үл итгэсэн европчуудын болгоомжлолыг улам гүнзгийрүүлж байна гэж Европын хэвлэлүүд онцолж байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
boldoo(178.174.229.45) 2024 оны 05 сарын 12

umhii hujaa yamar horon muu sanaa guulj yavaag Euvropiin holboohiihon medeh bhaa

2  |  0
Top