Манай улсын хэмжээнд жилд дунджаар 2000 орчим галт зэвсгийг иргэд шинээр худалдан авч өмчилж, эзэмшиж байгаа. Мөн жил ирэх тусам галт зэвсэг эзэмшигчдийн тоо нэмэгдэж буй тооцооо судалгаа байна. Үүнийгээ дагаад галт зэвсгээр үйлдсэн хүн амины хэрэг сүүлийн жилүүдэд ихсэх төлөвтэй боллоо.
Энэ нь нийгэмийг айдаст автуулж байгаа юм. Хамгийн сүүлийн үеийн зарим жишээнээс эргэн сануулахад, Сэлэнгэ аймгийн Сант сумын нутагт айлын мал хөлсөөр маллаж байсан 34 настай “А” мал маллаж байсан айлаасаа "Портер" маркийн автомашин, "Тоз-8" маркийн буу хулгайлан зугтаж, хулгайлсан буугаараа Төв аймгийн Жаргалант сумын нутагт хүн амины хэрэг үйлдсэн хэрэг өнгөрсөн сарын 27-ны өдөр гарсан.
Мөн Дархан-Уул аймгийн төвд иргэн н.Ганболд нь өөрийн машиндаа буудуулж, амиа алдсан байдалтайгаар өнгөрсөн лхагва гаригт олджээ. Уг хэргийг шалгаж байгаа тул тодорхой мэдээлэл алга. Харин эх сурвалжын хэлж буйгаар “Талийгаач байгууллагынхаа 50-60 сая төгрөгийг хүнд зээлүүлээд, буцааж авах гэж нэлээд хэл ам хийж байсан тул түүнийг мөнгөө ирж ав гэж дуудаад санаатайгаар амийг нь хөнөөсөн байж болзошгүй” гэлээ
Мөн өнгөрсөн жил Налайх дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт “Mustang” баарны гадна 20 гаруйхан настай залуу автомашиндаа зургаан удаа буудуулж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Уг хэргийг цагдаагийнхан түргэн шуурхай илрүүлж, хүний амь хөнөөсөн этгээдийг баривчилсан. Уг хэрэг нь өс хонзонгийн шинжтэй бөгөөд санаатайгаар үйлдсэн хэрэг болох нь тухайн үед тогтоогдсон юм.
Одоо ч хэрэг нь бүрэн шийдэгдээгүй байгаа АНУ-ын иргэн Жон Мартин Кийнийг ч мөн буудаж, хөнөөсөн байсан. Түүний амийг хөнөөсөн сэжигтнээр Ч.Баттуул гэх эмэгтэй шалгагдаад, одоогоор хоригдож байгаа бөгөөд түүнийг буруутан гэдгийг эцэслэн тогтоогүй байна. Учир нь өнөөдөр түүний хэргийг Улсын дээд шүүхээр хэлэлцэх гэж байгаа юм. Энэ мэтчилэнгээр тоочоод байвал барагдахааргүй их хэрэг галт зэвсэгээр, санаатайгаар үйлдэгдсэн байна.
Тиймээс галт зэвсэг эзэмших хуульд өөрчлөлт оруулах шаардлага нэгэнт болсон гэдэг аюулын дохио ассан нь дээрх хэргүүдээс харагдаж байгаа юм. Уг нь УИХ-аас 2001 онд баталсан хуулиар зэвсэгт хүчин, бусад цэрэг, цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын эзэмшилд байгаа байлдааны зориулалттай галт зэвсгээс бусад галт зэвсгийг өмчлөх, эзэмших, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулж байгаа.
Тухайн хуульд зааснаар “Галт зэвсэг худалдан авсан 18-аас дээш насны иргэн харьяа хороондоо бүртгүүлж гэрчилгээ авна, Алдсан үрэгдүүлсэн тохиолдолд цагдаад мэдэгдэнэ. Мөн жил бүр буугаа бүртгүүлж, татвараа төлнө, мөн нийтийн тээвэр болон олон нийтийн газраар тээвэрлэж, болохгүй. Хэрэв авч явахаар бол жолоочид хадгалуулна” гэжээ.
Ийм л сул нээлттэй хууль бий. Гэхдээ Галт зэвсгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн нэгдүгээр сард Байнгын хорооны гишүүдийн олонх дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Ингээд өнгөрсөн намрын чуулган хааж, хуул батлагдаж амжаагүй юм. Үүнийг эцэслэн шийдвэрлэж, галт зэвсэг хэрэглэхийг хязгаарлахгүй бол гадаадын кинон дээр гардаг шиг зүйл манай нийгмийн амьдралд бодитоор гарсаар байна.
Хамгийн гол нь галт зэвсэг хэрэглэж хүний амь хөнөөсөн хэргүүд ихэвчлэн санаатай үйлдэгдсэн байна. Мөн манай хуулиар хүний амь хөнөөсөн этгээдийг барагтай бол цаазаар авдаггүй, хэдхэн жилийн ял эдлээд, наранд гарах боломжтой учир эдийн засгийн хямралтай мөнгөний төлөө хүмүүс юу ч хийхээс буцахгүй болсон өнөө цагт аймшигт хэргийн тоо өссөөр байгаа юм. Хэн дуртай нь галт зэвсэг эзэмшиж болдог энэ хуульд зохицуулалт, нэмэлт өөрчлөлт хийх цаг нэгэнт болжээ.
Цөөн хэдхэн ард иргэд нэгнээ хөнөөгөөд байхад хуулийн зохицуулалтыг хурдхан хийхгүй хараад суугаа УИХ-ын гишүүд юу бодно вэ. Хууль баталдаг хэрэгжүүлдэг хүмүүс үүнд нэн яаралтай анхаарлаа хандуулах хэрэгтэй байна. Цөөхөн хэдхэн Монголчуудад нэгнээ хөнөөх зэвсэгийг нь бэлдэж өгөөд байгаатай ялгаа юу байна вэ.
Н.Ганчимэг
Сэтгэгдэл ( 0 )