Монголын эдийн засагт уул уурхай, хөрөнгө оруулагчдаас өөр амь тариа байхгүй гэжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 19

Гадныхан Монголын талаар юу гэж дүгнэж байгааг Zindaa.mn сайт хүргэж байгаа. Энэ удаад Засгийн газраас 100 өдөрт багтаан эдийн засгийг тогтворжуулах хөтөлбөр зарласныг олон улсад хэрхэн дүгнэснийг орчуулан хүргэе. “BNE.EU”-д гарсан нийтлэлд Монголын эдийн засаг энэ богино хугацаанд амжиж тогтворжиж чадах эсэхийг бичжээ.

 

100 өдөрт амжиж тогтворжих Монголын эдийн засаг

Тавдугаар сард Монголын Засгийн газарт амжуулах ёстой олон ажил бий. Ялангуяа хөрөнгө оруулагчидтай учир зүйгээ олох, эдийн засгаа гялалзтал сэргээх боломж энэ сард нэлээд их байгаа юм.

Хамгийн сүүлд гарсан уул уурхайн маргааныг шийдвэрлэхэд дотоодын хуулийн орчин хамгийн чухал байгаа. Хөрөнгө оруулагчдын тухайд орлого хуваахад нэг удаадаа оруулагч талд илүү ашиг очихоор хуульчлахыг хүсч байгаа аж.

Монголын Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ сарын 7-нд УИХ-аар эдийн засгийн тогтворжуулах “100 хоногийн хөтөлбөр” гээчийг батлуулсан. Засгийн газрын тэргүүн хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдыг дэмжиж, сүүлийн жилүүдэд эдийн засагт учирсан гашуун ул мөрийг арилгахыг хичээж байна гэж тайлбарласан.

Энэ талаар Бизнесийн зөвлөлийн тэргүүн Б.Баянжаргал “Хөтөлбөрийн шууд утга нь эдийн засгийг тогтворжуулах гэж байгаа ч үнэндээ гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэж байна. Үүний хүрээнд шийдвэрлэх боломжтой төслүүдийг хүлээн авна” гэсэн юм.

Улс төрийн тааруухан бодлого хөрөнгө оруулалтыг хязгаарласан гэхэд болно. Үүнээс шалтгаасан эдийн засгийн хямрал Монгол Улсад бий болж, дотоодын валютын хүч эрс суларч, өнөөгийн асуудалтай түвшинд хүрсэн. Дөрөвдүгээр сарын эцэс гэхэд ам.доллартай харьцах төгрөгийн ханш 1800 болсон ба жилийн дотор 26 хувиар буурсан үзүүлэлт аж.

“Блүүмбэрг”-ийн шинжээчид үүнийг Ази дахь хамгийн муу үзүүлэлт болсон гэж үзсэн. Хамгийн гол нь үндэсний мөнгөн дэвсгэртийн үнэгүйдэл хүнс, шатахууны ханшид шууд нөлөөлж, одоо зах зээл дэх үнэ нь тогтмол өссөөр байна.

Засгийн газарт бахархаж гайхуулахаар орлого үнэндээ байсангүй. Он гарсаар эхний гурван сард борлуулсан нүүрсний хэмжээг жилийн өмнөхтэй харьцуулахад 8.4 хувиар өссөн байсан ч худалдааны ашиг 1.4 хувиар буурсан юм.

Яг үүн шиг он гарахад зэсийн экспорт 67 хувиар өссөн. Энэ нь далд уурхайг байгуулахтай холбоотой байлаа. Гэхдээ Засгийн газар болон Англи-Австралийн хамтарсан хөрөнгө оруулагчийн хоорондох зөрчлөөс болж Оюутолгойн баялгийн ихэнх хэсгийг нээх төсөл таг гацчихсан байгаа.

Ер нь хөрөнгө оруулагчдын хувьд Монгол Улс таагүй нөхцөлтэй орнуудын нэг болсон. Оюутолгойн хувьд урт хугацааны туршид Монголын эдийн засгийн гуравны нэгийг үйлдвэрлээд байх хүчин чадалтай том орд. Зэсийн үйлдвэрлэлийн оргил үед олох орлого одоо тооцоолсноос ч их байна гээд байгаа.


Бизнест зориулж нээсэн үүд

Засгийн газар уг нь “Монгол Улс бизнес эрхлэгчдэд нээлттэй” гэж мэдэгдсэн. Ерөнхий сайд өнгөрсөн сарын 30-нд хөтөлбөрийг танилцуулах үүднээс ЭСЯ-дын дипломат төлөөлөгчид, хөрөнгө оруулагчдын цуглуулж хуралдсан.

Энэ үеэр татварын хөнгөлөлт, зээлээр дамжуулан бизнесийг дэмжих гол санаануудаа танилцуулсан юм. Ялангуяа зэсийн үйлдвэрлэл, гадны хөрөнгө оруулалтад онцгой анхаарна гэсэн.

Уг нь гадны хөрөнгийг татах бодлого өнгөрсөн оноос л эхэлжээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард УИХ-аас Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталсан. Үүгээр гадаадын хөрөнгө оруулалтад тээг болоод байсан зарим хязгаарлалтыг үгүй хийсэн байна. Тодруулбал, үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулагчид нэвтрэх боломжтой болсон.

Үүнээс нэг өдрийн дараа Эдийн засгийн хөгжлийн сайд Лондонд болсон дээд хэмжээний уулзалтын үеэр төлөвлөгөөг бүрэн, дэлгэрэнгүй танилцуулжээ. Энэ үеэр нүүрсний төслүүд, баяжуулах үйлдвэрүүдийн төлөвлөгөө, Засгийн газар болон гадны түншүүдийн хооронд Концессийн гэрээ байгуулах боломж зэргийг танилцуулсан байна.

Гэхдээ асуудлууд бий. Тухайлбал, Канадын “Сентерра Голд” компани “Урт нэртэй” хуулийн хүрээнд Гацууртын ордод авсан тусгай эрхээ цуцлуулсан. 2010 оноос хойш энэ ордод ажиллахгүй байгаа ба цаашид ч хэрхэх нь тодорхойгүй байгаа юм.

Түүнчлэн одоо яг яах нь мөн л тодорхой буй болсон 106 лицензийн асуудлыг ч үүнд багтаана. Тодруулбал, авлигын замаар олгогдсон гээд байгаа эдгээр лицензийг цуцалсан ч хөрөнгө оруулагчил нөхөн олговор өгөх эсэхийг шийдээгүй байна. Энэ ажилд мөн л Канадад бүртгэлтэй “Кинкора Коппер” өртөж, Хойд Үнэг, Турмалин Хиллз ордууд дахь ажил нь таг зогссон. Ерөнхий сайд хэлэхдээ, эдгээрийг шалгах ажлын хэсэг томилсон гэсэн.

Энэ мэтчилэн шийдвэрлэх асуудлууд энэ сард багтан тодорхой болох шаардлагатай байгаа юм.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top