”Sony”-гийн гар утас шиг хэт нимгэн телевиз

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 08

АНУ-ын Лас Вегас хотод болж буй технологийн үзэсгэлэн худалдааны үеэр "Sony" корпораци хэт нимгэн XBR-X900C серийн телевизээ танилцууллаа. Өргөн нь ердөө 7.1 мм бөгөөд энэ нь iPhone 6 гар утасны өргөнтэй ижил юм. Энэхүү бүтээл дэлхийн хамгийн нимгэн телевизэд тооцогдож буй аж. Учир нь LG корпорацийн 55EC9300 OLED телевиз саяхныг хүртэл хамгийн нимгэн гэгдэж байжээ.

 Дуу дүрсний өндөр чанартай энэхүү бүтээл 4K нягтаршилтай, хамгийн том нь 75 инчийн хэмжээтэй худалдаанд гарсан байна.  Уг телевиз зах зээл дэх бусад өрсөлдөгчдөө бодвол нимгэнээс гадна нанокристал LED шийдэлтэйгээрээ онцлог. Бага цахилгаанаар дүрсийг өндөр чанартай тод, амьд мэт мэдрэмж төрүүлж чадна гэж зохион бүтээгчид амлаж байна.

CES 2015 технологийн үзэсгэлэн худалдааны үеэр LG, Samsung, Sony зэрэг компаниуд хэт нимгэн талстат дэлгэц бүхий телевизүүдээ олны өмнө гаргасан юм. Эдгээрийн дунд хүнхэр, нанокристал шийдэлтэй телевизүүд технологийн хамгийн орчин үеийн шаардлагыг хангаж байна.

Т.Батсугар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top