Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал үе үехэн шуураад өнгөрдөг. Угшил эхлэлийг нь хөөвөл бүр олон жилийн өмнөөс буюу 1998 онд Ерөнхий сайдад нэр дэвшсэн Да.Ганболдыг Ерөнхийлөгч Н.Багабанди долоон удаа буцааж байсан тэр үеэс л Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай анх яригдсан гэлцэх юм билээ.
2008 оны сонгуулийн дараа ч тухайн үеийн УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатараар ахлуулсан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах томоохон ажлын хэсэг байгуулагдаж байсан. Энэ эхлэл санаачлага яван явсаар АН-ын илүүрхсэн парламентад мөн залгамжлагдаж Л.Цог тэргүүтэй ажлын хэсгийнхэн “Үндсэн хуульд өөрчлөлтөд оруулах шаардлагатай” гэсэн дүгнэлтээ гаргаад байгаа билээ.
Үүний мөрөөр өчигдөр УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулж “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг 2015 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд багтаан боловсруулж, танилцуулах”-ыг үүрэг болголоо. Ажлын хэсэгт ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлахад оролцож байсан УИХ-ын долоон гишүүнээс гадна МҮАН, ИЗНН-ын гишүүд багтаж, нийт есөн гишүүний бүрэлдэхүүнтэй ажиллах аж.
Үндсэн хуулийг өөрчлөнө гэдэг бол өглөө босоод үсээ самнахтай адил зүйл биш. Өөрчлөх эсэх нь тусгай хууль журмаар зохицуулагддаг, өөрийн гэсэн хатуу дархлаатай байдаг зүйл. Хуульчдын тодотгож байгаагаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь нийгэм улс төрийн том үйл явдалд тооцогдоно гэж байна.
Манай улс сүүлийн 20 гаруй жилд Үндсэн хуулиндаа нэг л удаа гар хүрсэн. Их Хурлынхны өнөөдөр нь өргөөд маргааш нь баталсан /1999 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн/ тэр өөрчлөлтийг олон нийт “Дордуулсан долоон өөрчлөлт” хэмээн нэрлэдэг. Тэдгээр өөрчлөлтүүдийн ур урхаг эдүгээ давхар дээлээр үргэлжилж байгаа билээ. Тухайн үед энэ өөрчлөлтийг эрх мэдэлтнүүдэд ашигтай захиалгаар оруулсан залилангийн шинжтэй заалтууд гэж шүүмжилж байсан юм даг.
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай эсэх дээр захын хүн “тийм” гэж хариулах байх. Тухайлбал, жирийн иргэдийн дунд хамгийн их яригддаг сэдэв бол хот, тосгоны эрх зүйн байдлын тухай юм. Монгол Улс ганцхан хоттой болсноор хөдөөнөөс Улаанбаатар руу чиглэсэн их нүүдлийг эхлүүлж, орон нутгийн бие даасан байдлыг алдагдуулсан гэж шүүмжилдэг. Эрдэнэт, Дархан зэрэг хэдэн зуугаар тоологдох мянган хүн амтай хотыг 3-4 мянган хүн амтай сумын статустай адилтган үзсэн нь тэмээ ямаа хоёрыг тэнцүүлсэнтэй адил заалт байв.
Энэ мэт төөрч будилсан зүйл байгаа байх. Тэгээд дээр нь мөнөөх “дордуулсан долоон заалт” нэмэгдчихсэн байгаа.
Өмнөх парламентын үед нутгийн удирдлагын тогтолцоо болон төрийн байгуулалтын асуудалд өөрчлөлт оруулж парламентаа тодорхой болгоё гэсэн санал түлхүү явж байсан. Түүнчлэн сонгуулийн асуудал, шүүгч нарын томилгоонд өөрчлөлт оруулах тухай санал бодол явж байсан санагдана. Тэр үед УИХ-ын гишүүдийн тоог 99 болгож нэмэгдүүлэх тухай яригдаж байсныг уншигчид санаж байгаа байх аа.
Засгийн бүх эрх улс төрийн намуудын мэдэлд ороод байгаа өнөөдрийн гажуудлыг даруй зогсоож ард түмний мэдэлд жинхэнэ утгаар нь өгөх өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулах нь зүйтэй гэсэн саналыг олон хүн илэрхийлдэг. Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном гуай “Ерөнхийлөгчийг улс, нийгмийн хөгжлийн төлөө ажиллах тодорхой өргөн үүрэгтэй, хүлээх өндөр хариуцлагатай болгох, Улсын Их хурлыг Дээд, Доод гэсэн хоёр танхимтай байлгах”-аар өөрчлөх саналтай байгаагаа хэвлэл мэдээллээр илэрхийлж байсан нь бий. Ер нь энэ мэтээр эрх мэдлийн хуваарилалттай холбоотой санал их цухалзах болсон. Монгол Улс парламентын засаглалд шилжээд 20 гаруй жилийн нүүр үзэж байгаа ч Монголын нийгэм эдийн засгийн өнөөгийн урагшгүй байдал нь үүнийг эргэн харах ёстой гэсэн үзэл бодолд хүргэж байгаа бололтой. Үүнтэй хамт Ерөнхийлөгчийн хуулиар олгогдох эрх мэдэл, үүрэг хариуцлага тэр хэрээр үгүйлэгдэж байгааг хэтрүүлж хэлбэл Монгол даяараа ярьдаг.
Д.Содном гуай УИХ-ыг зургаан жилийн хугацаагаар сонговол төрийн тогтвортой үйл ажиллагаанд эергээр нөлөөлөх, хариуцлага ёс зүй зэргийг нь харгалзан гишүүдийн 20 хувийг хоёр жил тутамд шинэчилж байх нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлж байсан билээ. Санадаг л санаа байгаа биз.
Иргэд Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт хийхийг үгүйсгэддэггүй. Гэхдээ хуулийн суурь үзэл баримтлалыг дордуулсан заалт оруулж болохгүй гэдгийг сануулдаг. Энэ бол долоо хэмжиж нэг огтлох, шаардлагатай гэж үзвэл бүх нийтийн санал асуулгаар ч шийдэх боломжтой хэмээдэг.
Ямартай ч ирэх хавраас Үндсэн хуулинд оруулах өөрчлөлтийн дүр зураг тодорч эхлэх бололтой.
П.Булган
Сэтгэгдэл ( 0 )