Хаврын улстөр Таван толгойг онилов

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 04

Хэрэв бид нүүрсний экспортоо нэмэгдүүлэх талаар хий хоосон бус бодит ажил хийж байсан бол, томоохон ордуудаа хүчирхэг төслүүдээр дэмнэн гадагш экспортлож байсан бол өнөөдрийн эдийн засгийн хямрал ийм болтлоо хүндрэхгүй байсан гэж эдийн засагчид шүүрс алдан ярьж байна. Тиймээ, улс орны эдийн засаг гагцхүү уул уурхайн зах зээлээс шууд хамааралтай болоод байсан Монголын улстөр, нийгмийн салбар гадны хөрөнгө оруулагчдаа алдсаар эцэстээ зогсонги байдалд орж байна.  Гэтэл унасан эдийн засгийг босгох сүүлчийн мөрөөдөл, Монгол Улсын эрх ашгийн эцсийн найдлага болоод буй Таван Толгойн асуудал өдгөө улстөрчдийн хэрүүлийн гол сэдэв болж хувирлаа. Хэрүүлийн хоёр талд мөнөөх л Х.Баттулга, М.Энхсайхан нар зогсч байна. Монгол Улсын сайд гэх албан тушаалд очсон М.Энхсайхан Таван Толгойг хөдөлгөх “намын” даалгаврыг Засгийн газрын тэргүүнээсээ аваад сар ч болоогүй байхад зарим улстөрчид түүний замд тушаа татаж эхлэв бололтой. 

Гэтэл унасан эдийн засгийг босгох сүүлчийн мөрөөдөл, Монгол Улсын эрх ашгийн эцсийн найдлага болоод буй Таван Толгойн асуудал өдгөө улстөрчдийн хэрүүлийн гол сэдэв болж хувирлаа

“Мега төсөл бол чулуу шидмэгц хагарч мэдэх эмзэг зүйл” хэмээн Монгол Улсын сайд М.Энхсайхан анхааруулсаар. Энэ нь зүгээр ч нэг анхааруулга биш гэдэг нь мэдээж. Бараг гурван засгийн нүүр дамжиж, хоёр ч эвслийн шийдэлд хүрч чадаагүй Таван Толгойн нүүрсний ордны гадаад экспортлогчид одоог хүртэл хэл ам дагуулсаар байгаад гол учир буй.

АНУ-ын “Пибоди” компанид тээвэрлэлтийн эрхийг өгөх байсан, гэтэл Хятадын, “Шинхуа”, Монголын “Энержи Ресурс”, Японы “Сумимото” компаниуд 1072 ширхэг хувьцаа болон 50:50 хувийн эзэмших гэрээ зэргээр “тулгаж” Таван Толгойн ордыг эзэмших боллоо хэмээх яриа М.Энхсайхан болон Х.Баттулга ба түүний “талын” улстөрчдийн хооронд дайсагналын хаалга нээж ашигт малтмалын салбарт орж ирж болох асар их ашгийг улстөржүүлж орхилоо. М.Энхсайхан хоёрхон жилийн өмнө Н.Алтанхуягийн засгийн газраас “Женко” Х.Баттулгатай сөргөлдсөн шалтгаанаар албан тушаалаа орхин гарч байсан. Гэтэл дахиад л Монгол Улсын Сайдын албан тушаалыг Ч.Сайханбилэгээс гардан авсан тэрбээр, УИХ-ын гишүүн Х.Баттулгатай мөнөөх л мөнхийн сэдэв тээвэрлэлтийн тал дээрх ширүүн сөргөлдөөнөө өрнүүллээ. Энэ хоёрын тэмцэл үеийн үед Монгол Улсын эрх ашиг, ард түмний хүсэл сонирхлыг  гацааж иржээ. Өнөө цагт ийм улстөржилтийг “түгжилдэх” гэж нэрлээд хүртэл амжсан юм.

Одоо бүгдээрээ яах вэ. Хятадын компанийн шахалтаас үүдэж Таван Толгойг амь оруулах мега төслийг хоёронтоо түлхэх үү. Эсвэл алс холын АНУ-ын компанид тээвэрлэлтийн эрхийг өгөх хачин хийгээд бүтэл муутай замдаа мордох уу.

Асуулга нэрийн ард популизм нуугдсан уу?

Тонн тутамдаа хоногоос хоногт ханш нь суларсаар байгаа нүүрс үнс болохыг хүлээж, дэлхийд ашиглалтын ордоороо тэргүүлэгч Таван Толгойг зогсоовол энэ эдийн засаг элгээрээ хэвтэнэ. Өрийн тааз, гадны зээл тусламжаас сэргэлт авч чадахгүй манай санхүүгийн нөхцөл байдал Таван Толгойн горьдлогоор өдөр хоногийг элээж байгаа. Гэтэл Таван Толгойн мега төслийн тээвэрлэлт хариуцсан компаниар урд хөршийн компани нэрлэгдсэнд зарим гишүүд тунчиг дургүйлхэв. Тэд Монгол Улсын Сайд М.Энхсайханд асуулга хүргүүлж, Таван Толгойн төслийг гацаах ажлыг эхлүүлэв бололтой. УИХ-ын нэр бүхий 16 гишүүний энэхүү асуулгад Таван Толгойн тээвэрлэгч яагаад Хятадын компани тодорсон, юуны учир 50:50 хувийн ашиг хүртэх болсон гэх мэт зүйлсийг дурьджээ. Үүнийг зарим ажиглагчид уул уурхайн салбарт дагалдсан их мөнгөний ардах улс төр гэж харж байна.

Шийдлийн Засгийн газрийн шийдэх ёстой хамгийн том асуудал Таван Толгойн нүүрсний орд. Хэрэв энэ ордыг Ч.Сайханбилэгийн танхим хөдөлгөж эс чадваас ирэх 2016 оны сонгуульд АН-ын ч тэр, Монгол Улсын ч тэр эрх ашиг, нэр хүндэд томоохон сэв суух юм.

Шийдлийн Засгийн газрийн шийдэх ёстой хамгийн том асуудал Таван Толгойн нүүрсний орд. 

 

Хэрэв бид Таван Толгойн ордоос экспорт хийж эхэлбэл ашиглалтын хугацаандаа 90 тэрбум ам.долларын ашиг хүртэх тооцоо байдаг. Эдийн засаг ийм үед АН 2012 оны алдаагаа давтвал манай улсын уул уурхай дахиад сэргэхгүйд хүрч мэдэх аюул бий. Ордуураа хөдөлгөж, санхүүгийн урсгалаа нэмэгдүүлэхгүй бол ирэх жил талхаа ч авч чадахгүйд хүрэх гүнзгийрсэн хямрал хүлээж байна. Популизм, улстөржилт ярьсаар Таван Толгойг зогсоох уу аль эсвэл засаглалын түүхэндээ Монгол Улс анх удаа мега төсөл хөдөлгөх үү. Эрх баригчдад тавих энэхүү улстөржилт үгүй асуулт ард түмний дунд бүр ч хүчтэй тавигдсаар.

Т.Батсугар

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.125) 2015 оны 02 сарын 04

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top