Сүхбаатар аймгийн АН-ын гишүүд аймгийн төв талбайд цуглаан, суулт зохион байгуулаад 20 гаруй хонож байна. Энэхүү асуудалтай холбоотойгоор өнөөдөр Сүхбаатар аймгийн Засаг дарга З.Энхтөр, Иргэдийн хурлын дарга Б.Гансүх, Иргэдийн хурлын тэргүүлэгч Ш.Мандахнар нар хэвлэлийн бага хурал зарлаж, сэтгүүлчдэд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар бодит мэдээллийг өглөө.
Хуралд оролцогчид: АН ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид албан тушаалаа ашиглан шийдвэр гаргаагүй бөгөөд Сүхбаатар аймагт засаглалын хямрал гараагүй, төрийн ажил хэвийн явагдаж байгаа. АН төлөөлөгчид хуралдаа ирж ард иргэдийнхээ тухтай амьдрах боломжийг хангаж өгөхийг хүсч байна. Тэдний хуралд суух эрхийг хэн ч хориглоогүй, түүгээр ч зогсохгүй шүүхэд шалгагдаж байгаа П.Мөнхжаргал нь гэм буруугүй нь тогтоогдсон тохиолдолд бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөхөө мэдэгдэж байна. Түүнчлэн Сүхбаатар аймгийн АН-ын удирдлагууд 2016 оны 6 дугаар сарын 29-нд болсон орон нутгийн сонгуулиар ялагдсанаа хүлээн зөвшөөрч чадахгүй, улмаар ямар ч аргаар хамаагүй нэг суудал авч, МАН-ын ялалтыг булаан авахын төлөө улайрч, төр засгийн ажлыг гацаан, ашиг сонирхлоо хангахыг санаархаж буй үйлдлээ зогсоохыг хэвлэлийн бага хуралд оролцогчид шаардаж байна хэмээсэн ба АН худал гүтгэлэг тарааж илтэд улстөржүүлэн, олон нийтийг төөрөгдүүлэх оролдлого хийж буйг няцааж байна хэмээлээ.

2016 онд явагдсан аймгийн иргэдийн төлөөлөгчдийг сонгох сонгуулиар МАН нэг саналын зөрүүгээр ялалт байгуулсан бөгөөд анхдугаар чуулган эхлэхэд АН-с сонгогдсон 16 төлөөлөгч тодорхой шалтгаангүйгээр суугаагүй ба одоо хүртэл чуулгандаа ирэхгүй байгаа ажээ.
Улмаар МАН-н төлөөлөгчид Иргэдийн хурлын даргыг томилох, Иргэдийн хурлын тэргүүлэгчдийг сонгох, Засаг даргаар томилуулах хүний нэрийг өргөн мэдүүлэх зэрэг хууль ёсны шийдвэрүүдийг батлуулжээ. Үүнийг АН-н төлөөлөгчид хууль зөрчсөн үйлдэл хэмээн үзэн захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан ч дээд шүүхийн эцсийн шийдвэрээр 2016 оны 12 дугаар сарын 19-ний 444 дүгээр тогтоолоор дээрх гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.


Сүхбаатар аймгийн хувьд нэг тойрогт дахин сонгууль явагдаж АН-ын гишүүн П.Мөнхжаргал ялалт байгуулсан ба хэд хэдэн хууль зөрчиж цагдаагийн газар шалгагдан одоо прокурорын шатандаа явж байгаа ажээ.
Эдгээр асуудлууд шийдэгдэж амжаагүй байхад АН-ын удирдлагууд илүү суудал авах зорилгоор сумдаас иргэдийг хөлслөн авчирч, жагсаал цуглаан зохион байгуулаад зогсохгүй энэхүү жагсаалдаа бага насны хүүхдүүдийг ашиглаж байгаа нь тодорхой хууль тогтоомжуудыг зөрчиж байна хэмээн үзэж байгаагаа хэвлэлийн бага хуралд оролцогчид мэдэгдсэн юм.

Ж.Золоо

Сэтгэгдэл ( 3 )
ан- луйварчидыг монголын төрийн бүх шатанд ойртуулж болохгүй. өнгөрсөн 4 жил яаж самарсан билээ. өрөнд ортол дээрэм хийсэн эрдэнээ фортуна салга үүл, ахуяг, сбалаг, тэргүүтэй этгээдүүдэд хуулийн хариуцлага тооц.
учраа мэдэхгүй жаахан хүүхдүүдийг оролцуулахаа болиул яасан юм бэ ичээч
Ulsuj yahnab dee ulsuud garsan hun yum hiihgui ni oilgomjtoi idseer bgaad hugatsaa ni duusna tgd bayn baagii bidniigee bay bay gh blgui tsatgalan hun ajil hiissen ni deer bh adaglaad idehgui