Хотын дарга “Адра Монгол” олон улсын байгууллагын төлөөлөлтэй уулзав

2017 оны 05 сарын 03

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Адра Монгол” олон улсын байгууллагын БНСУ-ын Сам-Юг их сургуулийн эрүүл мэндийн шинжлэх ухааны болон Нийгмийн хамгааллын коллежийн декан, Нийгмийн үйлчилгээний хэлтсийн дарга Ко Мён Сүкийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Тус уулзалтад нийслэлийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, “Адра Монгол” олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч М.Мөнхжаргал,  Ко Мён Сүкийн Монгол дахь бие төлөөлөгч болон бусад албаныхан оролцсон юм.

Тэд эмзэг бүлгийн тэр дундаа хотын хогийн цэгүүдээс амьжиргаагаа залгуулдаг иргэд, хүүхэд, эмэгтэйчүүд болон хогийн цэгийн ойр орчимд амьдардаг өрхүүдэд чиглэсэн тэдний эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх, анхан шатны эмчилгээ үзүүлэх төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын явцын талаар ярилцаж, санал солилцлоо.

Уулзалтын төгсгөлд хотын дарга С.Батболд Ко Мён Сүк даргад хүрэлцэн ирж уулзсанд талархаад “1994 оноос хойш Монгол Улсад эрүүл мэнд, боловсролын салбарт хүмүүнлэг тусламжийн үйл ажиллагааг амжилттай явуулж ирсэнд талархаж явдаг. Цаашид бидний хамтын ажиллагаа улам өргөжин тэлэхийн зэрэгцээ олон жил хамтарч ажиллах болно” хэмээн тодотгов гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top