БХЯ-ны нээлттэй хаалганы өдөрлөг Жанжны талбайд болно

2017 оны 05 сарын 27

"Нээлттэй хаалганы өдөр"-ийн талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Батлан хамгаалах бодлого, зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг төрийн болон төрийн бус байгууллага, иргэдэд сурталчлах зорилгоор "Нээлттэй хаалганы өдөр"-ийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Иргэд ч идэвхтэй оролцож, хүссэн мэдээллээ олж, сонирхсон асуулт, хүсэлтдээ дэлгэрэнгүй хариулт авах боломж бүрддэг учраас энэ арга хэмжээнд талархан оролцдог гэж хэлж болно. Энэ удаагийн арга хэмжээ "Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр"-тэй давхцаж буйгаараа онцлог юм.

Ямар арга хэмжээ зохион байгуулагдах вэ?
-БХЯ, ЗХЖШ-ын бүтцийн нэгжүүд болон харьяа байгууллагууд бүтэц, зохион байгуулалт, үндсэн чиг үүрэг, үйл ажиллагааныхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл, танилцуулга хийж, иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч, холбогдох үйлчилгээг үзүүлнэ. БХЯ-ны болон Батлан хамгаалахын төв архивын лавлагаагаар үйлчлэх, офицер, ахлагчийн алба хаах журмын талаар мэдээлэл, танилцуулга хийх, Батлан хамгаалах яамны долоо хоног тутмын дотоод үйл ажиллагаа, гаднаас иргэдийг хүлээн авах журмын талаар мэдээлэл, зөвлөлгөө өгөх, өргөдөл, гомдол хүлээн авах, шийдвэрлэх, хариу өгөх асуудлаар нийтэд танилцуулан мэдээлэх, санал, хүсэлтийг хүлээн авах, хариулт өгөх, саналын хайрцаг ажиллуулах арга хэмжээ явагдана. Мөн олон улсын ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний дайчдын оролцсон байдлын тухай төрөлжүүлсэн зурагт самбар, видео бичлэгүүд болон олон улсын ажиллагаанд оролцогч цэргийн албан хаагчдын хувцасны үзүүлбэр, гардан тулааны тоглолт, эмэгтэй алба хаагчид, хүндэт харуулын цэргүүдийн жагсаалын үзүүлбэр, дуут жагсаал, гадаадад үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн алба хаагчдын ар гэрийг хүлээн авч санал, сэтгэгдлийг нь сонсох зэрэг арга хэмжээг зохион байгуулах юм.

Иргэд ямар асуудлыг голчлон сонирхдог вэ?
-Хугацаат цэргийн алба, энхийг сахиулах ажиллагааны талаар болон ҮБХИС ялангуяа "Ахлагчийн сургууль", "Тэмүүжин өрлөг" сургуулийн элсэлтийн журмын талаар түлхүү сонирхдог. Түүнчлэн архив болон эмнэлгийн үйлчилгээнд хамрагдах хүсэлтэй иргэдийн тоо харьцангуй их байгаа нь ажиглагддаг. Дээрх асуудлаар холбогдох байгууллага, мэргэжилтнүүд зөвлөгөө өгнө. Мөн Батлан хамгаалахын төв архив, Цэргийн төв эмнэлэг иргэдэд үйлчилгээ үзүүлэх юм. Тухайлбал, хөдөлгөөнт хээрийн лабораториор рентген зураг авах, эхо, зүрхний бичлэг хийх, нүд, чих хамар хоолой, зүрхний эмч үзлэг хийж зөвлөгөө өгч, сахрын хэмжээг тогтоох зэрэг үйлчилгээ үзүүлнэ. Түүнчлэн "Бөртэ" ТӨҮГ-ын хамт олон үзэсгэлэн худалдаа явуулж, хувцасны захиалга, "Багабаян" амралтын газар захиалга авч үйлчлэх юм. Иргэд та бүхнийг БХЯ-наас зохион байгуулж буй "Нээлттэй хаалганы өдөр"-т идэвхитэй оролцохыг уриалж байна.

Батлан хамгаалах яам

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top