БНЧУ-тай ХХАА-н салбарт харилцан туршлага судлах, мэргэжилтэн солилцох ажлыг зохион байгуулна

2017 оны 05 сарын 30

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле, Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр тэргүүтэй төлөөлөгчид /2017.05.08-13/ Бүгд Найрамдах Чех Улсад ажлын айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд  Бүгд Найрамдах Чех Улсын Брно хотод тус улсын Хөдөө аж ахуйн сайд Мариан Юречкатай албан ажлын уулзалт хийв.

БНЧУ-ын Хөдөө аж ахуйн сайд Мариан Юрэчка Монгол Улсын ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле болон БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр нарыг тус улсын мал аж ахуй, малын гаралтай бүтээгдэхүүний үзэсгэлэнд оролцож буйд баярласнаа илэрхийлж, энэхүү айлчлал нь хоёр улс хоорондын урт хугацааны түүхэн харилцаа үргэлжилж байгааг харуулсныг онцолсон. Тэрээр хоёр орны хамтын ажиллагааг үргэлжлүүлж, улам өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэн  ажиллахаа илэрхийлэв.

БНЧУ-ын Хөдөө аж ахуйн сайд М.Юрэчка хоёр орны хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, хүнс, хөдөө аж ахуйн салбарт харилцан туршлага судлах, мэргэжилтэн солилцох ажлыг зохион байгуулах, хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, ой мод, байгаль орчныг хамгаалах салбаруудад хамтарч ажиллах өргөн боломж буйг тэмдэглэсэн.

ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле Засгийн газраас хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцуулж, БНЧУ-ын ХААЯ-тай хамтарч ажиллах тодорхой саналуудыг дэвшүүлсэн. Сайд М.Юрэчка хүнсний үйлдвэрийн салбарт, ялангуяа мах боловсруулах үйлдвэр, чихэр, гурилан бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд хоёр талын хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллах боломжтой гэдгийг дурдав.

БНЧУ-ын Хөдөө аж ахуйн сайд Мариан Юречкатай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле тэргүүтэй төлөөлөгчдийн хийсэн албан уулзалт нь хоёр орны хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг улам эрчимжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлсон үр дүнтэй боллоо.



Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top