Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын заалын нээлт боллоо

2017 оны 06 сарын 03

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор нь нийслэлийн хэмжээнд эцэг эхийн хараа хяналтаас гарч хүнд нөхцөлд амьдардаг, хагас болон бүтэн өнчин 4-21 насны хүүхэд, залуучуудыг амьдрах нөхцөл боломжоор хангаж төлөвшүүлэн нийгэмшүүлж, сурган хүмүүжүүлж улмаар мэргэжил олгох сургалтад хамруулах үйл ажиллагааг явуулдаг Хүүхэд, Залуучуудын төвтэй нийслэлийн төсөвт асрамж, халамжийн үйлчилгээний байгууллага юм.

Цогцолборын биеийн тамирын заалыг анх 2008 онд ашиглалтад оруулснаас хойш засварт ороогүйгээс дээврээс нь бороо цасны ус гоожин хана таазыг нь хөгцрүүлэн мөөгөнцөртсөн, өвлийн цагт хүйтэн, гэрэлтүүлэг муутай, тохигүй хүүхэд залуус тоглох, спортоор хичээллэхэд хүндрэлтэй байдал үүсээд уджээ. ХБНГУ-аас Монголд суугаа ЭСЯ-нд бид дээрх байдлаа танилцуулан төсөл боловсруулан хүсэлт тавьсныг тус ЭСЯ хүлээн авч буцалтгүй тусламжийн санхүүжилтээр заалыг иж бүрэн засах мөн ширээний теннис, бильярдын ширээ бүхий байрыг шинээр өргөтгөн барих боломжийг бий болгож өгсөн билээ.

Өнөөдөр шинээр засвар хийсэн заалныхаа нээлтийн үйл ажиллагааг хүүхэд залуус, зочдынхоо хамт хийсэн юм. Нээлтэд ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Штефан Дуппел, нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр зэрэг зочид хүрэлцэн ирж, оролцон хүүхэд залууст спортын өндөр амжилт хүсэхийн хамтаар зөв хүн болон төлөвшиж улс эх орондоо их зүйлийг бүтээхийг хүсэн ерөөв. Хүндэт зочиддоо манай хүүхэд залуус бэсрэг урлагийн тоглолтоор бэлэг барилаа.

Их засварын болон өргөтгөлийн барилгын ажлыг дотоод нөөц бололцоогоо ашиглан аж ахуйн ажилчид мөн залуучуудын төвийн мужаан болон барилгын мэргэжлийн багш, суралцагч залуусын хамтаар хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэсэн билээ. Ийнхүү зохион байгуулсан нь зардал хэмнээд зогсоогүй харин ч мужаан болон барилгын мэргэжлийн суралцагч залуус сурсан мэдлэгээ дадлага ажил дээр гүйцэтгэх таатай боломжыг бий болгож чадсан төдийгүй тохилог, дулаан, гэрэл гэгээтэй зааландаа хүүхэд залуус маань чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, өөрсдийн авьяас чадвараа нээн хөгжүүлж их спортын талбарт амжилт гаргах таатай боломж бүрдсэнд бид бүхэн баяртай байгаагийн зэрэгцээ тусламжийн халуун гараа сунгасан Герман ах, эгч нартаа баярласан талархсанаа дахин илэрхийлж сайн сайхныг хүсэн ерөөж байна гэж нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбороос мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top