“JCI” байгууллагын 3500 залуус Улаанбаатар хотод чуулна

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 07

“Жэй Си Ай 2017 Аспак” буюу “Жэй Си Ай” байгууллагын Ази номхон далайн чуулганаар дэлхийн 3500 манлайлагч, бизнес эрхлэгч залуус Монгол Улсад хуран чуулахад бэлэн болоод байгаа юм. Энэхүү чулга уулзалт АСЕМ-ийн чуулга уулзалттай дүйцэхүйц өргөн хэмжээний уулзалт аж. Үүнтэй холбогдуулан өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлалаа.

 JCI Олон Улсын байгууллагын 2017 оны Тэргүүн дэд ерөнхийлөгч Марк Брайн Лим “JCI байгууллага нь дэлхий даяар эерэг өөрчлөлтийг бий болгохыг зорьдог. Дэлхийн 120 гаруй оронд өөрийн салбартай. Энэ удаагийн Ази Номхон далайн бүсийн чуулганыг МУ-ын Улаанбаатар хотноо зохион байгуулж байгаагаараа онцлог болж байна. Чуулга уулзалтаар залуус өөрсдийн мэдлэгээ хуваалцдаг. Манай байгууллага нь дэлхийн өнцөг булан бүрт байгаа залууст хөгжих, бие биенээсээ суралцах боломжийг олгодог. Нэгтгэсэн арга хэмжээ зохиох амаргүй. Энэхүү чуулга уулзалтыг Монгол залуус амжилттай зохион байгуулж байгаа нь тэдний манлайлах чадвар ямар сайн болохыг харуулж байна.  Чуулганд оролцохоор ирсэн хүмүүс танай орны үзэсгэлэнтэй байгалийг бишрэх биз ээ. Хүрэлцэн ирсэн хүмүүс чуулга уулзалт дууссаны эх орон луугаа Монголын тухай сайхан сэтгэгдэлтэйгээр буцах байх. Хамтран ажиллаж байгаа бүх хүмүүст талархал илэрхийлье” хэмээв.  

 JCI байгууллагын гишүүд ихэвчлэн 18-40 насны залуус байдаг. Одоогоор дэлхий даяар 200 мянга гаруй гишүүнтэй. Одоо зохиогдох гэж буй чуулга уулзалтад хүрэлцэн ирж байгаа хүмүүсийн дийлэнх нь бизнес эрхлэгч залуус аж. Тус чуулаг уулзалт зохиогдсоноор Монгол Улсын эдийн засагт томоохон үр өгөөжийг өгнө хэмээн үзэж байгаа аж. Тухайлбал, хүрэлцэн ирсэн хүмүүсийн нислэгийн зардал,  буудалд байрлах, худалдан авалт хийх гээд Монгол орон руу хөрөнгийн томоохон урсгал орж ирнэ. Энэхүү уулзалт зөвхөн эдийн засгийн талаараа өгөөж өгөөд зогсохгүй, Улаанбаатар хотыг дэлхийд таниулах чухал ач холбогдолтойг  хурлын үеэр онцолж байв.

 2017 JCI Ази-Номхон Далайн Бүсийн Чуулган зохион байгуулах хорооны дарга Г.Баярмагнай, “Олон улсын нэр хүндтэй “JCI” байгууллагын чуулга уулзалт манайд болно гэдэг Монголын залуучуудын байр суурь олон улсад бэхжих нь гарцаагүй. Японоос гэхэд 1200 гаруй хүн ирэхээр бүртгүүлсэн. АСПАК-ийн нэг онцлог бол залуус, зочид очсон газартаа заавал буцаж ирж бизнес эрхэлдэг, эсвэл аялал жуулчлалаар ирдэг шинэ том гарц. Нэг үгээр Монголд бизнесийн болон аялал жуулчлалын том гарц болж байгаа юм. Энэ бол хамгийн том үр дүн. Эдийн засгийн үр өгөөжийг дээр онцолсон. Чуулганыг амжилттай зохион байгуулах нь Монгол Улсын нэр хүндийг олон улсад сурталчилж байна. Бүс нутаг дотроо бид аялал жуулчлалын болон олон улсын арга хэмжээний төв болох боломжтой. Нэг ёсондоо залуучууд хамтарч хөгжих, хамтарч ажиллах сайхан боломж, сүлжээг бий болгодог. Монгол залуус үүнээс маш их зүйлийг сурна. Чадавх нь сайжирч, гадаад холбоо харилцаатай болно. Чуулганд ирж байгаа төлөөлөгчид хэдийгээр төр засгийн өндөр том албан тушаалтнууд биш ч гэсэн дэлхийн хэмжээний нөлөө бүхий хүмүүс байдаг. Олон улсын манлайлагч, идэвхтэй, бизнес эрхлэгч залуус ирдэг. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч, Японы Сангийн сайд зэрэг хүмүүс “JCI”-ийн бүтээгдэхүүн. Монгол Улсад “JCI”-ийг анх С.Зориг, Д.Галсанбуян нар анх оруулж ирсэн. Энэ байгууллагаас Монгол Улсын улс төр, бизнесийн салбарт манлайлж, идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа олон зүтгэлтэн төрөн гарсан” гэлээ.

Чуулга уулзалтад Японоос гэхэд л 1200 гаруй хүн ирэхээр бүртгүүлжээ. Бүсийн чуулганы үеэр 84 төрлийн үйл ажиллагааг зохион байгуулах аж. Тухайлбал, 27 сэдвээр хувь хүний хөгжлийн сургалтуудыг залуучуудад хийх гэнэ. Залуус өөрийгөө хөгжүүлэх, бизнес төлөвлөгөө хийх, хаана ямар бизнесийн боломж байна, мэдээлэл технологийн хувьд хэрхэн хамтран ажиллах зэрэг 27 сэдвээр сургалт болж, сургалтад хамрагдсан залууст “JCI”-ийн сургалтын байгууллагаас сертификат олгох юм. Мөн “Ази-Номхон далайн бүс нутгийн хөгжил” сэдвээр зөвлөлдөх уулзалт болох гэнэ. Үүнд энэ чиглэлийн судалгаа хийдэг, олон жил ажилласан хүмүүс цугларч, санал бодлоо солилцон, “JCI”-ийн 2022 он хүртэлх хийх ажлынхаа төлөвлөгөөг гаргахаар болжээ.Чуулга уулзалт "Шангри Ла", "Туушин", "Улаанбаатар", "Блю Скай" зочид буудлуудад дөрвөн өдрийн турш үргэлжлэх юм. 

Б.Янжиндулам

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.177.247) 2017 оны 06 сарын 07

Сэтгүүлчид заавал нэг зүйл дутуу бичих юм.Хэзээ, хэднээс хэдэнд энэ нь болох юм бэ?

0  |  0
Top