2017 JCI ASPAC “WELCOME TO MONGOLIA” арга хэмжээгээр үргэлжлэв

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 10

Буянт-Ухаа спорт ордонд болсон нээлтийн арга хэмжээний үргэлжлэл гадаах талбайд зассан асар, монгол гэрт “WELCOME TO MONGOLIA” арга хэмжээгээр үргэлжилсэн юм.

51 орны 3500 гаруй манлайлагч залуус болон Монголын 400 гаруй лидер залуус оролцсон энэхүү арга хэмжээнд JCI Монголын 13 салбар байгууллага Монгол ёс заншил, ахуй амьдралыг харуулсан өөр өөрсдийн онцлогтой асар майхан, монгол гэр барьж, зочдыг гайхшруулж байв. Монголын үндэсний соёл уламжлалыг харуулсан хөгжөөнт тоглоом, үйл ажиллагаа бүхий асруудад нэрийн хуудас солилцох, бэлэг дурсгалын зүйлс, мини арт шоу зохион байгуулагдаж байв. Мөн Монголын үндэсний хоол, зоог бүхий үйлчилгээний асрууд болон уух зүйлс айраг, ус, пивоор дайлах асрууд, Монголын үндэсний онцлогийг харуулсан зураг авахуулах ZONE-WALL–ийг гурван хэсэгт бэлтгэсэн байлаа.


Энэ хэсэгт үндэсний хувцастай баатрууд, хатадтай хамт зураг авахуулах боломжийг бүрдүүлсэн нь гадны зочдод илүүтэй таалагдаж байв.

Энэ үеэр Торго загварын шоу болж, Дарханы “Эгшиглэнт чимээ” хамтлагийн хүүхдүүд аялгуут хөгжмөө тоглож, уран нугараач охид нугаралтын гайхамшгийг гадныханд үзүүлсэн юм.

Мөн чопперчид талбайд орж ирж, тулга асаах ёслол болж, салют буудуулж, урлаг соёлын үзүүлбэрүүдтэй гайхалтай үдшийг олон орны залуус Монголын хөх тэнгэрийн доор өнгөрүүлсэн юм.


Ийнхүү Ази-Номхон далайн бүс нутгийн чуулган 2017 JCI ASPAС албан ёсоор эхэллээ. Чуулганы үеэр албан ёсны 84 арга хэмжээг зохион байгуулах бөгөөд 11-ний өдрийг дуустал Улаанбаатар хотноо үргэлжлэх юм.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top