Япон эрдэмтэд ЭМЯ-ын “Хүндэт тэмдэг”-ээр шагнагдлаа

2017 оны 06 сарын 12

ЭМЯ “МУ-ын анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах” төслийг Япон улсын ЖАЙКА байгууллагатай хамтран 2019 он хүртэл 5 жилийн хугацаатайгаар хэрэгжүүлж байгаа билээ. Тус төслийн ахлах зөвлөх ОХАРА Хироши, зохицуулагч НОДА Хироюки нар төсөл хэрэгжиж эхэлснээс хойш манай улсад 2 жилийн томилолттой ажиллаад нутаг буцаж байгаатай холбогдуулан ЭМ-ийн сайд А.Цогцэцэг тэднийг хүлээн авч уулзан, ЭМЯ-ны “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа.

ЭМ-ийн сайд А.Цогцэцэг шагнал гардуулах үеэр МУ-ын эмнэлгийн мэргэжилтнүүдийн төгсөлтийн дараах сургалтын тогтолцоог боловсронгуй болгоход өнгөрсөн хугацаанд идэвх санаачлагатай ажилласныг тань үнэлж энэхүү шагналаар шагнаж байна. Та бүхэн эрүүл мэндийн салбарын анхан шатны тусламж үйлчилгээнд, ялангуяа хүүхэд, яаралтай тусламж, гэмтэл, вакцины чиглэлээр оруулсан хувь нэмэр их байсан гэдгийг цохон хэллээ.

Харин төслийн Ахлах зөвлөх ОХАРА Хироши Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгт хариу талархал илэрхийлж, хэдийгээр томилолтын хугацаа дуусан нутаг буцаж байгаа ч гэсэн цаашид төсөл үргэлжлэх 3 жилийн хугацаанд эхлүүлсэн төслөө амжилттай дуусгаж, МУ-ын эмнэлгийн мэргэжилтнүүдийн төгсөлтийн дараах сургалтын тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр дэмжлэг үзүүлж ажиллана гэдгээ илэрхийллээ.

Өнгөрсөн 2 жилийн хугацаанд төслийн хүрээнд резидент эмчийг удирдах эмч-багш буюу “Эмнэл зүйн сургагч багш” бэлтгэдэг Японы заах аргын стандарт сургалтыг нэвтрүүлэх, төгсөлтийн дараах сургалт эрхлэгч байгууллагуудын үйл ажиллагаанд явцын үнэлгээ хийх тогтолцоог боловсронгуй болгох, насанд хүрэгчдийн амилуулах лавшруулсан тусламжийн болон  хүүхдийн амилуулах суурь тусламжийн сургалтыг зохион байгуулах үндэсний чадавхийг бэхжүүлэх  чиглэлээр төлөвлөсөн үйл ажиллагаануудыг хэрэгжүүлээд байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top