Лондонд Гренфелл цамхаг, Улаанбаатарт “Говь” үйлдвэр шатлаа

2017 оны 06 сарын 15

Гандуу энэ жил газар газар гал түймэр гараад хэцүүхэн байна. Ямар галын дөл өөдөө гэлтэй биш. Гарз гарч байгаад нь хүмүүс их харамсаж байна. Тэртээх Лондонд 24 давхар байшин шатаж буй тухай бичлэг мэдээлэл дэлхий дахинаа түгсэн. Уг түймрийн талаар манай сайт мэдээлсэн.Харин энд бид урд шөнө Улаанбаатарт гарсан түймрийн талаар мэдээлэл оруулж байна. Ноолууран эдлэлийн “Говь “ үйлдвэр зөвхөн Монголдоо төдийгүй дэлхийд танил билээ. Тийм болохоор “Говь” шатсан тухайд цахим мэдээллээс бас л дэлхий дахинаа анхаарч байгаа биз.

Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд байрлах “Говь” хувьцаат компанид өчигдөр 20 цаг 46 минутад гал гарч,шатаж эхэлсэн байна. Гал үйлдвэрийн дээврээс эхэлж гал гарчээ. Гал түймрийн дуудлагын дагуу Нийслэлийн онцгой байдлын алба шуурхай арга хэмжээг аван,унтраахаар  ажилласан байна. Ажиллагааг  ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа С.Залуухүү нар ахалжээ.

Энэ тухай Онцгой байдлын газрын хэвлэл мэдээллийн ажилтан М.Бурмаагаас тодрууллаа.  Тэрбээр “Говь” хувьцаат компанийн үйлдвэрийн дээвэр шатсан дуудлага аваад  Нийслэлийн онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах анги болох 12 ангийн 150 гаруй албан хаагч, гал унтраах шуурхай албаны 31 автомашин ажиллав. Галын тархалт их, барилга байгууламжийн талбай том, дээвэр нь шилэн хөвөн, хар цаас, мод гэсэн шатамхай материалаар хийгдсэн тул галын тархалт эрчимтэй явагдаж, галыг бүрэн унтраахад хүндрэлтэй байсан. Гал сөнөөгчид энэ сарын 14-ний орой 20:50 цагаас хойш галыг таазнаас доош тархаахгүй,  үндсэн барилга руу оруулалгүй, бүрэн унтраахаар тасралтгүй ажилласан юм. Мөн Галын голомтод усны нөөцийг хангалттай хүргэх зорилгоор Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар, Хот тохижилт, үйлчилгээний газрын ус тээвэрлэх нийт 12 автомашинаар болон Улаанбаатар төмөр замын сүлжээг ашиглан 68 тоннын багтаамжтай ёмкость бүхий вагонтой усыг галын голомтод ойртуулан зөөвөрлөж байлаа. Онцгой байдлын алба хурдан шуурхай ажилласны үр дүнд галыг унтрааж чадлаа” гэсэн юм.  Тэдний албан хаагчид 10 цаг тасралтгүй ажилласны үр дүнд өглөөний 05.00 цагийн орчимд галын тархалтыг зогсоож, бүрэн унтраажээ Галын улмаас бэртэж гэмтсэн хүн байхгүй бөгөөд үйлдвэрт байсан түүхий эдийг гаргаж амжжээ. Үйлдвэрт зөвхөн тоног төхөөрөмж л үлдсэн байна. Одоогийн байдлаар “Говь” ХХК-ийн ойр орчмын замын хөдөлгөөнийг хязгаарлаж, Төмөр замын Цагдаагийн хэлтсээс объектыг хамгаалалтад авсан байна.

 Мөн  галын шалтгааныг тодруулахаар холбогдох байгууллагын хүмүүс ажиллаж байгаа юм. Галын аюулыг зогсоон унтраасан нь сайн хэрэг. Харин гал чухам хаанаас гарав, юунаас болов гэдэг хэн хүний анхаарал татна. Учир нь Монголын нэг нэрийн хуудас болсон “Говь” брэнд эндээс төрдөг. Үйлдвэрлэлийн тийм чухал объектын галын аюулгүй байдал яагаад алдагдав. Нөхцөл байдлын шалтгааныг бүрэн зөв тогтоох хүртэл хайран хөрөнгө гэж харамсахын зэрэгцээ янз бүрийн хардлага дагуулах л байх.  Энэ удаагийн нэг сэдэв болон орж буй “Говь” компани нь 2007 онд анх хувьчлагдсан байна.Тухайн үед нийт хөрөнгийн хэмжээ 27 тэрбум төгрөгөөр тооцогдсон байдаг. Түүнээс 10 жилийн дараа компанийн нийт хөрөнгө 122.8 тэрбум төгрөгт хүрч, жилд 70 тэрбум төгрөгийн борлуулалт хийдэг гэсэн мэдээлэл бий. Тус компани Монголын урдаа барьдаг үндэсний томоохон боловсруулах үйлдвэр юм.  Нийтдээ 1600 орчим хүнийг ажлын байраар хангадаг тухай  компанийн 2016 оны хагас жилийн тайланд дурджээ.

Дээрх гал гарч өмч өртсөн өдөр хоногийн нэгэн тододгол гэвэл  Англи ,Монгол хоёрын талаар дэлхий адил  анхаарах ихэр  шалтаг нь Лондон, Улаанбаатар хоёр дахь Гренфелл цамхаг, “Говь “ үйлдвэр боллоо .

                                                                                   

Б.Янжиндулам 

 www.zindaa.mn


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.212.117.184) 2017 оны 06 сарын 15

Эрхэм Янжиндулам аа!” USA London”

0  |  0
Top