Хэнд ч хэрэгггүй байгууллагуудыг татан буулгая

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 21

“Нутгийн зөвлөл” гэсэн нэр томъёо сүүлийн жилүүдэд түгэх боллоо. Аймаг болгон нутгийн зөвлөлтэй болоод зогсохгүй сум бүр өөрийн гэсэн нутгийн зөвлөлтэй болох нь тэр. Нэртэйгээр нь жалга довоороо нийлж байгаад нутгийн зөвлөл гээчийг байгуулах нь халаг. Энэ бол өнөөгийн монголчуудын үнэн төрх. Хоорондоо талцаж бутрахын бодит жишээ. Нэгэн цул байж, эвтэй байвал хүчтэй байдаг гэдгээ эртнээс эрхэмлэж ирсэн монголчууд бид өдгөө талцаж бутрахын тод жишээг “Нутгийн зөвлөл” гэгчийг байгуулснаар харуулах боллоо. 

Хэсэг бүлэг хүмүүс нэгдээд хийрхэх болов. “Төрөлх нутаг, төрж өссөн газрынхаа” төлөө гэж ирээд л нутгийн зөвлөлийг үүсгэн байгуулах нь тэр. Гэвч тэр хайр ивээл нь, тэр их сэтгэл нь үнэн үү гэвэл эргэлзээтэй.

Ажаад байхад нутаг орондоо нэр хүндээ гаргах замаар өөрийнхөө карьерыг өсгөх хүсэлтэй хүмүүс л ийм зүйлийг сэдэж, нутгийнхаа нэрийг барьж, нууцхан өөрийнхөө эрх ашгийг гүйцэлдүүлэхийг хүсдэг нь илт.

За энэ ч яахав. Хамгийн аюултай нь тэр сумын энэ аймгийн гэж хуваагдаж байгаа явдал юм. Бид өөрсдийгөө ямар мэдэхгүй биш. Талцаж хуваагдаж, танай манай дээрээ тулахдаа дуртай хүмүүс. Тийм байхад ийм төрлийн байгууллага олноор бий болж байгаа нь даарин дээр давс нэмэхтэй адил санагдана.

Ер нь ч тэгээд бидэнд Монголын гэсэн нийтлэг нэг л эрх ашиг гэж байхаас бус Архангайн, Увсын, Ховдын, Булганы, Завханы эрх ашиг гэж байх ёсгүй. УИХ-ын гишүүд ч гэсэн энэ тал дээр учиртай хандмаар байгаа юм. Төсөв хэлэлцэх үеэр сонгогдсон тойрогтоо соёлын төв, юухан хээхэн бариулна гээд улайрах нь энүүхэнд. Дов, довоо шарлуулах амин хүсэлдээ хөтлөгдөж, нэгдэж нийлээд нийт монголчуудад хэрэгтэй томоохон бүтээн байгуулалт хийчих хөрөнгийг тал тал тийш нь тарааж орхидог жишгийг нэгэнт тогтоолоо.

“Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй” гэсэн мэргэн үг бий. Ард иргэдийн төлөөлөл болсон УИХ-ын гишүүд нь жалга довны үзлийг өндөрт өргөж, өөрсдөө үлгэрлэн дуурайж байгаа болохоор өдгөө нутгийн зөвлөл мэтийн байгууллагыг байгуулах хүсэлтэй хүн захаасаа аваад гарч ирэх нь мэдээж. 

Нэгэнт л бид туурга тусгаар улсын иргэдээс хойш энэ аймаг, тэр сум гэж талцаад байхын хэрэг юун. Ингэлээ гээд монголчууд бидэнд ямар ашигтай гэж.

Жалга довны өчүүхэн үзлийг л өвөртлөхөөс өөр гийх зүйл үнэндээ үгүй. Өнөөдөр нутгийн зөвлөлийнхөн юу хийдэг юм бэ. Улаанбаатарт цагаан сарын золгуут зохион байгуулж, наадмаар нутгийнхаа нэрийг гаргасан бөхөд бай шагнал хүртээхээс өөр зүйлгүй шүү дээ. Түүнийгээ нутаг орныхоо төлөө юм хийчихлээ гэж бодож байгаа бол том эндүүрэл. Нутгийн зөвлөлийнхөн суманд ажлын байр бий болгожээ, үйлдвэр байгуулжээ гэж та бид сонсож байв уу, үгүй л биз дээ. Үнэхээр өнөөдөр нутгийн зөвлөл гэх байгууллага байгуулж, ажиллахыг хүсч байгаа юм бол хүнд хэрэгтэй, төрөлх нутагтаа ажиллаж, амьдарч байгаа ард иргэдэд ээлтэй үйл ажиллагаа явуулмаар байгаа юм.

Түүнийхээ дараа нутгийнхаа төлөө ажиллачихлаа, байгууллага байгуулчихлаа гэж ярих эрхтэй.

Өнөөдөр монгол орны 21 аймаг 300 гаруй сум нутгийн зөвлөлтэй боллоо гээд юу нэмэгдэв. Хөгжил дэвшил, хүнд хэрэгтэй сайн үйлс хийгдэв үү, бодох л асуудал. Хийж хэрэгжүүлсэн зүйлгүй, хий дэмий хийрхэж, цөөхөн монголчуудыг улам эвдрэлцүүлж, дунд нь жалга довоор нь бутаргаж байна шүү дээ. “Нутгийн зөвлөл” нэртэй яг үнэндээ үргүй зардал гаргасан, оновчгүй хөрөнгө оруулалт, менежментийн сонгодог жишиг болсон ийм төрийн бус байгууллагуудаас өнөө цагт татгалзах хэрэгтэй гэж бодож байна. Социалист нийгэм задарч, эдийн засаг сульдан доройтож байсан хүнд цаг үед нутгийн зөвлөл хэрэгтэй байсныг үгүйсгэхгүй. Одоо бол тэр цаг үе өнгөрсөн. Тамын тогооны үлгэрийг харин ч ажиллуулан баяжуулж, үргэлжлүүлж, цөөхөн монголчуудыг улам л хооронд нь хагалан бутаргахаас өөр “ид шидгүй” болсон энэ байгууллагаа Монгол Улсын бүх аймаг, сумд татан буулгах нь нэн чухал ач холбогдолтой гэдгийг бид хаана, хаанаа ухаарах цаг болжээ.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Дэмжиж байна(202.9.41.202) 2017 оны 06 сарын 22

УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржоо энэ их чухал асуудал ер нь БНМАУ - ын аймаг орон нутгуудыг нутгийн зөвлөл гэгчээр хуваах наадамд төрүүлсэн бөхөд өндөр шагнал олгодог аймагийн харъат нартаа төрийн өндөр хэргэм цол олгуулах асуудал чамаас эхлэлтэй шүү. Тэр бүү хэл увс хүн мүн хөтөлбөр хэрэгжүүлнэ ч гэх шиг бусармаг юм их хийцгээлээ. Ингэж болохгүй Увс хүн байлаа гээд орос хятад англи хүн болон хувирчихгүй МОНГОЛ хүн л байна гэж бодохын гэтэл дээр нь тэнэг халхууд дуурайгаад л Өмнөговийн Архангайн гэх мэтээр хуваах гэж оролдож эхэлсээн Энэ бусармаг бурангуй үзлийг хуулиар тас цохин хаах цаг болсоон

0  |  0
boldoo(202.72.244.172) 2017 оны 06 сарын 21

mash chuhal asuudal.demjij bna.

0  |  0
Техасын нутгын зөвлө(59.153.113.148) 2017 оны 06 сарын 21

Жинхэнэ үнэн гэвэл энэ шүү.

0  |  0
hool (103.26.193.218) 2017 оны 06 сарын 21

yu ch hiideggui iluudel ajiliig tatan buulgaj haryalaldana oruul

0  |  0
Bold(166.137.240.33) 2017 оны 06 сарын 21

Yag zov sedev hondson bna ter nutgiin zovlol gej demii um ogt hereggui

0  |  0
Top