Ц.Тунгалаг: Барилга, худалдаа, үйлчилгээний чиглэлийн ажлын байр илүүдэлтэй байна

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 21

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны нээлттэй хаалганы өдөрлөгийн төв талбай дээр зургадугаар сарын 19-20-ны өдрүүдэд зохион байгуулсан билээ. Тус өдөрлөгт ХНХЯ-ны харьяа байгуулгууд болон аж ахуй нэгжүүд хүрэлцэн ирсэн юм. Энэ үеэр Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Ц.Тунгалагаас ямар ажлын байр хамгийн эрэлттэй байгаа болон илүүдэлтэй байгааг тодрууллаа.

- Ямар ажлын байр хамгийн их эрэлттэй байна?

- Манай Сүхбаатар дүүргийн хэмжээнд 230 нээлттэй ажлын байртай өнөөдрийн өдөрлөгт ирсэн. Оюутнууд цагийн ажил их хайж байна. Залуучуудын хувьд уул уурхай, зам, барилгын ажил эрэлттэй байгаа нь ажиглагдлаа. Энэ чиглэлийн ажлын байр ч нэлээн байгаа. Нас ахисан эрэгтэй хүмүүс харуул хамгаалалтын чиглэлийн ажил голдуу сонирхож байна. Ер нь бүтээн байгуулалтын ажлыг хүмүүс их сонирхож байна.

- Илүүдэлтэй байгаа ажлын байр байна уу?

- Барилга, худалдаа, үйлчилгээний чиглэлийн ажлуудын сул оронтоо олон байгаа. Одоогийн байдлаар Сүхбаатар дүүргийн хэмжээнд ажилд орох хүсэлтэй 37 хүн ажил хайгчаар шинээр бүртгүүлээд байна.

- Хүмүүс юуг хамгийн их асууж байна?

-Ажилд хэрхэн хурдан, яаж орох талаар мэдээллийг түлхүү авч байгаа. Аж ахуй нэгжүүд ирсэн байгаа болохоор шууд ажлын байранд зуучлагдаж байгаа хүмүүс ч байна. Одоогоор 17 хүн ажилд орсон. Тухайлбал, “Өндөр Буянт” ХХК замын туслах, Blue sky зочид буудалд үйлчилгээний чиглэлээр гурван хүн авсан гэх мэтээр хүмүүс ажилд орж байгаа.

- Ажлын байрны хүрэлцээ хэр байна вэ?

- Ажлын байр хангалттай байгаа. Харин тухайн хүн ажлын шалгуурт тэнцэх эсэх нь асуудалтай юм. 

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
55(103.26.193.218) 2017 оны 06 сарын 21

ooroor helbel mergejiliin chadvar setgeh uhaan geh yumuu

0  |  0
Top