Улаанбаатар МETRO CITY мөн үү

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 23

Дэлхий нийтэд Metro city гэдэг ойлголт байдаг. Энэ ойлголтод тухайн хот саяас дээш хүн амтай байхын зэрэгцээ дэд бүтэц хот төлөвлөлтийг өндөр түвшинд зохион байгуулж, иргэдийнхээ аюулгүй байдал, таатай амьдрах боломжийг хангасан байдлыг бас авч үздэг. Улаанбаатар хот хэдийгээр хүн амын тоон үзүүлэлтийг хангасан ч хот төлөвлөлтийн талаар шаардлага хангах яагаа ч үгүй байна. Гэтэл хүн амын тоо сая хүрчихээр том хот болдог юм, бид одоо Metro city-гийн оршин суугчид гэж мушгисаар. Хот гэдэг их айл сүүлийн 20 жилд хөл толгойгоо алджээ. Хөлөөрөө толгой, хийж толгойгоороо хөл хийж ирж. Үзвэр үйлчилгээ төрийн захиргааны байгууллагууд хотын төвд байрлаж, орон сууцны хорооллууд болон үйлдвэр, аж ахуйн цогцолборуудыг хотын зах руу төлөвлөдөг дэлхий нийтийн тогтсон стандарт бий. Гэтэл манайд эсрэгээрээ төрийн захиргааны байгууллага, үзвэр үйлчилгээний байгууллагаа хотын зах руугаа хөөж байна. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-ыг Нисэхэд баригдсан спортын ордон руу нүүлгэх шийдвэр гарсан нь үүний жишээ. Аз болоход амьдралаас тасархай энэ шийдвэр цуцлагдсан юм.       

Дэлхийн нийтлэг ойлголтыг мушгин гуйвуулж байгаа шигээ хуулийнхаа заалтыг яг эсрэгээр нь хэрэгжүүлнэ. Жишээлбэл, бизнесмэн эрх мэдэлтнүүдэд Хот байгуулалтын тухай хуулийн  

 

“Орон сууц, олон нийтийн бүсэд амьдрах, аюулгүй байдлыг хангахад сөрөг нөлөө үзүүлж болохуйц бусад барилга байгууламж төлөвлөхийг хориглоно” гэсэн заалт “Иргэдийн аюулгүй байдалд аюул учруулахуйц байгууламж шатахуун түгээх станцыг орон сууц, сургууль, цэцэрлэг зэрэг хүн ам олноор суурьшсан газарт барина”, “Ногоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүсэд хот орчмын ой, ойн хамгаалах зурвас, амралт, сувилал, усан сан, цэцэрлэгт хүрээлэн, спортын цогцолбор, наран шарлагын газар зэрэг олон нийтийг хамрах амралт зугаалгын үйл ажиллагааг зохион байгуулахад зориулагдсан орон зайн задгай орчин, түүнчлэн байгалийн дархан цаазат болон онцгой хамгаалалттай газар нутгийг төлөвлөнө” гэсэн заалт “Ногоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүсэд орон сууц, амралтын бааз, шорон, үйлдвэрийн байгууламж барина” гэх мэтчилэнгээр уншигдаж байгаа юм шүү дээ. Үүний гайгаар 40 мянган айлын орон сууц барих хөтөлбөр Туул голын эргэн тойронд түлхүү хэрэгжсэн гэхэд хэтрүүлсэн болохгүй.
Хууль хэрэгжүүлэгч байгууллагынхан үүнийг мэддэг ч нэгэнт их хөрөнгө зараад босгочихсон барилгыг нурааж, хүний хөрөнгийг үрээд яах вэ гэсэн байдлаар хандсаар өнөөг хүрлээ. Нөгөөтэйгүүр, санаатай санаагүй анзааралгүй явсаар иргэдэд худалдагдчихсан байхад нь ирж “ард түмэн хохирох гээд байна” гээд асуудлыг намжаана. Казахстаны нийслэл Алма Ата яг манайх шиг замбараагүй хот байснаас болж нийслэлээ шилжүүлсэн түүх бий. Шинээр барьсан Астана хот нь ёстой л Metro city гэж хэлэхээр хот байна лээ. Гэтэл манай хууль тогтоох байгууллага, хамгийн ухаантай, нийгмийн элитүүдийн нэгдэл гэж ойлгогддог УИХ хүртэл “Хотод сул газар байхгүй, Төрийн ордноо хотоос гаргаж барина” гэж балайраад сууж байдаг. Улаанбаатар энэ мэт шалтгаанаас үүдээд Metro City гэж хэлэгдэхэд эртэднэ.  
   

 

 

Б.Хурцболд



 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Dorj(73.225.36.23) 2017 оны 06 сарын 24

Metro modon jorlon

0  |  0
mtz(66.181.185.171) 2017 оны 06 сарын 23

robot tsereg

0  |  0
tv(66.181.185.171) 2017 оны 06 сарын 23

toonoos chanar

0  |  0
Top