Х.Баделхан: Баян Өлгий аймгийн сонгууль бүх шатандаа хуулийн дагуу явагдсан гэж үзэж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 28

Энэ сарын 26-нд Монгол Улс эв нэгдлийн бахархал болсон ерөнхийлөгчийг сонгох сонгууль болсон билээ. Тэгвэл Баян Өлгий аймгийн саналын дүнтэй холбоотой асуудлаар МАН-аас өнөөдөр мэдээлэл хийлээ.  

МАН-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Ганбаяр "МАН-ын зүгээс Сонгуулийн Ерөнхий Хороонд шаардлага хүргүүлсэн байгаа. 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн гурван нэр дэвшигчийн аль нь ч зургадугаар сарын 26-нд болсон сонгуулиас олонхийн саналыг авч чадаагүй. Улмаар долдугаар сарын долоонд хоёр дахь санал хураалт явагдахаар болоод байгаа. Энэ сарын 26-нд болсон сонгуулийн Баян Өлгий аймгийн санал хураалтын дүн СЕХ-нд хоцорч ирсэн. Үүнээс үүдэн С.Ганбаатар Баян Өлгий аймгийн санал хураалтын дүнд МАН-ыг нөлөөлсөн гэж үзээд байгаа. Үүнийг бид эсэргүүцэж байна.  

Баян Өлгий аймаг дээр асуудал үүсгээд байгаа 35000 саналын хуудсыг гараар тоолох шаардлагыг СЕХ-д хүргүүлсэн. Сонгуулийн нэгдсэн хуулийг 2015 онд хэлэлцэж байх үе буюу МАН сөрөг хүчин байхад бид сонгуулийн үр дүнг автомат машин болон гараар тоолох саналыг тавьж, ажлын хэсэгт хүргүүлж байсан. Гэвч тухайн үеийн эрх баригчид, хуулийн төслийг боловсруулж байсан ажлын хэсэг манай намын гаргасан саналыг хүлээж аваагүй. Зөвхөн 50 хувь хүртэл нь техникийн тооллого хийнэ гэсэн зүйлийг хуулинд зааж өгсөн.  

СЕХ мэдэгдэл хийхдээ 1984 тойрогт техникийн тооллого хийсэн. Ингэхдээ автомат машин болон гараар тоолсон саналын дүнгийн хооронд ямар нэгэн зөрүү гараагүй гэдгийг хэлээд байгаа. Гэсэн хэдий ч МАН Баян Өлгий дээр үүсээд байгаа саналыг гараар тоолохыг яаралтай зохион байгуулж, гурван намаас албаны хүмүүс байлгахыг шаардаж байна. Манай нам бол төрийн тэргүүнээ сонгох сонгууль ил тод, ямар нэгэн хөндлөнгийн нөлөө, засвар, хий хоосон хардлагыг байх ёсгүй үзэж байгаа.  

УИХ-ын гишүүн Х.Баделхан "Баян Өлгий аймгийн сонгууль бүх шатандаа хуулийн дагуу явагдсан гэж үзэж байна. Малчид аймгийн төвөөс 200км зайд зусланд гарсан байсан. Зарим хэсгийн хороод сумын төвөөс алслагдсан байдалтай, сүлжээ орох боломжгүй газар байрласан байсныг онцолмоор байна.  Ер нь тус аймгийн саналын дүн жил болгон оройтдог. Гэхдээ сонгууль хуулийн хүрээнд явагдсан. Бүх хэсгийн хороод дээр намуудын төлөөлөл болон цагдаагийн байгууллага ажилласан. Тиймээс сонгууль хуулийн хүрээнд баталгаатай явагдсан гэдгийг баталж байна" хэмээлээ.  

Б.Янжиндулам

 www.zindaa.mn


Top