Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд ОХУ-ын Новосибирск хотын захирагч А.Е.Локотийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад НИТХ-ын төлөөлөгч, нийслэлийн Хот тохижилтийн газрын дарга Б.Бямбадорж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, НЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Сүхбаатар, “Монгол-Орос” найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Ж.Гүррагчаа, Новосибирск хотын Хурлын төлөөлөгч В.Е Барсук, Новосибирск хотын Аж үйлдвэрлэл инновацийн газрын дарга А.Н.Люлько, Новосибирск хотын захиргааны Гадаад харилцааны хэлтсийн дарга Е.Б.Молин болон бусад албаныхан оролцов.
Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга С.Батболд “Новосибирск хотын захирагч Локоть Анатолий Евгеньевич тэргүүтэй төлөөлөгчидтэй Улаанбаатар хотод уулзаж байгаадаа баяртай байна. Таны манай улсад хийж буй хоёр дахь удаагийн айлчлал амжилттай болно гэдэгт итгэлтэй байна. Улаанбаатар, Новосибирскийн хооронд Ах дүү хотуудын харилцаа тогтоосноос хойш хоёр хотын харилцаа өргөжин бэхжиж, харилцан айлчлал тогтмолжиж байгаад миний бие мөн баяртай явдаг. Новосибирск бол Улаанбаатар хоттой газарзүйн хувьд ойрхон, цаг агаарын хувьд ижил төстэй, Сибирь бүсийн аж үйлдвэр, шинжлэх ухаан, тээвэр ложистикийн зангилаа хот.
Улаанбаатар хот бол Монгол Улсын Санхүү, Аялал жуулчлал, боловсролын төв юм. Иймд Улаанбаатарыг Зүүн хойд Азийн санхүү, бизнес, аялал жуулчлалын төв хот болгох зорилтын хүрээнд хоёр хот хооронд эл салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хамтран ажиллах саналтай байна. Түүнчлэн Улаанбаатар хотын 3, 4 дүгээр хорооллын угсармал орон сууцны барилгуудын дулаан алдагдлыг бууруулж ашиглалтын хугацааг уртасгах технологийн шинэчлэлт хийх ажлыг эрчимжүүлхийг хүсье” хэмээгээд хоёр хотын ахан дүүсийн харилцаа илүү бүтээлч, харилцан эдийн засгийн үр ашигтай үргэлжлэн гэдэгт итгэж буйгаа онцлон хэлэв.
Мөн энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Новосибирск хотын захирагч Локоть Анатолий Евгеньевичийн хоёр хотын хамтын ажиллагаанд оруулсан хувь нэмрийг үнэлж нийслэлийн “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа.
ОХУ-ын Новосибирск хотын захирагч А.Е.Локоть “Энэ удаагийн миний айлчлалын гол зорилго нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдыг өөрийн хотдоо айлчлахыг урих явдал байлаа. Мөн “Орос-Монголын хамтын ажиллагаа-2017” чуулга уулзалтад оролцохоор ирсэн. Хоёр хот нийгмийн чиглэлээс гадна эдийн засаг, шинжлэх ухаан, агаарын зэрэг салбарт хамтран ажиллах бүрэн боломжтой. Түүнчлэн манай хотод ОХУ-д нэгдүгээрт ордог ШУА-ийг байгуулсан. Тиймээс Монголын оюутнуудыг энэхүү академид суралцвал их баяртай байх болно. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд намайг нийслэлийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнасанд маш их баяртай байна. Энэ шагналыг надад өгснөөр хоёр хотын хамтын ажиллагаанд тодорхой хэмжээний үүрэг хариуцлагыг ногдуулж байна гэж ойлголоо” гэв гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )