Багахангай дүүргийн удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ

2017 оны 10 сарын 23

Багахангай нь нийслэл хотын хэтийн бодлого төлөвлөлт, хүн амын төвлөрлийг сааруулахад чухал ач холбогдолтойн дээр дэд бүтцийн хөгжил сайтай, газар нутаг, зам харилцааны хувьд өргөн боломжтой дүүрэг билээ.

2017 онд нийслэлийн 9 дүүргийн өрсөлдөх чадварын судалгааг Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв, Азийн сан, Нийслэлийн ЗДТГ-аас хамтран  хийсэн бөгөөд тэрхүү өрсөлдөх чадварын судалгаагаар Багахангай дүүргийн ард иргэд ирээдүйдээ итгэх итгэлтэй, өсөн дэвших өндөр хүсэл тэмүүлэлтэй байгаагаараа давуу гэж гарсан нь үүнийг баталж байгаа юм.

Багахангай дүүргийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж Монгол УИХ, Засгийн газраас 2002 оноос хойш “Багахангайн бичил бүсийн техник эдийн засгийн үндэслэл,  Багахангай дүүрэгт байгуулагдах “Үйлдвэрлэл, технологийн парк”-ийн чиглэлийг тогтоох тухай 54-р тогтоол, Багахангай дүүргийг хөгжүүлэх хөтөлбөр  зэрэг бодлогын бичиг баримтыг батлах гаргаж хэрэгжүүлэх үйл ажиллагааг өнөөг хүртэл үе шаттай зохион байгуулан ажиллаж ирсэн бөгөөд 2016 оноос үйл ажиллагааг улам эрчимжүүлж Монгол улсын Засгийн газрын болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Багахангай дүүрэгт Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл технолгийн парк байгуулж гарааны компаниудыг дэмжинэ гэж оруулж өгсөн.

Энэхүү ажлын эхлэл 2017 онд тавигдаж Багахангай дүүргийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл технологийн паркийн Техник эдийн засгийн үзүүлэлтийг боловсруулах ажлын  зардалд Нийслэлийн төсөвт 145 сая тусгагдан сонгон шалгаруулалт зарлаж “Артконстракшн” ХХК шалгарч ажлаа эхлүүлээд байна.

Нийслэл хотын авто замын түгжрэлийг бууруулах, Багахангай дүүргийн хөгжилд түлхэц болох бас нэг томоохон төсөл бол Азийн хөгжлийн банкны техник туслалцаагаар хэрэгжиж буй Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал өртөөнөөс Багахангай дүүргийн Багахангай өртөөний хооронд шинээр тавигдах Богд хан төмөр зам төсөл юм. 2016-2020 онд Улс, нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж буй бодлогын баримт бичигт Богд хан төмөр замыг бариж байгуулах ажлыг эхлүүлэхээр тусгасан бөгөөд тендерийн сонгон шалгаруулалтаар энэтхэг улсын “Интэркотинентал Консалтантс энд Технократс” компани трассын судалгааны зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр гэрээ байгуулан судалгааны ажлаа эхлүүлээд байна. Мөн цаашлаад 2017 оны есдүгээр сарын Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Богдхан төмөр зам” төслийг концессын “Зураг төсөл боловсруулах–барих–ашиглах–шилжүүлэх” нөхцөлтэйгөөр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Бид Улс, нийслэлээс хэрэгжүүлж буй бодлого төлөвлөлтийн дагуу Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт үйлдвэрлэлийн төвлөрсөн бүс бий болгох, дүүрэгт газар тариалан,  үйлдвэрлэл эрхлэх ААНБ-уудыг дэмжин,  үйл ажиллагаагаа явуулах таатай орчин бий болгох, ажлын байр олноор нь нэмэгдүүлэхээр зорин ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд нарны эрчим хүчээр цахилгаан үйлдвэрлэх “Акуа Блүэ Скай энержи” ХХК-д  30 га газар, “Багахангай сүү” ХХК-д бэлчээрийн ургамал тариалах зориулалтаар 275 га, фермерийн аж ахуйн зориулалтаар 15 га газрыг олгосноос гадна “Эрдэсплазм” ХХК нь  шил, шилэн бүтээгдэхүүний үйлдвэр, Хатан сүмбэр хийн түлшний үйлдвэрүүд  хүсэлт ирүүлснийг судалж  дэмжин ажиллаж байна.

Үүнээс гадна Багахангай дүүрэгт одоогоор дизель түлшний үйлдвэр 1, төмөрлөгийн үйлдвэр 2, хөнгөн цагаан боловсруулах үйлдвэр 2, 13000 куб метрийн багтаамжтай шатахууны агуулах худалдаа зэрэг аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа явуулж байна гэж Багахангай дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
harhorin(66.181.190.59) 2017 оны 10 сарын 23

AAJMAAR NIISLELEE BAGAHANGAIGAAS TSAASH SHILJUULEH UULGUI GAZAR BAIDAG

0  |  0
Top