Монголчуудын дунд хорт хавдраар өвчлөгсөд ихэссээр байна. Хөхний, ходоодны, элэгний гээд дурдаад байвал дуусашгүй. Хүн амын энэ өвчлөл хувь хүнээс шалтгаалах нь мэдээж ч, монголчуудын нийтлэг хэрэглээнээс маш их нөлөөлж байна. Өдгөө бид хуванцар сав, баглаатай бүтээгдэхүүнийг хүнснээсээ эхлээд ахуйн хэрэглээнд бараг бүх хэрэгцээндээ хэрэглэж байна. Тэгвэл тэрхүү хуванцар сав хүний биед ямар их хөнөөлтэй болохыг та мэдэх үү.
Хуванцар сав ийм аймшигт хор хөнөөлтэй
Бидний өдөр тутам хэрэглэдэг ундаа, усны хуванцар савны бүтцэд бисфенол А гэгч бодис ордог байна. Энэ химийн бодис нь хүний биед хортой гэсэн судалгааг Америкийн эрдэмтэд тогтоожээ. Тухайлбал, бисфенол А нь хүний бэлгийн гормоны үйл ажиллагааг төөрөгдүүлж, хөхний хорт хавдар үүсгэдэг, эр бэлгийн эсийн тоог илэрхий бууруулдаг байна. Түүнчлэн хуванцраас хар тугалга, болон хүний биед хортой химийн олон төрлийн бодис ялгардаг аж. Үүнээс болж чихрийн шижин, мэдрэлийн согог, үргүйдэл, арьсны өвчин зэрэг олон төрлийн өвчин эмгэг үүсдэг болохыг эрдэмтэд олж тогтоогоод байна. Хамгийн аюултай нь хуванцар савны хор хөнөөл нь тэр даруйдаа бус удаан хугацаанд явагдаж, өвчлөл хүндрэх шалтгаан болдог явдал юм.
Зориулалтаар нь бус зоргоороо хэрэглэдэг буруу зуршлаасаа татгалз
Монголчуудын "монголчлох" ухаан гэх үү, "мулгуу" зан гэх үү аливаа юмыг зориулалтаар нь бус зоргоороо хэрэглэдэг гэм буй. Түүний тод жишээ бол хуванцар савны хэрэглээ. Манай иргэд ундны ус, айраг, сүүгээ хуванцар саванд хийж, хадгалах нь түгээмэл болсон.
Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс хийсэн судалгаанаас үзэхэд хот, хөдөө орон нутгийн айл өрхийн 63 хувь нь хүнсний бус хуванцар сав ашигладаг гэнэ. Иргэдийн санал хүсэлтийн дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрынхан хүнсний зориулалтаар ашиглаж байгаа хуванцар саванд шинжилгээ хийжээ. Ингэхдээ “Нарантуул” захад худалдаж байгаа 10-120 литрийн багтаамжтай, долоон төрлийн хувцанцар савыг сонгон авчээ. Ийм саванд хадгалсан усан дахь хар тугалганы хэмжээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж болон манай улсад мөрдөж байгаа стандартад заасан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс /хар тугалга-0,01мг/л/-ээс 60-800 дахин их, формальдегид дээд хэмжээнээс /формальдегид – 0,1 мг/л /-ээс 1800-6900 дахин их байгаа нь тогтоогджээ. Формальдегид нь хүний биед хорт хавдар үүсгэдэг бодис юм.
Хүнсний зориулалттай саванд формальдегидийн үлдэгдэл илрэх ёсгүй атал 27,0 - 53,43 мг/л хэмжээтэй гарч, цаг хугацаа явахын хэрээр улам ихэсч байна. Хуванцар саванд хадгалсан усан дахь төмөр, нитрит манайд мөрдөж байгаа стандартад заасан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтрээгүй бол аммиак зөвшөөрөгдөх хэмжээнээс 27 дахин их байсан аж. Саванд хадгалсан сүү, айрганд кадьми 0,001 мг/л-ээс бага, хар тугалга сүүнд зөвшөөрөгдөх хэмжээнээс 3-4 дахин их, айрганд дөрөв дахин их гарсан байна. Энэ бол иргэд хуванцар савны хэрэглээнд хяналт тавьж сураагүй бас энэ төрлийн мэдлэггүй байгаагийн илрэл юм.
Хуванцар савны кодыг тайлж сурцгаая
Хуванцарын кодын систем гэдэг нь төвдөө тоотой, гурвалжин гогцоо бөгөөд доороо хуванцрын төрлийг тэмдэглэсэн товчилсон үсгүүдтэй дүрс юм. Тэмдгүүд нь тухайн хуванцар эдлэлийн гарал үүслийг заадаг ба мөн хуванцар эдлэлийг дахин боловсруулагчид болон иргэдэд мэдээлэл өгөх зориулалттай байна.
Тэмдгийг 1970 онд АНУ-ын нэгэн цаас үйлдвэрлэдэг компани хаягдал цаасыг дахин боловсруулах талаар тэмдэглэгээ шаардлагатай байсан тул Их сургуулийн дизайны ангийн оюутнуудын дунд “Эх дэлхий” өдөрлөгийн үеэр дахин боловсруулах тэмдэглэгээний уралдаан зарласан байна. Энэ уралдаанд Өмнөд Каролины дизайны их сургуулийн оюутан 23 настай Гарри Дий Андерсон энэхүү дахин боловсруулах тэмдгийг олон зүйлээс сэдэвлэн бүтээсэн ба шагналд нь 2500 доллар, АНУ-д ямар нэг их сургуульд суралцах эрхээр шагнасан байна. Энэхүү тэмдэг нь нэг компаний өмч биш нээлттэй орхисноор дэлхий нийтээрээ энэхүү тэмдгийг хэрэглэдэг болжээ.
Хар тугалга, химийн бусад бодис нь хүний биед хуримтлагдаж, мэдрэлийн системийг хордуулан, эд эрхтэнг өвчлүүлэх эрсдэлтэй тул “3”, “6”, “7” гэсэн тэмдэглэгээ кодтой, эсвэл огт тэмдэглэгээ, кодгүй, хүнсний зориулалтын бус хуванцар савыг хүнсний бүтээгдэхүүн хадгалах зориулалтаар огт хэрэглэхгүй байх, “2”, “4” тэмдэглэгээ, кодтой хуванцар савыг хэрэглэхээ багасгахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар сэрэмжлүүлж байна. Харин “1”, “5” дугаартай хуванцар савыг хүнсний зориулалтаар ашиглахад ямар ч аюулгүй юм.
PE/PETE: Энэ нь нийтлэг хэрэглэгддэг хуванцар сав юм. Ундаа, ус, ам зайлах шингэн, ургамалын тос зэрэг хүнсэнд хэрэглэгддэг хуванцар савнуудыг уг тэмдэглэгээгээр илэрхийлдэг. Мөн дахин ашиглаж болох бөгөөд хүний эрүүл мэндэд учруулах хор хөнөөл нь маш бага юм.
HDPE: Маш өндөр нягтрал бүхий полиэтилен. Энэ төрлийн хуванцар саванд ихэвчлэн сүү, тараг, жүүс болон угаалгын нунтаг бодис, шампунь гэх мэтийг савласан байдаг. Дахин ашиглаж болох бөгөөд хүний эрүүл мэндэд учруулах хор хөнөөл нь бага юм.
V/PVC: Винил эсвэл поливинил агуулсан хуванцар. Энэ төрлийн хуванцар саванд ихэвчлэн нунтаг бодисууд, шампунь, биеийн шингэн саван, хуванцар тавилгууд гэх зэргийг хийдэг. Уг төрлийн хуванцар савыг халаах болон шатаахад агаарт диоксин хэмээх хорт бодис ялгардаг учир үүнд хэзээ ч хоол хүнсний зүйл агуулж болохгүй.
LDPE /нягтрал бага/ Энэ төрлийн хуванцараар сав, баглаа боодол, хоол хадгалах сав, тавилга, хивс зэргийг хийдэг байна. Энэ савыг дахин ашигладаггүй ч хүний эрүүл мэндэд учруулах хор хөнөөл нь бага.
PP: Тараг, жүүс зэрэг уух шингэн зүйлсийг савлахад ихэвчлэн хэрэглэгдэх бөгөөд эм бэлдмэл, витаминуудыг ч мөн савладаг. Энэ нь хамгийн аюулгүй хуванцарын төрөлд багтах бөгөөд дахин ашиглаж болно.
PS: энэ төрлийн хуванцараар ихэвчлэн хүнсний бус зориулалтын хуванцар сав, CD-ний хайрцаг зэргийг хийдэг. Дахин ашиглахгүй.
Бусад тэмдэглэгээнүүд: Энэ хуванцарын төрлөөр голдуу ш?дний эмчилгээний багажууд, нягтрал бүхий зарим хуванцар эдлэл хийдэг. Эдгээрийн зарим нь аюулгүй байдаг бол хатуу, нягт поликарбонатыг агуулсан зарим хуванцар нь аюултайд тооцогддог байна.
Эдгээр тэмдэглэгээнүүдээс “1”, “5” гэсэн тэмдэглэгээтэй хуванцар сав нь хэрэглэхэд аюулгүй, “2”, “4” код бүхий сав нь эрүүл мэндэд учруулах хор хөнөөл нь бага, харин “3”, “6”, “7” код нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй, хортой тул хоол хүнсний зориулалтаар хэрэглэх боломжгүй.
Иймд та бид өдөр тутмын амьдрал ахуйдаа хэрэглэж буй хуванцар савны тэмдэглэгээг сайн мэдэж байх нь чухал юм.
С.Баяр
Эх сурвалж: ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 2 )
Хүн болгон өөрсдигө бодож хуванцар савыг болж эртний модон савыг буюу төмөр сав ашиглацгаая \n\n\n
Үнэхээр аймшигтай мөхөж байна монголчууд минь.