“Рио Тинто”-гийн дуудлагаар АРБИТР-т очихын өмнө сайн БЭЛТГЭЛ хэрэгтэй!

2018 оны 09 сарын 12

“Оюутолгой” өгөөжгүй,  улс орныг өр ширэнд оруулж байгаа тул АТГ-т шалгуулна  гэх байр суурийг “Эрс шинэчлэл” хөдөлгөөний зүгээс өчигдөр илэрхийлэв. Ер нь ийм үгс гэрээ байгуулагдсанаас хойш есөн жил тасраагүй гэхэд болно л доо. Анх гэрээ үзэглэгдэхэд Р.Фрийдландын компанийг дагалдан орж ирсэн “Рио Тинто” өдгөө төслийн үндсэн хөрөнгө оруулагчийн хувиар Монголын төр засагтай тулж харилцаж байгаа. Түүнчлэн төсөлтэй холбоотой бүхий л тооцооллыг тэд атгаж буй. Иргэний нийгмийн байгууллагууд  “Оюутолгой” төслийн ашигтай, ашиггүйн талаар ярьж буйтай зэрэгцэн УИХ-аас байгуулагдсан Ажлын хэсэг дээр  гэрээний хэрэгжилтэд хийсэн шалгалтын дүн дуншиж байна. Ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва өнгөрөгч зургадугаар сард мэдээлэл хийх үеэрээ гэрээний хэрэгжилтэд дутуу дулимаг зүйлс бий нь харагдаж байгаа талаар, тэрдундаа татварын асуудал байгааг хэлээд авсан. Аудитын байгууллага “Оюутолгой” компанид 155 сая ам.долларын акт тавьсныг,  өөр ч мөнгөний хэмжээ бийг хэлсэн. Харин хөрөнгө оруулагч тал “Рио Тинто”-гийн зүгээс байр сууриа илэрхийлэхдээ Монгол Улсын Засгийн газартай байгуулсан гэрээнд тусгагдаагүй их хэмжээний мөнгийг татвар нэрийн дор шаардаж буйг хүлээн зөвшөөрөхгүй. Хэрэвзээ ойлголцолд хүрэхгүй бол  арбитрт хандана гэсэн. Тэгвэл яг өнөөдрийн тухайд “Рио Тинто” арбирт хандсан гэх албан ёсны мэдээлэл алга. Ажлын хэсгийн дүгнэлт албан ёсоор гарч, Д.Тэрбишдагвын 3 сарын өмнө илэрхийлж байсан байр суурь энэ сарын сүүлээр дахин баталгаажвал, “Рио Тинто” мэдээж дуугүй суухгүй биз ээ. 155  сая ам.доллараар тогтохгүй хэмжээний татвараа бид авах ёстой гэж засаг төр зүтгэвэл, маргаан Австралийн арбитрт хүрэх магадлалтай юм.

“Оюутолгой” компанийн зүгээс үйл ажиллагааныхаа талаар мэдээлэхдээ  “Оюутолгой” төсөл нь улс орны эдийн засагт томоохон хувь нэмэр оруулж, ойролцоогоор найман тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалтыг Монгол Улсад зарцуулаад байна. Үүнээс 1.6 тэрбум ам.долларыг татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон бусад хэлбэрээр улсад төлсөнөөр Монгол Улсын хамгийн том татвар төлөгчийн нэг болж байгаагаараа бид бүхэн бахархдаг”  гэж байгаа юм. Тэгвэл тэдний бахархал болсон сэдэв нь маргааш нөгөөдрийн томоос том сэдэв болж даамжрах төлөвтэй.

Дашрамд өгүүлэхэд, “Оюутолгой” төслийн талаарх олон талын байр сууриуд гардаг ч, өнгөрсөн жилүүдэд улстөржүүлэхгүйгээр, эдийн засгийн агуулгаар нь харж үнэлэлт, дүгнэлт өгсөн томоохон судалгаа бүхий мэдээллүүд нийгэмд цөөн хүрсэн. Тэрчлэн үнэхээр засч, залруулах ёстой зүйлсийн талаар бат ноттой түвшинд ярих шаардлага бий.  Тэгвэл татварын маргаантай холбоотойгоор “Рио Тинто”-ийн талд байр суурь илэрхийлсэн нийтлэлийг засгийн шинжээч Александра Редхэд,  Дэвид Михайли нар бичсэн байдаг. Тэдний  “Монголд суутгах уу? Оюу Толгойг тойрон шинээр өрнөж буй татварын мэтгэлцээний талаарх бодлууд” гэх  нийтлэлээс ишлэхэд:  “Энэ оны хоёрдугаар сард Үндэстэн дамнасан корпорациудыг судлах төвийн гаргасан тайланд “Оюутолгой”-н зэсийн уурхайтай холбоотойгоор Монгол Улсын Засгийн газарт төлөх суутган татварыг “Рио Тинто”г “хууль бусаар бууруулсан” гэж буруутгасан. Ингэхдээ Рио нь Монгол Улс болон Нидерландын хооронд байгуулсан ДТГ-г ашигласнаас гадна уурхайтай холбоотой гэрээг 2011 онд шинэчлэхдээ суутган татварын бүр ч бага хувийг тохирсон гэж буруутгасан... Монгол Улсын Засгийн газар  болон Нидерландын хооронд байгуулсан давхар татварын гэрээ (ДТГ)-нд заасан доогуур хувиар суутган татвар төлөх боломжийг 2011-2015 оны хооронд Рио ашигласан байдаг. Татварын бусад хөнгөлөлтийн хамтаар тус хэлэлцээрт суутган татварыг зээлийн хүүнийн хувьд Монголын хуулинд заасан 20%-иас буулган 10% байхаар заасан байдаг. Үүний дүнд СОМО-гийн тооцноор өнөөг хүртэл 173 сая долларын татварын орлого алдагдсан (өөрөөр хэлбэл 20% ба 10%-ийн дунд үүсэх зөрүү) байна. Рио Тинтогийн татварын тайлангаас харахад хүүгийн түвшинг бууруулсан хэдий ч суутган татвар нь төслийн эхэн үеэс орлогын томоохон эх үүсвэр болж ирсэн ба тухайлбал 2016 онд МУЗГ-т төлсөн нийт татвар болох 149 сая долларын гуравны нэг гаруй хэсгийг бүрдүүлж байв. OpenOil-ын санхүүгийн загвараар суутган татварыг (Рио-д ногдох хэсгийн 20%-ийг 10% болгон) бууруулснаар төслийн үргэлжлэх хугацаанд хүүнд ногдох суутган татвараас олох татварын боломжит орлогоос Монгол Улсын Засгийн газар  700 сая доллар авахгүй байхаар байна.Суутган татварын бууруулсан хувь хэмжээ нь Монгол Улсын Засгийн газрын авах орлогод чухал нөлөөтэй байгаа ч, Нидерландтай байгуулсан ДТГ-ээр суутган татварын бага хувь хэмжээг ашиглан үр шим хүртэх зорилгоор гэрээний бүтцийг “Рио Тинто” тусгайлан боловсруулсан гэж үзэхээргүй байна. СОМО-ийн авч үзсэн хугацааны хувьд “Оюутолгой”-н  өрийн санхүүжилтийг 100  хувь нийлүүлэгчийн зээлээр санхүүжүүлсэн нь Нидерландтай байгуулсан ДТГ-ээр 10 хувийн суутган татвар төлөхөөр байна” гэхчлэн бичсэн байна.

Тэгэхээр манай талаас шаардаж буй татварыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байр суурьтай “Рио Тинто”-гийн талд олон улсын эдийн засгийн шинжээчид иймэрхүү байдлаар дуугарч байна. Манай тал татвар авах ёстой гэсэн үгсээ гарцаагүй баталгаажуулахгүй бол Австралийн арбитрт хүрсний дараа юу ч болоо билээ!

Э.Болорхажид

WWW.ZINDAA.MN

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ӨӨРИЙН ТОЛГОЙГҮЙ!(103.9.90.50) 2018 оны 09 сарын 12

МАНАЙ ТАЛ ЭНЭ АВАРГА ТОМ ТӨСЛИЙН ҮР ДҮН, САНХҮҮГИЙН ТООЦООНД АНАЛИЗ ХИЙЖ, ДОРВИТОЙ ДУУГАРЧ ЧАДАХГҮЙ ГЭДГИЙГ РИО УГААСАА МЭДЭЖ БАЙСАН. ЯАГААД ГЭВЭЛ МОНГОЛД УЛС ТӨРЧИД Л БҮХНИЙГ ШИЙДДЭГ. МЭРГЭЖЛИЙН ХҮН, МЭРГЭЖЛИЙН БАГ ГЭСЭН ОЙЛГОЛТ БАЙХГҮЙ, МЭРГЭЖИЛТНҮҮДЭЭ АШИГЛАДАГГҮЙ. УИХ-ЫН АЖЛЫН ХЭСЭГ ҮҮНИЙГ ШАЛГААД НОТОЛЛОО ЮУ? ХЭДЭН УИХ-ЫН ГИШҮҮН, ЯАМНЫ ТҮШМЭЛ, ТББ.. ТЭД САНХҮҮЧ БИШ, ХУУЛЬЧ БИШ. АСУУДЛАА МЭДЭХГҮЙ, СУДЛААГҮЙ, БАЛАНС Ч УНШИЖ ЧАДАХГҮЙ. ОЮУ ТОЛГОЙН ГАРГАЖ ӨГСӨН МЭДЭЭЛЭЛ ДУНД ТӨӨРӨӨД, ХИЙРХЭЭД ХЭДЭН Ч ЖИЛ БОЛОВ? АНХНААСАА ГЭРЭЭ ХИЙХДЭЭ ХҮНИЙ ӨӨРИЙНГҮЙ ҮҮНИЙГ ТООЦООЛЖ Л БАЙСАН БИЗ.. ПООПРОЛ Ш Д

0  |  0
Top