Б.НАМТАЙ: Хэрх өвчний 120 гаруй төрлийн дөрөв нь Монголд түгээмэл байна

Админ | Zindaa.mn
14 цагийн өмнө

“Найрамдал” эмнэлгийн зөвлөх эмч, Анагаах ухааны доктор, профессор Б.Намтай эмч эрүүл амьдрах тухай, өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө зөвлөмжийг иргэдэд байнга өгч байдаг. “Монгол оточ ” булан өөрийнх нь зөвшөөрлийг албан ёсоор авч түүний эрүүл амьдралын тухай лекцээс гурван цуврал зөвлөгөөг уншигчдадаа хүргэхээр боллоо. Энэ удаа хэрх өвчин гэж юу болох, илрэх шинж тэмдэг, хэрхэн урьдчилан сэргийлэх тухай зөвлөгөө, мэдээллийг хүргэж байна.


-Хэрх, үений үрэвслийн тухай таны лекцийг иргэд ихээхэн сонирхож, зөвлөгөө авахыг хүсдэг юм байна. Энэ өвчний талаар хэлж өгнө үү?

Монголчуудыг дэлхийн агуу үндэстний нэг гэж аль ч өнцгөөс нь ярьж болмоор санагддаг. Жишээлбэл, өвчний нэр томьёог өгсөн нь хүртэл гайхалтай . Жишээлбэл, хэрх өвчин гэдэг нь хэрдэг, хөшдөг, өвддөг, гар хөл нь атирч боогдсон мэт болдог. Энэ бүхнийг нэг нэр үгэнд дотор зангидсан байгаа юм. Тухайн өвчний бүх байдлыг нэг үгэнд багтаан илэрхийлсэн. Хэрх өвчний онцлог нь хэрж өвдөнө. Хэсэж өвдөнө. Хэсэж өвдөнө гэдэг нь өнөөдөр гар нь өвдсөн бол маргааш тэр нь хөл рүү, нөгөөдөр хүзүү рүү нь орчихно. Ингэж хэсэж өвддөг онцлогтой. Бас хөшиж өвдөнө. Хэрх өвчнөөр өвдсөн хүмүүс хөшингө нь аажим аажмаар нэмэгдээд байдаг. Эхэндээ жижиг үеэс эхэлж хөшиж эхэлдэг. Гарын хуруунууд өглөөгүүр 5-10 минут хөшдөг байсан бол сүүлдээ 50-60 минут болно. Хүндрэхээрээ өглөө үүрээр хөшөөд, эм тан уухгүй бол үдийн хойно 2-3 цаг хүртэл хөшдөг. Тиймээс би хэрх өвчний нэг онцлох гол шинжээр нь татаж аваад “Хөших өвчин гэж “Зонхилон тохиолдох өвчнүүд ” номдоо оруулсан. Мөн үенүүд нь янгинаж өвдөнө, ясандаа янгинана, дээрээс нь өвдөнө. Өвдөх нь заримдаа өвчин намдаах эмэнд намдана. Сүүлдээ өьчин намдаах ойр зуурын эмэнд намдахгүй болно. Дээрээс нь дахилт ихтэй. Сүүлдээ “цаг агаарын мэдээ” болчихно. Хэрх өвчтэй хүн маргааш бороо орохыг өнөөдөр нь мэдэж байдаг. Нөгөөдөр бороо орохыг ч мэдэж байдаг. Хүмүүс ихэвчлэн бороо орох нь, тэнгэр муухайрах нь яс янгинаад байна. Нойр хүрсэнгүй хонолоо гэж ярьдаг. Энэ өвчний онцлог нь ийм.

-Хэрх өвчин дотроо олон төрөл байдаг уу?

-Хэрх өвчин нь анагаахын шинжлэх ухааны томъёолж байгаа, судалж байгаагаар 120 гаруй төрлийнх байна. Монгол оронд хамгийн түгээмэл тохиолддог дөрвөн төрлийн хэрх өвчин байна.

Нэгдүгээрт, ангина буюу ангинаас үүдэлтэй хэрх өвчин. Ангина үе мөчинд орлоо гэж ярьдаг нь энэ.

Хоёрдугаарт, зүрхний хавхлагын хэрх гэж байна. Мөн тэр ангины үүсгэдэг нянгууд зүрхний хавхлагыг гэмтээсэн, сорвижуулсан , томруулсныг ангины гаралтай зүрхний хавхлагын хэрх өвчин гэнэ. Хүндэрвэл мэс засал хийхээс аргагүй болно.

Гуравдугаарт, зангилгаа хэрх өвчин гэж энд тэндээ болцруутсан том товруу гарна. Үүнийг зангилгаат хэрх өвчин гэнэ. Мөн системийн хэрх гэж байна. Энэ дөрвөн хэрх Монгол оронд хамгийн түгээмэл тохиолдож байгаа.

Хятад анагаах ухаан “Нанжин судар”, “Нэйжин судар” гэж сонсож байсан байх. Энэ бол 2000 гаруй жилийн үүх түүхтэй Хятад анагаах ухааны ном юм. Энэ анагаах ухааны сударт хэрх өвчнийг халуун хэрх, хүйтэн хэрх, гүйдэл хэрх, нойтон хэрх гэж дөрвөн янзаар ялгаж үзэж, одоо болтол 2000 жил энэ үндсэн онолын дагуу судлагдаж байна. Халуун хэрх гэж юуг хэлж байна гэвэл нянгийн гаралтай, нөгөө ангина өвчин, түүний үүсгэдэг нянгууд, шүд өвдөхөд үүсдэг нянг хэлж байгаа юм. Халуурдаг, улайдаг, үрэвсдэг, өвчилдөг халуун чанартай. Шинжилгээгээр үзүүлэлтүүд нь нэлээн гардаг. Хүйтэн чанарын хэрх гэж юуг хэлж байна гэвэл, хөрдөг, даардаг, гар хөл нь хүйтэн, дөрвөн мөч нь янгинаад байдаг, бороо чийг үзэж чадахгүй өвддөг энэ өвчнийг хэлж байгаа юм.

-Хэрх өвчнийг нэрлэж болж байна. Гэтэл илрэх шинж тэмдэг нь юу вэ, шинжилгээгээр илрэх үү?

-Хятад анагаах ухаан гэлтгүй ер нь анагаах ухаанд өвчнийг нэгдүгээрт, шалтгаанаар нэрлэх байна. Хоёрдугаарт, шинж тэмдгээр нь нэрлэдэг. Гуравдугаарт орноор нэрлэх байна. Жишээлбэл, элэгний өвчнийг “элэгний өвчин”, бөөрний өвчнийг “бөөрний өвчин” гэж нэрлэж байгаа нь орныг зааж буй. Жишээлбэл, хятад анагаах ухаанд хэрхийг халуун хэрх гэсэн нь халуун үүсгэх нян бактераас үүссэн учраас тэгж нэрлэж байна. Хоёрдугаарт, хүйтэн хэрх гэдэг нь даарсан, хөрсөн, жин цохисон, чийгтэй орчинд олон жил ажилласан, жишээ нь “Нарантуул” зах дээр гадаа олон жил ажилласан хүмүүс ийм шалтгаанаар өвддөг. Нян байхгүй учраас шинжилгээгээр гарахгүй. шинжилгээгээр гарч ирэхгүй учраас эмнэлэг авч үзэхгүй. Шинжилгээ чинь гайгүй юм байна шүү дээ гэдэг. Гэтэл нөгөө хүн өвдөөд байдаг, даарч хөрөөд байдаг, энэ нь хүйтэн шинжтэй өвчин байхгүй юу. Гурав дахь нь гүйдэл хэрх. Шалтгаан нь үзэгдэхгүй, харагдахгүй, хий, салхи жавраас болдог, даарснаас үүсэлтэй өвчин. Хүмүүс цонхоо нээгээд унтдаг. Тэгээд жаахан чийг авахад мөр хөдлөхөө байчихсан, өвдөөд хоносон, эсвэл бөөр нь өвдөөд хоносон байх жишээтэй. “Хулгай салхи” буюу хүйтэн жавар орчихдог байна. энэ бол гүйдэл хэрх. Ингэж олсон өвчин гүйнэ, өнөөдөр энд өвдөнө, маргааш тэнд өвдөнө, нөгөөдөр бүр өөр газар өвдөнө. Өвчнийх нь шалтгаан ондоо байна. Хийг хазаарлахгүй бол энэ өвчин эдгэхгүй. Дөрөв дэх нь нойтон хэрх. Чийг бамын гаралтай өвчин. Ахмадууд хэлдэг шүү дээ, чийг бамын хорыг гаргаач гэж. Дандаа нойтон чийгтэй юман дээр хэвтээд байх юм, хүйтэн юм уугаад байх юм гэж зэмлэдэг. Гэтэл орчин үед хүүхдүүд дандаа хүйтэн ундаа ууж байна. Элэг ходоодны халуун энергийг идэвхжүүлдэг гурван эрхтэн байна шүү дээ. Ходоодны гурван гал гэж нэрлэдэг /шингээх чадвар/. Цаанаасаа өгөгдсөн энэ гурван галыг сөнөөгөөд байдаг.

Тэгвэл Дорно дахины анагаах ухаанд 2000 гаруй жилийн өмнөөс “Нэйжин судар” /Нанжин судар/, “Анагаах ухааны хүчийн оньс” сударт хэрх өвчнийг ийн дөрөв ангилжээ.

-Эмчлэгдэх үү, эсвэл нэг насны өвчин болдог уу?

- Дорно дахины анагаах ухаан, Төвөд, Монголын анагаах ухаан гэж бид ярьдаг. 

Иймээс мэргэжлийн эмчид хандаж эмчлүүлэх хэрэгтэй. Эмчилгээгээ бүрэн хийлгэх хэрэгтэй. Зөв эм сонгох хэрэгтэй. Хоёрдугаарт, чийг, нойтонд даарч хөрөх маш буруу. Над дээр хөдөөнөөс 37-38 настай адуучин залуу ирж байсан. Хэрх өвчтэй болоод хөгшин хүн шиг атирч унаад байсан. Яагаад ийм болов гэдгийг эмч нар шинжилнэ. Гэтэл тэр залуу нэг шөнө адуундаа явж ирэхдээ намар оройн бороонд нэвт норсон байгаа юм. Тэгээд тэрүүхэндээ айл амьтан бараадаж очиж. Тэгсэн намар орой ч байж, айл зузаан хөнжил өгсөнгүй, өгсөн юмыг нь нөмөрөөд хэвттэл голдоо ортол даарч чичрээд хонож. Яг маргаашаас нь эхлээд хэрх өвчнөөр өвдсөн. Чийг бамын хорлол болно гэдэг нь энэ байхгүй юу. Өөрөөр хэлбэл, усан махбод шороон махбодын хорлол болсон байгаа юм. Гучин хэдхэн насандаа ийм өвчтэй болно гэдэг маш харамсалтай, одоо бараг 80 гаран настай өвгөн шиг болчихсон. Ийм аюултай өвчин шүү, хэрх.

 -Энэ өвчнөөс сэргийлэх энгийн ямар аргууд байна?

-Хордлого тайлах цай, ангины жимс бол ангина өвчинд ч сайн, хорыг гадагшуулахад ч тодорхой хэмжээгээр ач тустай. “Уламжлалт анагаах ухааны дөрвөн үндэс” ном монгол бичгээр хөрвүүлэгдсэн. Монгол оточ, маарамбууд төвөд, монгол бичгээр хослуулан сурсан, уламжилсан, заасан. Энэ маш нарийн зүйлүүд бий. Тэр нарийн нандинг орчин үеийн хүмүүсийн соёлд нэгтгэж чаддаггүй. Танг нөгөө л хэвээр гашуунаар нь уу гэнэ, цаасан бакетад хийж чадахгүй, тариа болгож чадахгүй. Ингэхээр учир дутагдалтай . Тэрийг тариа болгоод юм уу, эсвэл капсул болгож, орчин үе рүү шилжүүлбэл европ эмнэлэгтэй мөр зэрэгцэх зөндөө боломж бий. Засал мухардсан өвчинд ямар жор байдаг билээ, сампилноров гэж байна. Тэр бол баргийн юманд эдгэхгүй гэсэн үг. Гэтэл тэр дотор эмчилгээ байхгүй биш байна. 2-3 тан байна. Түүний нэг нь сэндэн ханд. Ер нь аливааг олон талаас бодох хэрэгтэй юм билээ, ялангуяа манай залуу эмч нар сайн ажиглах хэрэгтэй байна. “Анагаах ухааны дөрвөн үндэс” 100 жилийн өмнө ч юм уу, 1000 жилийн өмнө ч юм уу байгаад, тэр нь үлдээд сайн байсан байж болно. Тухайн цаг үеийн хүний амьдралын хэвшил,зан байдал бүх юм ондоо шүү дээ. Биднийг хүүхэд байхад нэхий дээл өмсүүлдэг байлаа, тэр дулаан уу дулаан, сайн уу сайн. Хөлдөхөөс хамгаалах уу хамгаална. Гэтэл Улаанбаатарт байгаа юм уу, орчин үеийн хүүхдүүд хэдийн сайн ч тэрийг авахгүй биз дээ. Тэгэхээр энэ ялгааг сайн ойлгох хэрэгтэй. Тэгэхээр сэндэн хандыг сэндэн - 4 , сэндэн - 9 гэхчлэн дөрвөн төрлөөр хийнэ, түүнийгээ хэрх, тулай, псироз буюу арьсны өвчин зэрэг засрахгүй өвчнүүдэд хэрэглэнэ. Уухаар хэрэглэж болно, шавшлагаар хэрэглэж болно. Манай эмнэлэг дээр олон жил “Сэндэн”-г хийж байгаа. Улам л аятайхан болгохын төлөө явж байна. Эртний тэр жор найрлагын нандин чанарыг яаж орчин үед гаргах юм бэ, гаргаж чадахын тулд яах вэ гэдэгт заавал нэг юм байгаа. Тэрийг олохын тулд хичээгээд явж байгаа. Гар хуруу мойнийх, эмэгтэйчүүдийн хөл дээр яс ургах зэрэгт хэрэглэж байна. анагаах ухаан VIII зууны үед Төвдөд зохиогдсон. 1774 онд Хубилай хааны үед хэвлэгдсэн эх нь бээжин барын хэв байна. Энэ анагаах ухааны дөрвөн үндэс болоод уламжлалт анагаах ухааны эмч,багш нар юу гэж заадаг вэ гэвэл хэрх өвчнийг арьсны хэрх, махны хэрх, яс шөрмөсний хэрх, мөгөөрсний үений хэрх гэж үздэг. Дээрээс нь хар хэрх, цагаан хэрх, хэрх цагаан хуян гэж 6-7 төрөлд ангилж заадаг. Арьсны хэрх гэдэг нь энэ төрлийн хэрх өвчтэй хүний арьс хатуурч, цохиод үзэхэд тов тов хийж байдаг. Хоёрдугаарт, хэрх ясанд орно гэж ярьдаг. Өвчнийг гаднаас нь биед орох зургаан үүд гэж ярьдаг. Эхлээд арьсанд, хоёрт нь маханд, гуравт ясанд, энэ бол нэлээн гүн орж байна шүү дээ. Ясанд орохоороо, жишээ нь цагаан даавуун дээр тос асгачихаар угаагаад савандаад салдаггүй дээ, яг тэрэн шиг болно. Ясанд орсон хэрх насны өвчин гэж мэд. Ер салахгүй, яс нь муруйгаад байна, мойнийгоод байна, өвдөөд байна, яс ургана, томорно, энэ бол тэр дотор хэрх өвчин байна гэсэн үг. Хэрх шөрмөсөнд орвол атийна, доголно. Хэрх өвчний хор тэнд байна гэсэн үг. Мөд гарахгүй. Яагаад уламжлалт анагаах ухаан “халуун рашаанд ор” гээд байна гэвэл тийм юмыг дэвтээж байж бага ч гэсэн зөөллөөд авахсан, бага ч атугай татаад авахсан гэж байгаа юм. Ялангуяа түрүүн хэлсэн, чийг бамын өвчин бол хөлсөөр гаргана, түүнээс өөрөөр гарахгүй. Өвчин намдаах эм уугаад гарна гэсэн ойлголт байхгүй. Заавал халуун рашаан юм уу, гадагш нь хорыг татдаг эмчилгээ хийнэ. Уламжлалт анагаах ухааны арьсны хэрх, махны хэрх, ясны хэрх, шөрмөсний хэрх зэрэг халуун чанартай цусан талын өвчнийг “хар хэрх” гэдэг. Цагаан хэрх гэдэг нь шороон махбод болоод усан биеийн чанартай учраас цагаан хэрх гэдэг. Хэрх цагаан хуян гэдэг нь хий цус нь хэрхтэйгээ нийлээд бөөгнөчихсөн хөшдөг, хавддаг, хэхэрдэг мөд салдаггүй өвчин бий. Өнгөрсөн хойно шохойжсон байна, ингэсэн тэгсэн байна гэх мэтээр хэлбэр дүрсийн талаас ярьж байхаас биш тэр маханд шингэсэн, ясанд шингэсэн, шөрмөсөнд шингэсэн хорыг олж харахгүй байна гэсэн үг. Тэнд хэрхийн хор байгаа. Тэр нь хэрх цагаан хуян гэж гардаг. Самнуур, шивүүр янз бүрийн юмаар эмчилдэг.

 -Системийн хэрх гэж төрөл байдаг тухай та хэлсэн. Тэр нь ямар шинжээр илэрдэг вэ?

-Системийн хэрх нь өглөө гар хөшдөг, өвддөг. Яагаад системийн хэрх гэдэг вэ гэхээр хөдөлгөөний системд нөлөөлдөг. Дархлаа, цусны системээр дамжаад бүх биед хүрнэ гэсэн үг. Тэгээд өвдөг, тохой өвдөх, халуун юм бөөгнөрнө, өтгөн шар идээ гарна, системийн жижиг үеүдээр голлоно. Бараг өвчлөхгүй үе байхгүй. Хүндрэх тусам өвдөлт өгнө.

-Одоо хэрх өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх тухай хэлж өгнө үү?

-Хоолойн өвчин ангинатай тодорхой хэмжээгээр хэрх өвчин холбоотой. Хоолойны өвчинийг аятайхан эмчлэхгүй бол дутуу эмчлэх, буруу амчилгээ хийх, хэрэгсэхгүй хаях, хүндрүүлбэл хэрх өвчинд эзлүүлдэг юм шүү гэдгийг заавал хэлэх хэрэгтэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top