ИЛ ТОД гэж зарлагдсан Монголын эрдэс баялгийн салбарын 741 компани ТАЙЛАН-гаа өгөөгүй!

2018 оны 09 сарын 13

 Нүүрс, алт, зэс гэхчлэн байгалийн баялаг хэн нэгэн эрх мэдэлтнийх бус  нийт олны өмч болохыг  “эцэг хууль”-д  тодорхой заачихсан. Тиймээс ч төр засгийн байгууллагууд нийтийн өмчид  тулгуурлан, зах зээлийн нийгэмд, баялгийг ашиглахдаа ИЛ ТОД байх ёстой. Дэлхийн улс орнуудын хувьд ч эрдэс баялгийн нөөцийг зарцуулахдаа ХАРИУЦЛАГА-тай байх шаардлагатай гэдэг дээр ойлголцлоо нэгтгэн “Олборлох үйлдвэрлэлийн ил тод санаачилга”-д нэгдэцгээсэн байдаг. Манай улс 2006 онд ОҮИТБС-д нэгдсэн. Санаачилга хэрэгжүүлэгч орнууддаа 3-5 жил тутам “Баталгаажуулалт” гэх чанарын хөндлөнгийн үнэлгээг зохион байгуулдаг. Ил байх шаардлагатай хэрнээ далд байгаа мэдээллүүдийг нийтийн өмнө гаргаж тавьснаар, эрдэс баялгийн салбарын үр ашгийн хүртээмж нийгэмд шударгаар хүрнэ гэх найдлага дагадаг.

Ер нь эрх мэдлийг хяналтгүйгээр хэрэгжүүлэх нь бараан үр дагавар дагуулдаг нь  өнгөрсөн жилүүдэд  тодорхой болсон. Тиймээс ч хяналтын аливаа хэлбэрүүдэд наана цаанатай хандах ёстой л доо. Тэрдундаа манай эдийн засгийн гол тулгуур болсон эрдэс баялгийн салбар хэсэг бүлгийг хагартал нь хөрөнгөжүүлээд байна гэж шүүмжлэл дагуулах болсон ийм цаг үед уул уурхайн гэх тодотголтой олон  компаниудын өмчлөгчийн мэдээлэл, нийгэмд хүртээх өгөөж  анхаарал татах нь зүйн хэрэг. Уул уурхайн салбарт төрийн байгууллагын албан тушаалтнууд “засаглаж” тоглож, тусгай зөвшөөрлийг ойрын хүмүүстээ тарааж шийдвэрлэх нь, боломжийг тэгш олгохгүй байгаа явдал юм. Ер нь ийм шударга бус байдлын жишээ  дэлхийн улс орнуудад цөөнгүй. Уул уурхайн салбар дахь ил тод байдлаараа сүүл мушгидаг Конго Улс  2010-2012 онд газрын тосны томоохон 5 ордоосоо 1,6 их наяд доллар алдсан байдаг. Шалтгаан нь нууц өмчлөгч бүхий оффшор компаниудтай гэрээ байгуулсантай холбоотой. Тэгэхээр эрх мэдлийг хэрэгжүүлэгчдийн шийдвэр хэнд үйлчлээд байна вэ? Үзэглэгдсэн шийдвэрээс улс орон, тухайн орон нутаг хэдий хэмжээний ашиг авч үлдэх вэ гэдгийг прогнозлон харсан мэдээллүүд чухал.

Уг нь манай улс ОҮИТБС-ын стандартын шаардлагыг хангасан хоёр дахь орноор 2018 оны 2 дугаар сард тодорсон. Эрдэс баялаг ихтэй дэлхийн 51 улс нэгдэн орсон энэ санаачилгын хүрээнд хамгийн эхний хүлээн зөвшөөрөгдсөн орон бол Филиппин. Манай тухайд эрдэс баялгийн салбараа хариуцлагатай, нээлттэй болгохын төлөө амжилт олж байгаагийн илэрхийлэл гэж Ерөнхий сайдын ажлын албаны дарга, Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга, ажлын хэсгийн ахлагч Б.Энх-Амгалан хэлээд байсан. Харин ОҮИТБС-ын дарга  Фрэдрик Рэйнфилд “Бүх шаардлагуудыг хангана гэдэг бол онцгой үйл явдал, нэр хүнд бөгөөд стандартын дагуу ил тод байдлын өндөр түвшинд хүрсэн нь бүх оролцогч талууд чухал хувь нэмрээ оруулсныг илтгэж байна. Монгол улс энэ ололт, амжилтаа цаашид бататган, эрдэс баялгийн салбарт иргэний хяналтыг идэвхжүүлэхэд төр, компанийн системд нь ил тод үйл ажиллагааг эргэлт буцалтгүй нэвтрүүлж өгөхийг уриалж байна” гэсэн юм. Тэгвэл  чухам ямар үзүүлэлтүүдийг хангачихаараа бүрэн ил тод болчих вэ? гэдэгт анхаарал хандуулъя. Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга нь:

-Эрдсийн баялгийн удирдлага, засаглалыг сайжруулахын тулд татварын төлбөр, орлого, тусгай зөвшөөрлийн олголт, хайгуул, олборлолт, борлуулалт, эрх зүйн орчин, төсвийн зарцуулалт, төрийн өмчийн оролцоо, орон нутгийн төлбөр, хандив, дэмжлэг, үр нөлөө,  гэрээ, ашиг хүртэгч эцсийн эзэд гээд 20 гаруй багц мэдээллийг стандартын дагуу ил тод болгохын төлөө төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн эрх тэгш хамтран ажиллагааны түншлэл аж.

Арванхоёр жилийн өмнө нэгдсэн санаачилгын хүрээнд манай тал мэдээллээ ил тод болгох тал дээр урагшилж буй гэсэн үнэлэлт, дүгнэлтийг ямар ч байсан авчихсан. Тэгвэл энэ тал дээр өөр зүйл ярих талууд ч бий. Тухайлбал, хуульч С.Мандахбат  “2010 онд анхны үнэлгээ хийх үеэр энэ асуудлаар Дэлхийд анхны орон болмоор байна, тусдаа хууль батлуулмаар байна гэсэн. Тийм зүйл байхгүй, бид юугаа ил гаргах, гаргахгүйгээ мэддэг тусгаар улс гэж хэлээд хуулийн төсөл нь Хууль зүйн яамнаас хол яваагүй. 2000 гаруй хайгуулын, 1000 гаруй ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч компани бүр " ОРОН НУТАГТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ" байгуулах ёстой, энэ гэрээний 100 хүрэхгүй нь л ИЛ ТОД байна. Компани бүр аймаг, сумын дарга нартай НУУЦ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ байгуулж байна. 2900  гэрээ хаана байна? Хуулийн дагуу  ханган нийлүүлэгчээ Монгол компани, ажилтнаа Монгол Хүн авч байна уу гэдэгт ямар ч ил тод мэдээлэл алга! Гэтэл лиценз эзэмшигчдийнхээ цаадахын цаад "эцсийн эзэмшигч" гадаад оронд байгаа хөрөнгө оруулагчдаас 30 ХУВЬ ТАТВАР авна гэж ГАДНЫ ТАТВАРЫН ГАЗРЫН үүргийг Монголын татварын байгууллага хийх гэж оролдож байгаа галзуу  өөрчлөлтөө ил тод байдал гээд байгаа юм уу? Австрали, Канад, Өмнөд Африк, Чили гэх мэт улсын өмнө ороод дэлхийд хоёрт орсноороо гайхуулаад байгаа юм уу? Байр эзлэхээр л чухал юм шиг ингэж хөөрөхөө боль” гэсэн байр суурийг илэрхийлж байгаа юм.

Олборлох үйлвэрлэлийн ил тод байдалтай холбоотой хамгийн сүүлийн мэдээллээс харахад 2017 оны тайлангаа өгөөгүй 741 компани байна. Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч, газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ бүхий аж ахуйн нэгжүүд нь Ашигт малтмалын тухай хуулийн 48.10, Газрын тосны тухай хуулийн 36.1, Цөмийн энергийн тухай хуулийн 28.6.4, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 34.10 заалтуудын дагуу тухайн жилд улсын болон орон нутгийн төсөвт төлсөн татвар, төлбөр, олборлосон, борлуулсан бүтээгдэхүүний тоо хэмжээг олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. Тэр дагуу тайланг 2018 оны 4-р сарын 15-ны өдөр хүртэл ОҮИТБС-ын  Цахим тайлагналын системээр хүлээн авчээ. Тэгэхэд 1489 компани тогтоосон хугацаанд тайлангаа гаргаж, 741 компани тайлангаа гаргаагүй байна.

Тэгэхээр ил тодын байдлаараа хүлээн зөвшөөрөгдөөд буй манай улсын эрдэс баялгийн салбар дахь компаниудын 30 хувь нь хугацаандаа тайлан мэдээллээ өгөөгүй байгаа аж. Энэ бол наймдугаар сарын 31-ний өдрийн байдлаарх мэдээлэл гэдгийг тодотгоё.

Мөн Тусгай зөвшөөрөл, Хамгийн олон зөвшөөрөлтэй 10 компанийн мэдээллийг хүргэе.


Э.Болорхажид

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top