Эдийн засагт нуман тулгуурын үүрэг гүйцэтгээд олон жил болж буй эрдэс баялгийн салбараас хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд улстөрийн ямар шийдлүүд хүлээгдэж байна вэ? Хөрөнгө оруулагчдын сонголтын цэг байхын тулд юунд анхаарах ёстой вэ? Зах зээлээ тэлэхэд, эхний ээлжинд хийгдэх ёстой алхмууд юу вэ? Олон жил яригдсан дэд бүтцийн төслүүд хаана гацав? Технологийн дэвшилүүд уул уурхайн салбарт нэвтэрч чадаж байна уу? гэхчлэн олон асуудлыг тухайлан хэлэлцдэг “Coal Mongolia”, “Discover Mongolia” чуулга уулзалтууд улсын нийслэл Улаанбаатарт болж өнгөрөөд байна. Ярих нь их, хийх нь бага байна гэх шүүмж дагадаг ч, чухам юу ярьсан болоод хэрэгжихгүй хөөс болов гэдэгт анхаарал тавьж байх ёстой. Тиймээс болж өнгөрсөн хоёр чуулга уулзалтын гол сэдвүүдэд анхаарал хандуулъя.
Өрсөлдөх, Нэмэгдүүлэх, Бүтээх, Шийдэх шаардлага...
Тавантолгой ордыг цогцоор нь эргэлтэд оруулъя гэж эрх баригчид яриад, ярьснаа тогтоол болгож үйлдчихээд байгаа ийм үед нүүрсний салбарынхан чуулганаа хийлээ. Тойрч баахан ярьдаг толгой ордын нөөц жорк стандартаар бол 8 тэрбум тонноор хэмжигдэж буйг “Эрдэнэс Тавантолгой”-н захирал мэдэгдсэн юм. ӨРСӨЛДӨХ ЧАДВАР гэдэг ойлголтод мэдээж нөөцийн хэмжээ чухал. Гэхдээ том утгаараа бол нүүрсний чанар, боловсруулалт, дэд бүтэц, тээвэр ложистик, хил гаалийн нэвтрүүлэх чадвар, үнийн бодлого, зах зээлийг тэлж болох гарц гэхчлэн олон асуудлууд энд хамаатай. Тэгвэл манай тухайд нөөцөөс бусад бүх сэдэв дээр ярих зүйлс бий. Тэдгээрийг ч ярив.
“Coal Mongolia”-д оролцсон компани, хөрөнгө оруулагчид ТӨР цаашид юу хийх гээд байна вэ гэдэг асуултад хариу хүлээж байсан. Тэгвэл Тавантолгой орд дээр тухайлан харахад:
Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Оюутолгой-Ханги, Тавантолгой-Барууннаран чиглэлийн авто замын төгсгөлөөс Цагаандэл уул чиглэлийн тусгай зориулалтын авто зам болон Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам зэрэг төслийг эхлүүлэх талаар шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлнэ, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр үе шаттайгаар арилжаалан шаардлагатай хөрөнгө оруулалтыг татна. Дамжин өнгөрөх тээвэр, угтуулан тавих нөхцөл, урьдчилгаа төлбөр, боомт ашиглалт, дэд бүтцийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, борлуулалтын нөхцлийн талаар хөрш орнуудтай хэлэлцээ хийж хэрэгжүүлнэ. Өмнөд бүсийн уул уурхайн төслүүдийн эрчим хүчний хэрэгцээг хангах цахилгаан станцыг Тавантолгойн ордыг түшиглэн барих асуудлыг эцэслэн шийдвэрлэх арга хэмжээ авна гэхчлэн ирээдүй рүү чиглэсэн цөөнгүй зүйлсийг ярив. Хэрэвзээ хийчихвэл дагаад нааштай үр дүнгүүд гарах яриа л даа.
Манай нүүрсний экспортын гол өрсөлдөгч хойд хөрш болохыг Уул уурхайн эдийн засагч Л.Наранбаатар хэлж байлаа. Биднийг цаг алдаж байхад ОХУ Зүүн Сибирээр БНХАУ-тай нарийн царигийн төмөр замаар холбогдож, 2 тэрбум тонн нүүрсний нөөцтэй, жилийн 20-25 сая тонны хүчин чадалтай баяжуулах үйлдвэр байгуулан, аж үйлдвэрийн цогцолбор хэлбэрээр Хятадын зах зээлд нүүрс нийлүүлээд эхэлчихлээ. Ирэх долоо хоногт болох Владивостокийн эдийн засгийн форумд Орос Хятадын нүүрсний зах зээлд үлэмж нөлөө тогтоосноо зарлах гэж байна. Тэд өнөөдөр 400 сая тонн нүүрс олборлож, 200 сая тонн нүүрс дэлхийн зах зээлд экспортлосноо магтан сайшааж байна. Тэгж магтан сайшаах бүрт Монгол Улс зах зээлээс шахагдаж байна. Дэд бүтэцгүй өрсөлдөх чадвар муутай хэдэн уурхайнуудаараа мэдэрч байна” гэж байсан. Тэгвэл Владивостокийн чуулган энэ өдрүүдэд ид болж байна. В.Путин нүүрсний салбар дахь нөлөөллийнхөө тухай юу юугүй бардамнахыг урьтал болголгүй, манай Ерөнхийлөгчтэй найрсаг харилцаж байна. Х.Баттулга Ерөнхийлөгч ОХУ-ын тэргүүнтэй уулзахдаа Алс дорнодод далайн боомт ашиглах асуудлыг судалж буйгаа дурдаж, гурван улсын эдийн засгийн коридорын ажлыг эрчимжүүлэх хамтарсан ажлын хэсэг байгуулах саналыг тавиад байна. Өнгөрсөн жилийн чуулганаар яригдсан Монголын нүүрсийг Алс дорнодын нутгаар дамжуулах тухай сэдэв сая ч бас хөндөгдлөө.
Өмнөд хөршийн тухайд хоёр улс нүүрсний салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлж, эдийн засгийн харилцааг шинэ шатанд гаргах боломж бий гэсэн байр суурийг албаны хүн нь хэлсэн. Гэхдээ тээвэрлэлт, хил гаалийн нэвтрүүлэх чадвар гэхчлэн зохицуулалт шаардсан асуудлууд урд бий. Хил, гаалийн нэвтрүүлэх чадвар нүүрсний компаниудын үйлдвэрлэлтэй шууд холбоотой. Тиймээс ч манай талаас Монгол, Хятадын хилийн Гашуунсухайт-Ганцмод боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг дээшлүүлэх, уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлтийг шуурхай болгох асуудлаар Хятад руу илгээсэн саналд нааштай хариу ирэх нь чухал байна. Төрийн зүгээс зохицуулалтыг сайн хийхгүй бол хилээр нэвтрэх машины тоо, хэмжээг хязгаарласан шийдвэр нь экспортлогчдыг тонн тутамд 10 ам.долларын алдагдалд оруулж байгаа юм.
Мэдээж нөөц нь нэмэгдэж буй ордоороо барьцаа хийн IPO гаргах тухай сэдэв анхаарлын төвийн гадаа үлдэхгүй. Бэлтгэл ажил ид хийгдэж буй. Хонконг, Лондон, Торонтогийн бирж дээр хувьцаагаа давхар бүртгүүлэх магадлал өндөр. Илүү нарийн мэдээллийг цацаад байх нь зохисгүй гэсэн байр суурийг Д.Сумъяабазар сайд хэлж байсан.
Мөн “Coal Mongolia” чуулганаар “Нүүрсний боловсруулалтын технологи ба агаарын бохирдол” сэдвийг хөндсөнийг тэмдэглэх хэрэгтэй. Нийслэлийн агаарын бохирдлын 80 хувь нүүрстэй холбоотой. Ирэх оны 5 дугаар сар гэхэд түүхий нүүрсний хэрэглээ нийслэлд байх ёсгүй. Тэгэхээр нүүрсийг хэрхэн ахисан түвшинд аваачих вэ гэхээр сайжруулсан түлшний үйлдвэрлэлийг дэмжих шаардлага тулгарч байгаа. Тэгвэл “Coal Mongolia” болсон өдрүүдэд шахмал түлш худалдах, худалдан авах гэрээ Засгийн газар болон компаниудын хооронд хийгдээгүй байсан. Одоо нүүрс түлдэг цаг тун ойртсон тул хэн хүнгүй талуудын тохироо тийш анхаарч байна.
Үйл ажиллагаа нь ашигтай яваа “Эрдэнэс Тавантолгой” компанид цаашлаад дэд бүтцийн төслүүд рүү орлогоосоо хийнэ гэсэн зорилго байна. Мөн Тавантолгой ордыг эргэлтэд оруулах тухай тогтоолд бичсэн байдаг баяжуулах үйлдвэрийг ч хөрсөн дээр буулгах чиглэл барина гэж буй. Ямартай ч төмөр замын төслүүдээ ажил болгочихвол нүүрсний зах зээл дээр тогтвортой тоглогч болно гэсэн хүлээлт байсаар бас яригдсаар.
“Оюутолгой”-той тохиролцоно
“Coal Mongolia”-д оролцсон төр засаг, бизнесийнхэн “Discover Mongolia” –д ч үгээ хэлцгээв. Нүүрсний салбарынхны тухай түрүүн өгүүлчихсэн учраас энд нуршаад илүүц биз. Тиймээс Уул уурхайн сайд Д.Сумъяабазарын байр сууринаас “Оюутолгой”-той холбоотой хэсэгт анхаарал хандуулъя. Гэрээний хэрэгжилтийг шалгаж буй Ажлын хэсгээс ямар дүгнэлт гарах нь хүлээгдэж буй. Тэгвэл салбарын сайд Д.Сумъяабазар “Ажлын хэсэг нь Оюутолгой компани болон Монгол Улсын төрийн цаашдын хамтын ажиллагааг улам батжуулж, харилцан ойлголцолд хүргэнэ гэж найдаж байна. Хамтрагч түншүүдтэйгээ татвар, хүүгийн зардал бууруулах, зардлын хэтрэлтийг хязгаарлахад чиглэсэн яриа, хэлэлцээр өрнүүлж, тохиролцоонд хүрэх шаардлага байгаа бөгөөд энэ нь хамтын ажиллагааны хэвийн процесс бөгөөд Оюутолгойн бүтээн байгуулалтад саад тотгор учруулахгүй гэдгийг хэлье” гэсэн юм. Тэгэхээр дүгнэлт яаж ч гарсан, татварын маргааны хэмжээ 155 сая ам.доллараас нэмэгдсэн ч гэсэн, яам бол ажил зогсохгүй, урагшилна гэсэн байр суурь дээр зогсоно гэдгээ “Discover Mongolia” дээр мэдэгдсэнийг онцлох нь зөв биз ээ. Мөн Оюутолгой эрчим хүчээ дотоодоос хангана гэсэн гэрээгээр хүлээсэн үүргээ хэзээ биелүүлэх вэ гэдэг нь анхаарал татдаг. Тэгвэл Оюутолгойн удирдлагууд өмнийн говьд цахилгаан станц барих ажлыг эхлүүлэхээр судалж буй аж.
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн зүгээс “Discover Mongolia”-д мэдээлэл хийсэн. Эрдэс бүтээгдэхүүний экспорт улам өсөн нэмэгдэх хандлага ажиглагдаж байгаа учраас Эрдэс баялгийн бирж байгуулж стратегийн түүхий эд буюу эрдэс баялгаа зах зээлийн бодит ханшаар худалдах цаг нь ирсэн гэж байв. Бирж байгуулагдвал худалдагч, худалдан авагчийн харилцаа нээлттэй, ил тод, шилэн болохоос гадна нүүрсний зах зээлд эрүүл өрсөлдөөн бий болно. Улсын төсөвт их хэмжээний орлого бүрдүүлэх талаар ярьж байлаа. Мөн тус компанийн захирал П.Ганхүү “Эрдэнэс Монгол” компани гурван сая ширхэг давуу эрхийн хувьцааг таван сая болгон компанийн дүрэмд нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа, Давуу эрхийн хувьцаа эзэмшигч стратегийн ач холбогдол бүхий 16 ордын үр ашгийг хүртэнэ" гэж ярьсан юм. Мөн баялгийн санг даруйхан байгуулах тухай яригдсан.
“Discover Mongolia” –д оролцсон “Эрдэнэ Ресурс”, “Занаду Майнз”, “Кинкора Коппер” зэрэг компаниуд шинэ төслүүдээ танилцуулсан бол “Аспайр Майнинг” компани хувьцаагаа гаргаж, нэмэлт хөрөнгө босгохоор ажиллаж буйгаа дуулгасан. Хөрөнгө оруулагчдын хувьд тогтвортой бас дахин тогтвортой орчныг чухалчилдаг болохоо энэ жил ч ярьж байв.
Тэгвэл Монголын Бизнесийн зөвлөлийн тэргүүн Б.Бямбасайхан “Бид хөрөнгө оруулагчдаа зөв мэдээллээр хангаж байж, бизнес ажиллагаа өргөжих юм... Уул уурхайн салбар бол зөвхөн олборлох төсөл биш. Бид хайгуулын үйл ажиллагааг идэвхжүүлэхгүй бол хоцорч байна” гэж байлаа. Ерөнхийд нь харвал “Discover Mongolia”-д урагшаа харсан өнгө аястай, шийдлээ олсон, харьцангуй таатай мэдээллүүд хөвөрлөө.
Э.Болорхажид
Сэтгэгдэл ( 1 )
YAG ONOHIIG ONOL GENE GUITSETGEH KOMPAN BAIHGUI UCHRAAS TSAASAN DEER HEREGJEED