Парламентын босгыг давж чадалгүй гурван он дамнаж буй Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл энэ намрын чуулганаар хэлэлцэх асуудлуудын жагсаалтад бий. Хэрэгцээ шаардлага БАЙНА, БАЙХГҮЙ гэсэн талцал бүхий байр сууриудыг дагуулдаг эл хуулийн төсөл Б.Жавхлан, З.Нарантуяа нарын 30 гаруй гишүүний лоббигоор орж ирсэн. Гэхдээ банкны салбар эмзэг. Ялангуяа манай тухайд банкны салбартаа их “боломж” олгож ирсний сацуу хамаарсан эмзэгшил бий тул Хөрөнгө оруулалтын чиглэлийн банкуудыг оруулж ирэхдээ дотоодын нөхцөл байдлаа хэрхэн зохицуулах вэ гэдэг асуудалтай зайлшгүй тулгарч байгаа. Банкуудыг дахин хөрөнгөжүүлэх гэхчлэн төрөөс дотоодын банкны салбараа дэмжиж буйн араас хөрөнгө оруулалтын банкны хуулийн төслийг эцэслэн батлах уу гэсэн хүлээлт бий. Б.Жавхлан гишүүн хэлэхдээ “Гадаадын хөрөнгө оруулалттай банк нэмэгдсэнээр банкны системийн өрсөлдөөнийг нэмэгдүүлж, улмаар банкны бүтээмж өсч, зээлийн хүү буурна гэж тооцож байна. Түүнчлэн зээл хуваарилалтын үр ашиг нэмэгдэхээс гадна дотоодын санхүүгийн зах зээлийн хөгжилд түлхэц үзүүлнэ гэж үзэж байгаа. Мөн дотоодын зах зээлийн тогтвортой байдал нэмэгдэх эерэг нөлөөтэй” гэж байсан.
Хуулийн төслийг боловсруулах болсон шаардлагаа тодорхойлохдоо: Гадаадын банкийг зөвхөн хөрөнгө оруулалтын чиглэлээр дотоодын зах зээлд нэвтрэхийг зөвшөөрөх, ингэхдээ томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд шаардлагатай зээлийг гагцхүү хуулийн этгээдэд олгох, гадаад дотоодын төлбөр тооцоог гүйцэтгэх, зээлийн баталгаа, батлан даалт гаргах, үнэт цаас худалдах, худалдан авахыг зөвшөөрч, бусад үйл ажиллагааг тэр тусмаа иргэдийн хадгаламж авах зэргийг хориглосон хууль эрх зүйн зохицуулалтыг бий болгох зайлшгүй шаардлагатай болсон учир хуулийн төслийг боловсрууллаа гэж байсан.
Тэгвэл улстөр бус бизнес, эдийн засгийн өнцгөөс байр суурь илэрхийлэх талуудын нэг болох Монголын бизнесийн зөвлөлөөс Хөрөнгө оруулалтын банкны төсөлтэй холбоотойгоор дараах саналыг гаргасан юм. Тус зөвлөлийн зүгээс “Гадаадын хөрөнгө оруулалтын банкуудад дотоодын зах зээлд нэвтрэх боломж бий болгох, дэмжих нь Монгол Улсын эрх ашигт нийцэж байгаа. Гэсэн хэдий ч Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөлд дээрх боломжийг бүрдүүлээгүй ба хуулийн төсөл үзэл баримтлалтай зөрчилдсөн нөхцлийг бий болгосон байна” гээд дараах санал, зөвлөмжийг хүргүүлсэн байдаг.
-Хуулийн төсөл нь зөвхөн том хэмжээний банкуудыг томоохон төсөлтэй бизнесүүдэд санхүүжилт олгоход чиглэсэн байна.
-Өргөн хүрээний суурь өсөлтийг дэмжихийн тулд жижиг, дунд аж ахуй нэгжүүдэд бага зардалтай санхүүгийн эх үүсвэр бий болгох шаардлагатай байна.
-Хуулийн төсөлд тусгасан банкны үйл ажиллагааны чиглэл нь хөрөнгө оруулалтын банкны олон улсын жишиг үйл ажиллагаатай уялдахгүй байгаа ба хуулийн төслийн нэр томъёоны хувьд тодруулах, илүү оновчтой болгох нь зүйтэй.
-Дүрмийн сан, зээлийн хэмжээний нөхцөл нь хэтэрхий өндөр тавигдсан ба зөвхөн улстөрийн сонирхолтой этгээд заасан хэмжээнд хөрөнгө оруулалт хийх эрмэлзэлтэй байх болно.
Энэ нь олон улсын санхүүгийн байгууллагуудад Монгол Улсыг сонирхох таатай болон тэгш, шударга орчинг бүрдүүлэхгүй юм. Банк ашигтай ажиллахын тулд санхүүгийн хөшүүрэг хэрэглэх зайлшгүй шаардлагатай. Хэрэв бид санхүүгийн хөшүүрэг дүрмийн сангийн харьцааг 8 дахин гэж үзвэл нийт тайлан тэнцэл нь 1.6 тэрбум ам.долларт харьцангуй хурдан хүрнэ. 10 орчим тэрбум ам.долларын ДНБ –тэй манай оронд мөн одоогийн банкуудын тайлан тэнцэлтэй харьцуулахад энэ нь бодитой тоо биш юм” гэсэн байр суурийг илэрхийлсэн байдаг.
Тэгвэл эдийн засагч Ч.Хашчулуун уг хуулийн төсөлтэй холбоотойгоор “Хамгийн аюултай нь ямар ч улсын төрийн банк Засгийн газрынхаа бодлогоор ажилладаг учраас манай улсын мөнгөний бодлого, төр засгийн шийдвэрт захирагдахгүй, үл хамаарах шинж нь давамгайлна. Гадаадын төрийн мэдлийн банк салбараа нээснээр ямар чиглэлд хөрөнгө оруулалт хийх, ямар компаниудад зээл өгөх вэ гэдэг дээр манай талаас зөвшөөрөл авалгүй, асуулгүйгээр зээлээ өгөөд явах бүрэн боломжтой. Ингэснээр Монгол Улсын стратегийн салбаруудад гаднын төрийн нөлөөтэй зээлийн хэмжээ үлэмж нэмэгдэх магадлал өндөр болно.Ялангуяа дотоодын банкууд гаднын төрийн мэдлийн томоохон банктай өрсөлдөх чадвар нь сул байгаа энэ үед. Жишээ нь, 2013 оны байдлаар банкны салбарын зээлийн өрийн үлдэгдлийн 80 орчим хувь нь нэгээс дээш жилийн хугацаатай зээлд, эх үүсвэрийн 47 хувийг хугацаагүй болон харилцах дансны үлдэгдэл эзэлж байв. Үүнээс гарахад манай банкуудын хувьд урт хугацааны санхүүжилт олгох боломж бага байгаа нь стратегийн хөрөнгө оруулалтыг дэмжиж ажилладаг гаднын банкны салбартай өрсөлдөх боломж хязгаарлагдмал гэж үзэхэд хүргэж байна” гэсэн бол Ө.Энхтүвшин гишүүн уг хуулийн төсөлтэй холбоотойгоор “Хөрөнгө оруулалтын банк байгуулагдсанаар долларын ханшид яаж нөлөөлөх бол. Том банкны барьцаа том л байх болов уу. Хамаг лиценз зөвшөөрөл нь тавигдчихсан, түүнийгээ буцааж авч чаддаггүй, гадны хөрөнгийн бирж дээр тавигдах юм болох вий дээ.” гэж байгаа юм.
Тодотгоход, манайд гадаадын хөрөнгө оруулалттай 8 банк үйл ажиллагаа явуулдаг. Дотоодын арилжааны банкууд гэсэн малгай дор, хөрөнгө оруулалтын хувьд харилцан адилгүй ч, гадны хөрөнгийн оролцоотой банкууд үйл ажиллагаа явуулдаг гэсэн үг. Япон, Хятадын тус бүр хоёр, Голландын нэг банкны төлөөлөгчийн газар үйл ажиллагаагаа Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг.
Б.Жавхлан гишүүн энэ талаар хэлэхдээ “Манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа найман банкны зарим хөрөнгө оруулалт ч бас гаднаас байдаг. Өмнө нь 2000 оны эхээр ОХУ-ын банк ажиллаж байсан. Шинэ хуулиар бид гадны хөрөнгө оруулалттай банк манай дотоодын зах зээл дээр ажиллахдаа ямар хэсгүүд дээр ажиллах вэ гэдгийг нь тодорхой болгож өгөх юм. Энэ нь дотоодын банкуудаа эрсдэлээс хамгаалсан алхам. Гадны банкаар дамжин мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, геополитикийн довтолгоонууд, эдийн засгийн тагнуулууд үүрлэх зэрэг эрсдэл үүсэхийг үгүйсгэхгүй. Энэ бүх эрсдэл үүсэхээс сэрэмжлэхийн тулд бид банкны салбарын хууль эрх зүйн тогтолцоогоо сайжруулах алхам хийх ёстой. Өөрөөр хэлбэл, бид гадны банк оруулж ирэх бэлтгэлээ сайн хангах ёстой. Түүнээс биш гадны банк аюултай гээд бүх зүйлээ хаагаад суугаад байж болохгүй. Энэ бол асуудлыг шийдэх оновчтой арга биш. Гадны банкны салбарууд орж ирснээр манайд өнөөдөр хамгийн дутагдалтай байгаа капиталийн урсгалыг нэмэгдүүлэх бүрэн боломж нээгдэнэ. Мэдээж гадны банк орж ирүүт хөрөнгө оруулагчид шахцалдаад ороод ирэхгүй. Энэ нь өнөөгийн эдийн засгийн орчин нөхцөлөөс хамаарна. Гэхдээ хөрөнгө оруулагчид олноороо ирэхгүй юм чинь гээд асуудлыг хойшлуулж болохгүй. Энэ нь өөрөө 4-10 жил шаардагдах хэмжээний бүтцийн өөрчлөлтийн процесс явагдах учраас хугацаа алдалгүй эхлүүлэх нь чухал” гэж буй юм.
Э.Болор
Сэтгэгдэл ( 1 )
EDIIN ZASGIIG HENCH YAG ONOJ CHADDAGGUI TAAJ BODDOG YUM EDIIN ZASAG HANSHIN DEER TOGTOJ BAIGAA UED BUTEEN BAIGUULALTAA HIIH N ERSDELTEI IPO ZUV