Эдийн засгийн ойлголтууд цуврал: ДНБ гэх ХЭМЖҮҮР-ийн тухай…

2018 оны 09 сарын 17

Эдийн засгийн ойлголт, нэр томъёоны талаарх мэдээллийг иргэд, уншигчдад ойлгомжтой хэлбэрээр хүргэх зорилготой  “Эдийн засгийн ойлголтууд цуврал”-ыг хүргэж буй билээ. Эдийн засгийн мөчлөг гэж юу болох талаар өмнө нь өгүүлсэн бол өнөөдөр ДНБ буюу Дотоодын нийт бүтээгдэхүүн гэж ойлголтын талаар хүргэж байна. Дотоодын нийт бүтээгдэхүүн гэх тооцоолол, хэмжүүрийг өөрчлөх ёстой гэх хандлага дэлхий нийтэд бий ч, улс орнууд  GDP буюу Дотоодын нийт бүтээгдэхүүн гэх хэмжүүрээр эдийн засгаа тооцож, тодорхойлсон хэвээрээ л байна. Тиймээс Дотоодын нийт бүтээгдэхүүний талаар эдийн засагчдын тодорхойлолтыг эхлээд хүргэе.

“Дотоодын нийт бүтээгдэхүүн, Үндэсний нийт бүтээгдэхүүн гэсэн хоёр чухал ойлголт бий. Тэгвэл Дотоодын нийт бүтээгдэхүүн гэдэг нь улс оронд бүртгэлтэй  аж ахуй нэгжүүд, иргэд нэг жилийн хугацаанд шинээр хийсэн бүх бүтээгдэхүүн үйлчилгээг давхардуулан тооцолгүйгээр тооцож, бүх бүтээгдэхүүний үнийг нэмж гаргаж ирэхийг хэлж байна. Харин Үндэсний нийт бүтээгдэхүүн гэдэг нь тухайн орны оршин суугчдын хөдөлмөр болон хөрөнгөөр нэг жилийн хугацаанд үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээлийн үнэлгээний нийлбэрийг хэлнэ.  ДНБ-ийг үйлдвэрлэлтийн, ашиглалтын, хуваарилалтын гэсэн гурван аргаар тооцдог байна.  Тодорхойлолт талаасаа ийм байна.

Манай улсын тухайд 2011 онд эдийн засаг  17.3 хувийн өсөлттэй гарч  байв. Тэгвэл өнөөдрий байдлаар эдийн засаг 6.3 хувийн өсөлттэй яваа.  Статистикчид  хэлэхдээ  Монгол Улсын Дотоодын нийт бүтээгдэхүүн  6.3 хувийн өсөлттэй байна гэж байгаа. Тэгэхээр чухам юу өссөн болохыг дээрх тодорхойлолтоос уншигч та ойлгож авсан биз ээ. ДНБ өслөө гээд иргэдийн амьдралд наалдаад байгаа юм байна уу гэх шүүмж дагадаг. Ер нь ийм  хандлага бусад улс орнуудад ч бас бий. Гэхдээ манай хувьд эдийн засгийн бүтцийн төрөлжилт тааруу, орлогын суваг хумигдмал зэрэг олон шалтгаанууд нь эдийн засгийн өсөлтийг өрх айлын үүдээр гүйж ороход нөлөөлдөг.

Өмнө өгүүлснийг тодотгон өгүүлэхэд, ДБН гэдэг бол  иргэд нь аятай сайхан амьдрах нийгэм бүхий хөгжил, дэвшилтэй улс орныг хэмжих хэмжүүр биш юм байна гэсэн “ухаарал” маягийн хандлага дэлхий нийтийн түвшинд газар авсаар байгаа. Эдийн засгийн өсөлтийн үр шимийг нийгмийн бүх давхаргын хүмүүст,  орхилгүйгээр  хүртээх, улмаар  эдийн засгийн өсөлтийг нийгмийн (хүний) хөгжил дэвшилтэй тэнцвэртэй уялдуулан холбох, хэмжих зорилго бүхий хамарсан өсөлт   (Inclusive growth) гэдэг шинэ хэмжүүрийг хэрэглэх саналыг Япон улсын  зүгээс гаргаж байсан.  Хятад улс шинэ хэмжүүрийг дэмжиж буйгаа 8 жилийн өмнө 2010 оны аравдугаар сард Бээжинд болсон Ази, Номхон Далайн Эдийн засгийн хамтын ажиллагааны (APEC) орнуудын Хүний нөөц хариуцсан сайд нарын уулзалт дээр илэрхийлж байсан билээ. Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтууд  дээр ч “ХАМАРСАН ӨСӨЛТ”-ийн талаар яригдаж байдаг. Тэгсэн ч  өнөөдрийн бодит нөхцөл байдлыг харахад Хятад ч, Япон ч тэр 80-аад жилийн тэртээгээс уламжлал болгон дагаж ирсэн ДНБ гэх хэмжүүрээр эдийн засгаа, хөгжлөө хэмжүүлсэн хэвээр байгаа юм.

ДНБ гэх тооцооллоор Америк дэлхийд НЭГДҮГЭЭРТ бичигдэж, түүний араас манай хөрш Хятад улс бичигдэж байна.

Э.Болор

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top