Ганц зах зээлээс түлш оруулж ирдэг үндэсний хэдэн монополь импортлогчидтой манай улсын тухайд газрын тос боловсруулах үйлдвэрийн тухай сэдэв зүүд зэрэглээ мэт ам дамжин яригдсаар, Ч.Сайханбилэгийг ЕС байхад Энэтхэгийн ЕС Нарендра Моди ирээд явсны дараа, итгэл найдварын оч асах шиг болж байв. Учир нь Нарендра Моди манайд ирээд буцахдаа 1 тэрбум ам.долларын зээл олгоно гэж амласан. Харин тийм хэмжээний долларыг дэд бүтцийн төсөл хөтөлбөрүүдэд зориулах бол өгнө гэсэн юм. Тэгээд удалгүй Монгол Улсын Засгийн газар, БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын 1 тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийг санхүүжүүлэх шийдвэрийг засаг гаргаж байв.
Тэр цагаас хойш юу болов гээд харахаар Монгол, Энэтхэгийн улстөрчид нийлж байгаад үйлдвэрийн шавыг тавьчихаад байна. Гэхдээ шав тавигдахаас өмнө аль аль талдаа ил болсон байх учиртай ТЭЗҮ буюу Техник Эдийн Засгийн Үндэслэлийн зах буланг нь ч болов олж хараагүй юм. Уг нь энэ сарын 5-10-ны хооронд манай тал ТЭЗҮ-тэй танилцчих байх гэсэн мэдээллийг АМГТГ-аас өгч байсан. Тэгвэл өнөөдөр 18-н. Энэтхэгийн талаас хүмүүс ирсэн гэх мэдээлэл бий. Гэхдээ үйлдвэрийн ТЭЗҮ-г танилцуулсан гэх мэдээлэл одоогоор алга байна. Нэгэнтээ үйлдвэр баригдах гээд шав нь тавигдчихаад байхад яах гээд байн байна ТЭЗҮ гэж нэхэл дагал болоод байгаа юм бэ гэх шүүмж дагаж магад. Тэгвэл ТЭЗҮ-г анхаарах зайлшгүй шаардлагатай юм. 1 тэрбум ам.долларыг бидэнд зүгээр өгөөгүй, зээл учраас үр ашигтай зүйлд зарцуулах шаардлагатай. Тэгвэл үр ашгийг тодорхойлох судалгаа бол нөгөөх ТЭЗҮ юм л даа.
Ер нь уул уурхай, газрын тосны салбарт төсөл хэрэгжүүлэхэд Хэрэгжих боломжийн судалгааг заавал хийх ёстой. Тодруулбал:
-Техник-технологийн хувьд хэрэгжих боломж
-Эдийн засгийн хувьд хэрэгжих боломж
-Хууль эрх зүйн хувьд хэрэгжих боломж
- Үйл ажиллагааны хувьд хэрэгжих боломж
-Цаг хугацааны хувьд хэрэгжих боломж
-Зах зээлийн боломжийн судалгаа, баялаг/нөөцийн боломжийн судалгааг гүйцэтгэх шаардлагатай. Тэдгээр нь нийлээд ТЭЗҮ гэсэн тодотгол дор нэгтгэгдэх ёстойг мэргэжилтнүүд хэлдэг. Тэгвэл Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг Энэтхэгчүүд голчлон боловсруулж, манай талаас туслан гүйцэтгэх маягаар оролцсон. Энэтхэгийн талын нөхдүүд гардсан ТЭЗҮ-д Италийн компани аудит хийж байгаа, дууссаных нь дараа манайхны ширээн дээр ирнэ гэсэн мэдээлэл байсан. Тэрчлэн ТЭЗҮ-д аудит хийгдэж байгаа учраас нарийн тоон мэдээлэл задлах боломжгүй гэсэн байр суурийг манай албаны нөхдүүд өгч чамгүй хугацааг өнгөрөөсөн юм.
Яадаг ч байсан шав нь тавигдсан үйлдвэрийн дэд бүтцэд шаардагдах 205-280 орчим тэрбум төгрөгийг Хөгжлийн банкнаас энэ онд гаргана. ТЭЗҮ-г эцэслэн батласны дараа барилгын ажил эхлэнэ гэж буй. 2022 оны сүүлчээр түлхүүр гардуулж өгөх нөхцөлтэйгөөр баригдаж эхлэх юм.
Газрын тосны үйлдвэр барина гээд ярихтай зэрэгцэн дотоодод олборлож буй түүхий тосны нөөц хүрэлцэх үү гэдэг сэдэв яригдаж ирсэн. Тэгвэл АМГТГ-аас энэ талаар мэдээлэхдээ “-Энэ үйлдвэр жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулна. Түүхий эдээ Дорнод аймгийн нутаг дахь 19, 21-р талбайгаас хангана. Өөрөөр хэлбэл “Петро чайна Дачин Тамсаг” компанийн олборлож буй газрын тосыг авах юм. Бүтээгдэхүүн хуваах гэрээнд Засгийн газар өөрийн авах хувиа газрын тос болон гадаад валютаар авахаар тусгасан. Одоогоор манай улс үүнийгээ гадаад валютаар авч байгаа. Үйлдвэр ашиглалтад ороход газрын тосоор авна. Мөн газрын тосны эрэл хайгуулыг эрчимжүүлэх, дээрх хоёр талбайн олборлолтыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна” гэсэн мэдээллийг өгч байна.
Ямартай ч үйлдвэрт боловсруулах тосны нөөцөө бол хангачихна гэж хэлж байна. Гэхдээ төсөл үр өгөөжтэй байх эсэхийг бүрэн тодорхойлох ТЭЗҮ гарсны дараа шаардлагатай мэдээллүүд ил болж таарах юм.
Э.Болорхажид
Сэтгэгдэл ( 4 )
DORNOGOVID USNII TOV SUDAL ILERSEN GEDEG
tezu-g yag onoj hiij chaddagguin bolvuu
Шав тавиад бариад эхэлчихсэн гэж ойлгоод байсан чинь юу вэ дургүй хүрчихлээ
наад хогийн хараал идсэн тэзүгээр хурдлуулаач болох бол хурдлаад болохгүй бол болил доо. худлаа найдлага төрүүлээд тэзүгүй юмаар шоудаад өлсгөлөн ард түмнийг доромжлоод байх юм