“ХАНШ”-ийн хөдөлгөөн тогтворжих уу?

2018 оны 09 сарын 18

 Дондог:  Хүүе ханш өсөөд 2500 болчихож?

Дулмаа: Юуны?

Дондог: Ам.долларын..

Дулмаа: -Ээ хө, одоо тэгэхээр яана гэсэн үг вэ?

Дондог: -Яах юу байхав дээ, унаа тэрэгний түлшний үнэ нэмэгдээд баларна шүү дээ...

Нэг иймэрхүү агуулга бүхий пост, комментууд өнөөдөр сошиалд цөөнгүй таарав. Уг нь бол  төгрөг “ногоон”-ы өмнө сулраад ирдэг, циклийн үе нь намар цаг л даа. Эдийн засгийн нөхцөл байдлыг, тоон мэдээллүүдийг хөөсрүүлэхийг урьталгүй, тогтож ажигладаг хүмүүс бол үүнийг гадарлаж буй нь лавтай. Гэхдээ эрэлт, нийлүүлэлтээс тогтдог “ханш”-аар тоглож, дундаас нь ашиг олох гэсэн санаархалтай  хэсэг бүлэг өнгөрсөн жилүүдэд байсаар л ирсэн. Тиймээс ханш өсчихлөө гэх мэдээллийг “дэглэх”-ээсээ өмнө эдийн засгийн нөхцөл байдал, нөлөөлсөн суурь хүчин зүйлүүдэд анхаарал хандуулъя.

Хэн хүнгүй албандаа морддог намар цагийн бэлтгэл долдугаар сараас эхлэдэг дүр зурагтай. Тэрдундаа найм, есдүгээр сар бол төгрөгийн ханшид дарамт үзүүлдэг онцлогтой үе. Манай тухайд валютын захын дэд бүтцийн хөгжил сайн биш учраас зах зээлээс валют гадагшлах үед ханшид шууд нөлөөллөө үзүүлдэг.  Тэгвэл намрын улиралд хичээлийн шинэ жил,  тариа ногооны хураалтын үе тохиодог учраас гадагшаа урсах зардлууд  сургалтын төлбөр, түлшний төлбөр, худалдан авалтын төлбөрүүд, уул уурхайн компаниудын өвлөөс урьтсан идэвхжил,  худалдан авалтууд зэрэг олон хэлбэрээр ам.доллар гадагшилдаг. Тэр жишиг өнөө жил ч хэвээрээ. Эдийн засгийн идэвхжил нэмэгдсэн, том төслүүд урагшилж байгаа, тэр хэрээр импортоор сэлбэг хэрэгсэл, түлшээ  татаж буй зэрэг нь ТӨЛБӨРИЙН ТЭНЦЭЛ 7 дугаар сарын байдлаар   198.5 сая ам.долларын алдагдалтай гарахад нөлөөлөөд байна. Энэ бол өмнөх оны мөн үеэс 4.1 дахин нэмэгдсэн дүн бөгөөд ам.долларын ханш өсөхөд нөлөөлөх хүчин зүйл юм. Төлбөрийн тэнцэл алдагдалтай гараад байна гэдэг нь манайхаас гадагшаа гарах ам.долларын урсгал нэмэгдээд байна.  Тэгэхээр энэ нь валютын хэрэгцээг дагасан бодит эрэлт  нэмэгдсэн гэсэн үг.

ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд  энэ онд манай улсад 136.9 сая ам.долларын санхүүжилт орж ирсэн. Гэхдээ энэ мөнгө “Дим Сам”,  “Чингис” бондын хүүгийн болон үндсэн төлбөрийг төлөхөд зарцуулагдсан байгаа юм. Эдгээр хүчин зүйл нь төлбөрийн тэнцэл алдагдалтай гарахад, ханш хөдлөхөд нөлөөлж байна.

Тодотгоход, төлбөрийн тэнцэл  тавдугаар сард  201.7 сая ам.долларын ашигтай гарч байсан бол  зургадугаар сард 130 орчим сая ам.долларын алдагдалтай байсан. Харин долдугаар сард хэрхэн өссөнийг дээр өгүүлсэн. Манай улсын тухайд  валютын нөөц багатай орнуудын тоонд орно. Хоёрхон жилийн өмнө  Гадаад валютын албан нөөц гээд байхаар юмгүй болтлоо нөхцөл байдал хүндэрч, ОУВС-ын хөтөлбөрт хамрагдсаны үр дүнд, дээр нь алтны худалдан авалт нэмэгдсэний үрээр өнөөдөр гадаад валютын нөөц 3.2 тэрбумд хүрээд буй. Тэгвэл ханш өсөлттэй байгаа энэ үед Монголбанк валютын захад оролцох уу гэдэг асуулт гарч ирнэ. Энэ талаар Монголбанкнаас тодруулахад:

Валютын ханшийг зах зээлийн суурь хүчин зүйлтэй нийцэн, уян хатан тогтох зарчим баримталдаг бөгөөд суурь зарчимтайгаа нийцтэйгээр, аажмаар өсч, буурах хөдөлгөөнийг Монголбанк хүлээн зөвшөөрнө. Богино хугацааны хүлээлтийн шинж чанартай хөдөлгөөн үүсвэл Монголбанк үүний эсрэг арга хэмжээ авдаг. Валютын ханшийн хэлбэлзэл тогтворжих суурь орчныг бүрдүүлэхийн тулд Монгол Улсын экспортод чиглэсэн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулах, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, тогтвортой хадгалах, улс төрийн эрсдэлт нөхцөлийг үүсгэхгүй байх гэх мэтээр төрийн бүхий л шатны байгууллагуудын тал бүрийн хамтын ажиллагаа шаардлагатай. Зах зээл дээр  хүчтэй савлагаа үүсэх юм бол Монголбанк нөөцөөсөө валютын зах руу гаргадаг. Одоогийн нөхцөл байдалд хиймэл эрэлт үүсээгүй,  зах зээлийнхээ жамаар эрэлт нь үүсээд явж байгаа нөхцөлд Монголбанк ажиглаж байгаа”  гэсэн байр суурийг илэрхийллээ.

Сүүлийн 3 сарын хугацаанд төгрөгийн ханш ам.долларын эсрэг  3 хувиар суларсан үзүүлэлттэй байгаа бол 9 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар 2497.65 төгрөг байсан. Харин өнөөдөр 2500. 82 төгрөг байгаа юм.

Ханш тогтвортой байхад манайх руу орж ирэх долларын урсгал буурахгүй байх, экспорт өсөлттэй байх нь чухал. Тэгвэл энэ чиглэлийн бодлогын арга хэмжээ, шийдвэрүүд Засгийн газартай холбоотой. Мөн ханшийг барих гол хүчин зүйлсийн нэг нь төв банк хатуу валют болох алтны худалдан авалтаа нэмэгдүүлж байна уу гэдэгтэй холбоотой. Өнгөрсөн онд 20 тонн алт худалдан авч, гадаад валютын нөөцийг 700 гаруй сая ам.доллараар нэмэгдүүлсэн байгаа. Тэгвэл энэ оны найман сарын байдлаар 12. 2 тонн алт төв банк худалдан авчээ.  Үлдсэн саруудад төлөвлөсөн хэмжээний алт худалдан авах бодит боломж бий юу гэдгийг тодруулахад:

-Өнгөрсөн оноос алт худалдан авалтаа 10 хувиар нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байна. Ес, аравдугаар сар бол алт тушаалт идэвхжилтэй байдаг үе.  Ер нь Монголбанк валютын нөөцөө 6-7 тэрбумаар нэмэгдүүлэх зорилготой ажиллаж байгаа” гэж байна.

Тэгэхээр ханшийн тогтвортой байдалд чухал нөлөөтэй алтны худалдан авалт нэмэгдэх таатай үе яг одоо тохиож байна. Энэ нь статистикт бууж, валютын нөөц нэмэгдлээ гэсэн мэдээлэл болж бидэнд ирнэ. Тэрчлэн ханшид эерэг нөлөөлөл үзүүлэх биз ээ.  Ер нь бол манай улс төгрөгөө дархлаатай болгохын тулд  экспортын стратегийн том бодлоготой байх хэрэгтэй. Энэ тал дээр төр засгийн байгууллагууд сайн ажиллах хэрэгтэй байгааг тодотгоё.

Э.Болорхажид

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
и(119.40.98.162) 2018 оны 09 сарын 18

ханш 2000 хүрээгүй байхад худлаа баахан орилолдоод 2500 болгосон одоо та нар барьж дийлэхгүй ээ 5000 болоод цалин чинь хоосон цаас болхоор эд нарын юу яриад байсныг ойлгоно

0  |  0
иргэн(202.179.25.153) 2018 оны 09 сарын 18

Ханш-ийн хөдөлгөөн Яаж тогтворжино гэж Нефьт ипортлогчид МАН 2 Үерхэж байхад Шатахууныхан нь Дураараа үнээ нэмчихэнэ МАН юу ч хэлэхгүй Давараагаад байхад чинь Ханш тогтворжино гэж яаж бодов оо

0  |  0
Top