Эдийн засгийн ойлголтууд цуврал: Макро эдийн засаг гэж юу вэ?

2018 оны 09 сарын 18

Эдийн засгийн ойлголтууд цуврал энэ удаа Макро эдийн засаг гэж юу вэ гэдэг асуултад хариулт өгөхийг зорьж байна.  Эдийн засгийн ухааныг судлаж байгаа зүйлээс нь хамаараад МАКРО эдийн засаг, МИКРО эдийн засаг гэж үндсэн хоёр хэсэгт хуваадаг.

Харин макро эдийн засгийн онол нь улс орны эдийн засгийг бүхэл бүтэн цогц байдлаар нь авч үзэн түүний хөгжлийн зүй тогтол, хэтийн төлвийг судалдаг аж.  Макро гэдэг нь Грекээр “том” гэсэн утгатай.  Тэгвэл Макро эдийн засгийн судлах зүйлийг дотор нь гурван бүлэгт ангилан үзэж болох  талаар эдийн засагч бичихдээ:

1.    Ханш уналт, ажилгүйдэл мөнгөний зах зээл, нийт эрэлт, нийлүүлэлт, эдийн засгийн өсөлт, хэрэглээ, хуримтлал гэх мэт эдийн засгийн тогтолцооны түвшин дэх эдийн засгийн юмс, үзэгдэл, үйл явцуудын  дотоод мөн чанарыг судлана.

2.    Эдийн засгийн зүй тогтолууд буюу шалтгаант үр дагавар, холбоо хамаарлуудыг судлана. Эдийн засгийн юмс үзэгдэл, үйл явцууд нь хоорондоо нягт холбоотой, харилцан шүтэлцээтэй, нэг нь нөгөөхөөсөө хамаарсан шинжтэй байдаг. Энэхүү хамаарлыг эдийн засгийн хууль буюу зүй тогтол гэж нэрлэнэ. Ханш уналт, ажилгүйдэл, зээлийн хүүгийн түвшин, хөрөнгө оруулалт, орлого, хэрэглээ, хадгаламж  гэх  мэт  макро түвшний   юмс үзэгдэл, үйл явцууд нь хоорондоо байнгын харилцан хамаарсан шинжтэй байна. Эдгээр харилцан хамаарал,  зүй  тогтлуудыг хэдий чинээ танин мэдэж чадна төдий чинээ аль нэг үйл явцад хийсэн зориудын өөрчлөлт нь нөгөө үйл явц үзэгдэлд хэрхэн нөлөөлж ямар үр дүн гарч болохыг урьчилан мэдэх эдийн засгийг ухамсартайгаар зохицуулж зохион байгуулах боломжтой болно. Үүнд макро эдийн засгийг судлахын зорилго, ач холбогдол оршино.

3.    Эдийн засгийн өсөлт, ажилгүйдэл, үнийн түвшин, ханш уналт, нийт эрэлт, нийлүүлэлт зэрэг бусад үзэгдэл үйл явцуудад ямар ямар хүчин зүйлүүд хэрхэн яаж нөлөөлж байгааг судлана.

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top