ТИНК ТАНК-ууд ИТГЭЛЦЭЛ-ийг эхэнд эрэмбэлэв

2018 оны 09 сарын 19

 “Эдийн засгийн коридор” анхдугаар чуулган арвантаван онд болох үеэр “мэндэлж” байсан гурван улсын зөвлөлдөх танхим буюу Тинк Танк холбоо дөрөв дэх жилдээ форум зохион байгуулж байна. Тинк Танк холбоог байгуулсан  зорилго нь талууд эрх тэгш, харилцан ашигтай хамтран ажиллаж, гурван улс эдийн засгийн хөгжлөөр зэрэгцэн оршиж, хүмүүнлэгийн солилцоо, төрийн бодлогыг хэрэгжүүлэх, хамтын судалгааг хөгжүүлэх ажлыг өрнүүлнэ гэж байв. Жил бүр хуралдаж, бодит үр дүн юу байна вэ гэдгээ ярилцдаг Тинк Танк холбооны  энэ жилийн  хурал болохоос   хэдхэн хоногийн өмнө гурван улсын төрийн тэргүүнүүд Дорнын эдийн засгийн форум дээр уулзацгаасан. Монгол, Орос, Хятадын Эдийн засгийн коридор бий болгох ажлыг хамтран урагшлуулах механизмтай болох асуудлыг талууд гарын үсэг зурж баталгаажуулсан нь онцлох үйл явдал болоод буй. Манай Ерөнхийлөгч энэ талаар хэлэхдээ “Ийм механизмгүй учраас уулзахаараа нэг яриад л, дараагийн уулзалтаар дахиж ярихаас хэтрэхгүй байна. Сая гурван улсын холбогдох яамд санамж бичиг байгуулсан нь томоохон алхам боллоо” гэсэн.  Тэгвэл Тинк Танк холбооны хуралд оролцож буй төлөөлөгчид ямар байр суурьтай байгааг тодруулснаа хүргэе.

Оросын шинжлэх ухааны академийн Сибирийн салбарын Монгол, Будда,  Төвд судлалын хүрээлэнгийн захирал, академич  Б.Базаров: Хамгийн гол нь итгэлцэл


 -Тинк Танк холбооны экспертүүд энэ дөрвөн жилд бие биенээ ойлгодог болж, харилцаа тогтоосон байна. Ер нь бол энэ Оросын талын Монгол ру хандсан хандлага, Хятадын талын Монгол руу хандсан хандлагаас хамаарах нарийн төвөгтэй асуудал юм. Дэлхийн хоёр том гүрэн Монгол руу  чиглэсэн бодлого явуулахад,  Монгол Улсад ямар нэгэн хохирол,  эрсдэл гарахгүй байх нь гол. Гурван орны адил тэгш сонирхол, адил тэгш эрх ашгийг хамгаалсан  л бодлого, үйл ажиллагаа хэрэгтэй.

Хоёр улс эрх тэгш харилцана гэдэг нэг хэрэг, гурван улс эрх тэгш харилцана гэдэг бас өөр хэрэг байх. Аливаа асуудлаар ойлголцох, урагшлахад гурвуулаа эрх ашгаа тэнцвэржүүлнэ гэдэг яах аргагүй шинэ ойлголт байна л даа, манай тухайд?

-Таны  ингэж асуудаг зөв өө. Хоёр орон бол арай хялбархан. Гурван орон бол бас өөр. Орос, Монголын харилцааны тухайд, эдийн засгийн хамтын ажиллагаа өмнөх шигээ хүчтэй биш байна. Орос,  Монголын хамтын ажиллагааны өмнөх механизмыг,  тэр эрч хүчийг эргүүлж авчрах бас хялбархан асуудал биш ээ. Хамгийн гол нь улс орны хооронд итгэлцлийг бий болгох  нь  эхний суурь болох байх аа. Монгол,  Оросын болон   Монгол,  Хятадын харилцааны аль алины   гол суурь нь итгэлцэл байх юм. Итгэлцэл бүрэлдэх юм бол тэр суурин дээр цааш явахад хялбар байх ёстой.

 

Академич, доктор  Т.Дорж: Зүүн бүсээр дамжиж гуравдагч зах зээлд  гарах нь хамгийн ойр


Сая Владивостокийн Дорнын эдийн засгийн чуулган дээр Эдийн засгийн коридорын хүрээнд байгалийн хий дамжуулах хоолойг Монголоор дайруулах асуудлыг ажил хэргийн түвшинд ярилаа. Хийн хоолойн асуудлыг  Чиндаогийн уулзалтын үеэр мөн ярьсан шүү дээ. Оросын талаас  манай экспортлож байгаа эрдэс түүхий эдэд 66.4 хувийн хөнгөлөлт үзүүлэх,  энгийн  бараанд 58 илүү хувийн хөнгөлөлт үзүүлэх хэлэлцээрт  гарын үсэг зурлаа. Энэ бол Эдийн засгийн коридорыг идэвхжүүлэх хүрээнд явагдаж байгаа асуудал. Ши Жиньпин дарга Монгол Хятад хоорондын ачаа эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэнэ гэж хэлсэн. Үүнтэй холбогдсон олон арга хэмжээ явагдаж байгаа. Энэ бүгдээс  үзэх юм бол Эдийн засгийн коридор Монголын эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдолтой. Бид далайд гарахдаа зөвхөн хоёр хөрш орноороо  дамжиж гардаг. Хамгийн хямд тээвэр бол төмөр зам. Тэгэхээр дэд бүтцээ хөгжүүлэх хэрэгтэй.  Зүүн бүсээр дамжиж гуравдагч зах зээлд  гарах нь хамгийн ойрхон орон зай.

 

МУИС-ийн Газар зүйн тэнхимийн эрхлэгч В.Батцэнгэл: Бодитой үйл ажиллагаанууд эхлүүлэх хэрэгтэй


Энэ жилийн хурлын тухайд Тинк Танк холбоо  харьцангуй судалгааны чиглэлтэй зүйл ярьж, аль болох бодитой үйл ажиллагаануудыг эхлүүлье гэсэн зорилготой байна. Тэр  ч утгаараа энэ удаагийн Тинк Танк форумд Засгийн газрын харьяа байгууллагын зарим нэг төлөөлөл ирсэн. Мөн бизнес форумын хүрээнд аль болох компаниудыг оролцуулж, Эдийн засгийн  коридорын ажлуудыг эхлүүлэх талаар ярилцаж байна. Тинк Танк холбооны ажил судалгааны түвшинд нэлээн ахижээ. Одоо нэгдсэн мэдээллийн сангаа үүсгээд, бодитой төслүүд хэрэгжүүлэх шат руугаа оръё гэж үзэж байна. Эдийн засгийн коридор гэж хаа хаанаа яригдаад удсан. Улс орны нөхцөл байдал, эдийн засгийн байдал нөлөөлж, нэгдмэл нэг удирдлага, тогтолцоонд орж чадаагүй байгаа юм.  Манай  төрийн тэргүүн сая өөрөө албан ёсоор Эдийн засгийн коридорыг хөдөлгөе гэж хэлсэн. Энэ нь төр засгийн зүгээс нэг зорилго чиглэлтэйгээр хийх гэж байна гэж ойлгогдож байгаа. Бодитой ажил болгохоор яригдаж буй төсөл хөтөлбөрийн тухайд босоо тэнхлэгийн дагуу Монгол Улсын дамжин өнгөрөх тээврийн коридор байгуулах, мөн  Хайлаар, Чита, Чойбалсанг холбосон аялал жуулчлалын коридор байгуулах асуудлыг ярьж байна.

 

ӨМӨЗО-ны Шинжлэх ухааны академийн захирал Ли Чун Лин: Тэнцвэртэй харилцаа маш чухал


Монгол Улс Эдийн засгийн коридорт өөрийн боломжит хэмжээндээ сайн оролцож,  бүтээн байгуулалтууд  хийх ёстой. Хятад, Монгол, Орос гурван улсын хувьд тэнцвэртэй сайхан харилцаа маш чухал. Орос,  Хятад  улсуудын харилцаа ойрын жилүүдэд  улам сайжирч байгаа. Энэ нь  Монгол Улсад сайнаар нөлөөлнө. Тинк Танк холбооны хурал дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж байна. Өмнөх гурван удаагийн хурлын үр дүнгээ нэгтгэн ярилцаж, шин шинэ төсөл хөтөлбөрийн тухай ярьцгааж байна. Монгол Улс  хоёр хөрштэйгээ ижил тэнцүү харилцаатай байж Эдийн засгийн  коридор хөгжүүлэх нь  чухал юм. Хятад, Монгол хоёр улсын хувьд эдийн засгийн харилцаа нэн сайн хөгжүүлэх шаардлага бий.

 

Э.Болорхажид

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zoochin(66.181.190.146) 2018 оны 09 сарын 19

DALAIN TEEVER TZ-AAS HYAMDHAN

0  |  0
Top