Тэрбум тэрбумаар хэмжигдэх “МӨНГӨ УГААЛТ”

2018 оны 09 сарын 19

Хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийг хууль ёсны харагдуулах үйл ажиллагааг мөнгө угаах гэж ойлгож болно гэж мэргэжилтнүүд хэлдэг. Ер нь  хууль бусаар олсон хөрөнгийн урсгал хууль бус аливаа үйлдлийг санхүүжүүлэхэд чиглэдэг гэдэг нь тодорхой байдаг. Тиймээс ч дэлхий нийтээр мөнгө угаах, терроризмыг санжүүлэхийн эсрэг нэгдсэн байдлаар тэмцээд багагүй хугацаа өнгөрч буй.  Манай улсын тухайд ч   олон улсын  стандартыг дагаж хуульчилсан. Дотоодын нөхцөл байдлыг өгүүлэхээсээ өмнө  дэлхийн улс орнуудын  мөнгө угаах гэмт хэргийн зарим жишээнээс хүргэе.

-Английн HSBC банк хууль зөрчин Мексик, Иран, Куба, Саудын Араб зэрэг улс орнуудтай сүлжээлэн мөнгө угаасан нь тогтоогдож, улмаар 1,9 тэрбум ам.долларын торгууль төлж байсан.

-Стандарт Чартеред банк нь АНУ-ын эдийн засгийн хорионд орсон орнуудын жагсаалтад орсон Судан, Иран зэрэг  дөрвөн улстай 2001-2007 оны хооронд бизнесийн харилцаатай байсан нь нотлогдсон тул АНУ-ын холбооны болон Нью-Йорк мужийн хууль хяналтынханд нийт 667 сая ам.долларын торгууль төлсөн байдаг.

-Мексик улс хар тамхины наймаанаас жилд 50 тэрбум ам.долларын орлого олж байгаа ч, зургаан жилийн дотор энэхүү хууль бус наймааны хөлд дөчөөд мянган хүн амиа алдсан гэсэн тоо бий.

-Авлигын эсрэг дэлхийн хөдөлгөөний тэргүүлэгч “Трансперенси Интернешнл” байгууллагаас Индонезийн Ерөнхийлөгч асан Сухартог хамгийн том авлигачдын жагсаалтад оруулж байсан. 9 тэрбум ам.долларыг Австрийн банкинд хадгалуулсан нь илэрснээр, түүний хөрөнийн эх үүсвэр хууль бус болох нь илэрсэн юм.

-Нью  Йоркийн банкин дахь “Benex Worldwide” компанийн  дансаар Оросын мафийн мөнгийг угааж байсан асуудал илэрч байв. 1996-2002 оны хооронд 9 орчим тэрбум ам.доллар Америкийн банк руу шилжсэнийхээ дараа буцаад Европын банкуудаар дамжиж Орос руу орсон байдаг.

Тэгвэл манай улс мөнгө угаах гэмт хэргийн эсрэг олон улсын стандартын дагуу тэмцэх эрхзүйн орчныг бүрдүүлсэн гэж үзэж буй ч, хамгаалалтаа сайжруул гэсэн шаардлагыг FATF-аас тавьсны дагуу шат дараатай үйл ажиллагаанууд явагдаж байна.

Дашрамд, олон улсын стандарт болох НҮБ-ын 2000 оны Палермогийн конвенцид “мөнгө угаах” гэдэг ойлголтыг хэрхэн тодорхойлсон байдагт анхаарал хандуулъя.

-Гэмт хэргийн орлого гэдгийг нь мэдсээр байж эд хөрөнгийн хууль бус үүсвэрийг нуух, далдлах, эсхүл үндсэн зөрчлийг үйлдэхэд оролцсон этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор эд хөрөнгийг өөрчлөх буюу шилжүүлэх;

-Гэмт хэргийн орлого гэдгийг нь мэдсээр байж эд хөрөнгийн бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, шилжүүлэх, эзэмших буюу бусад эрхийг нуух буюу далдлах;

-Гэмт хэргийн орлого гэдгийг нь мэдсээр байж эд хөрөнгийг авах, эзэмших буюу ашиглахыг хэлнэ гэсэн байдаг. Энэ бол олон улсын стандарт.

Уг стандартын дагуу үйл ажиллагаа явуулах ёстой манай төр засгийн холбогдох байгууллагуудын мэргэжилтнүүд мэргэших шаардлагатай гэдгийг албаныхан хэлдэг. Тэгвэл Азийн Хөгжлийн Банкнаас Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанктай хамтран мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чадавхыг дээшлүүлэх чиглэлээр төсөл хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд СЗХ-ны бүтцэд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх нэгжийг байгуулахаар болсон. Үүний дагуу АХБ-наас шинээр байгуулагдах нэгжийн ерөнхий бодлого, шалгалтын үйл ажиллагааны арга аргачлалыг танилцуулах зорилгоор “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх арга зам, аргачлал, хяналт” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна.Сургалтад СЗХ-ны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын хянан шалгагч нар хамрагдаж байгаа бөгөөд мөнгө угаах санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр мэргэшсэн АХБ-ны олон улсын зөвлөх Гари Гэгэнхаймер сургалтыг удирдан явуулж байгаа юм. Уг сургалтаар  эрсдэлийн үнэлгээ, харилцагчийн тодорхойлолт ба түүнийг таньж мэдэх нь, дотоод аудитын үүрэг, хяналт шалгалтын дүгнэлт боловсруулах болон шалгалтын дараах үйл ажиллагаа зэрэг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх шинэ нэгжийн үйл ажиллагаатай холбогдох бүхий л чиглэлээр хянан шалгагчдыг сургаж буй юм байна. Тэгэхээр FATF-ын шаардлагыг хангах үүрэг хүлээсэн манай тухайд мэргэжилтнүүдээ мэргэшүүлж буй тухай мэдээлэл гадныханд таатай байдлаар хүрэх биз.

Э.Болор

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
123(202.55.191.205) 2018 оны 09 сарын 19

1990 оноос хойш монгол улсад зөв,сайн юм болж байна уу? ...

0  |  0
Top