Бүтэн жилийн хугацаанд автобусны ШҮҮЛТҮҮР-ээ ч шийдэж дийлэхгүй байна!

2018 оны 09 сарын 19

 Шатахууны чанарт хяналт яаж тавих вэ? Хяналтын систем, технологийн хувьд Солонгосоос суралцах туршлага юу байна вэ гэдэг үндсэн сэдвийн хүрээнд  БНСУ-ын “К-Петро” агентлаг   УУХҮЯ, АМГТГ-тай хамтран сургалт явуулж байна. Дэлхийн улс орнууд  агаар орчныг бохирдуулж буй гол эх үүсвэрүүдийн нэг шатахууныг чанаржуулах тухай сэдэвт ихээхэн анхаарал хандуулж,  Евро-6 хүртэлх стандартыг хангасан түлшийг хэрэглээнд бүрэн нэвтрүүлэхийг уриалж буй. Харин  манай тухайд түлшний гол зах  зээл Оросын нийлүүлэгчдээс бүрэн хамаарах  дүр зурагтай. Уг нь ОХУ Евро-5 стандартад  шилжих ажиллагаанд бүрэн шилжээд дууссан гэх мэдээллийг 2016 онд өгч байсан ч, бодит байдал дээр Евро-4 стандартын түлш голчлон хэрэглэж байгаа. Тэгвэл тэндээс  Евро-4 болон Евро-5 стандартын түлш манайд орж ирэх ёстой байтал  яахаараа  Евро-2 болчихоод байна вэ гэдэг асуудал яригдана. Гол нь түлшний  чанар дагаад иргэдийн амьдрах орчны асуудал чухалд тавигдах ёстой юм.

Хөнөөлтэй түлш хэрэглэсээр байх уу?

Манай улсад   авто машины шатахууны хэрэглээ, чанарт энэ жил анх удаа судалгаа хийгдсэн. Өвлийн улиралд Улаанбаатар хотыг бохирдуулдаг утааны 10-20 хувийг авто тээврийн хэрэгсэл ялгаруулдаг болох нь, мөн дулааны улиралд яндангийн утаа үгүй болдог ч,  автомашины  яндангаас гардаг   хар тугалга, хүнд металлын   хорт хий жилийн дөрвөн улиралд агаар орчныг бохирдуулж буйг судлаачид онцолж байна. Тэгвэл тээврийн хэрэгслүүд  агаар  бохирдуулдаг  гол шалтгаан нь хуучин машинуудаас  гадна, дэлхийн улс орнууд татгалзах болсон Евро -2 шатахууны хэрэглээ их байгаатай холбоотойг судалгаа харуулж байна.  Шатахууны стандартаас хамаарч ялгаруулдаг хүхрийн хэмжээг  харьцуулж харвал:

Евро-2 стандартын түлшний 1 литрээс  2000 мг хүхэр

Евро-4 стандартын түлшний 1 литрээс 50 мг

Евро-5 стандартын түлшний 1 литрээс 10 мг хүхэр ялгардаг гэсэн тооцооллыг судлаачид хэлдэг.

Манай тухайд  Евро -4,  Евро-5 стандартын түлшийг оруулж ирж буй гэдэг ч, тавигдах  хяналт шаардлага муугаас  Евро-2 түлш хэрэглээнд голчлон байна.

 

Бохирдлыг халахын тулд “гараа” хөдөлгөж байна уу?

Уул уурхай, хүнд үйлдвэрийн Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал БНСУ-ын “К-Петро” агентлагийн Бизнес хариуцсан гүйцэтгэх захирал Чо Жуёнг нарын хүмүүстэй уулзахдаа  “газрын тосны бүтээгдэхүүний чанарын хяналтын цогц систем бий болгох, хяналт шалгалт, лабораторийн шинжилгээний чиглэлээр техник, технологийн дэмжлэг үзүүлэн хамтарч ажиллах” хүсэлт тавиад байна.  УУХҮЯ-ны зүгээс улсын төсөв болон холбогдох төсөл хөтөлбөрийн санхүүжилтээр хөдөө орон нутагт шатахууны чанарын хяналтын лаборатори байгуулах, зөөврийн лабораторийг худалдан авахаар төлөвлөж байгаа гэсэн мэдээллийг өгч буй.


Сануулахад, жил хүрэхгүй хугацааны өмнө  “Тээврийн хэрэгсэл, орчны бохирдлоос үүсч буй агаарын бохирдол, түүнийг шийдвэрлэх арга зам” салбар хуралдаан Иргэний танхимд болж байсан. Тэр үед Ерөнхийлөгчийн Байгаль орчин, хот, хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдлын асуудал хариуцсан зөвлөх Д.Пүрэвдаваа   “Гэр хорооллын яндангийн утаанаас гадна агаар бохирдуулагч нэг эх үүсвэр нь авто тээврийн хэрэгсэл юм. Улаанбаатар хотод 2016 онд 439 мянга гаруй тээврийн хэрэгсэл тоологдсон бөгөөд эдгээрээс ялгарч байгаа угаарын хий нь нийслэлийн агаарын бохирдлын 10 хувийг эзэлж байна. Нийт авто тээврийн хэрэгслийн 60 гаруй хувь нь 10-аас дээш жилийн насжилттай, удаан эдлэгдсэн хуучин машин байгаа нь илүү их бохирдол үүсгэхэд нөлөөлж байна” гэж байсан.

Түүнчлэн тээврийн хэрэгслийг хийн болон цахилгаан эх үүсвэртэй болгох, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, зүлэгжүүлэх боломжгүй элэгдэлд орсон газруудыг өнгөт хавтангаар хучих, ухаалаг тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх, автобусны янданд шүүлтүүр суулгах, гэр хорооллын өрхүүд гүн боловсруулсан нүүрс түлшиндээ хэрэглэх зэрэг аргаар агаар, орчны бохирдлыг бууруулах боломжтой талаар яригдсан.  Мөн нийтийн тээврийн хэрэгсэлд парк шинэчлэлт хийх, насжилт өндөр, утаа их хаядаг машинуудыг хэрэглээнээс гаргах, сайн чанарын шатахуун хэрэглэх, хүчилтөрөгч дутсанаас дутуу шаталт үүсдэгийг анхаарах зэргээр тээврийн хэрэгслээс үүсч байгаа агаар, орчны бохирдлыг бууруулах боломж бийг судлаачид тэмдэглэж байв.

Тэгвэл өнөөдөр олигтой урагшилсан зүйлгүй байна. Ямартаа л Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны тогтоолоор 1000 автобусанд шүүлтүүр суурилуулах ажил удаашралтай байгаа тухай Зам, тээврийн хөгжлийн Дэд сайдын шуурхай хуралдаан дээр яригдаж байхав.

 

Э.Болор

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top