Том ТӨР жижиг салбараа тултал нь дэмжээд өгөөч!

2018 оны 09 сарын 20

Эмзэг мэдрэмтгий мега төслүүдийн тухай ярихаас гадна хөгжлийг наашлуулах боломжтой том гарц гэгдэх  жижиг, дунд үйлдвэрлэл өчигдөр, өнөөдөр ямар түвшинд байна вэ гэдэгт анхаарах нь зөв юм. Дэлхийн улс орнуудын жишгийг харахад жижиг, дунд үйлдвэрлэлийн  ДНБ-нд эзлэх хувь  4-өөс 56.8 хувийн хооронд хэлбэлзэж буйг сүүлийн үеийн судалгаа харуулж байна. Тэгвэл манай тухайд 17.8 хувийг бүрдүүлж байгаа үзүүлэлттэй. Энэ хувь хэмжээг өсгөн нэмэгдүүлэх шаардлага мэдээж бий. Уг нь жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих хөрөнгө мөнгийг төсөвт хуваарилж, төсөл хөтөлбөрүүдийг дэмжиж байна гэдэг ч, энэ салбарт тод томруун ахиц дэвшил харагдахгүй байгаа нь үнэн.  Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зээлд 2009-2016 оны хооронд 745.5 тэрбум төгрөг зарцуулагдсан байдаг.  Гэхдээ хөрөнгө хуваарилалтын хэмжээ жил бүр харилцан адилгүй. 2017  онд ЖДҮ-ийг дэмжихэд зориулж 24 тэрбум төгрөг  төсөвт суулгасан бол энэ 2018 онд хувь хэмжээ огцом нэмэгдэж 97.8 тэрбум төгрөг батласан. Энэ мөнгөөр 326-489 төсөл хөтөлбөрийг 30 саяас 2 тэрбум төгрөгийн, жилийн 3-7 хувийн хүүтэй зээлээр санхүүжүүлэх юм. Үр дүнд нь 4638 ажлын байр бий болно гэж үзсэн. Тэгвэл одоо ирэх оны төсөв яригдаж буйтай зэрэгцэн өмнөх хөрөнгө өгөөж дагуулсан уу гэдгийг оны төгсгөлд нэгтгэж, дүгнэн харах хэрэгтэй болно.

 

Хэзээ, яаж дэмжив?

Эргээд харахад энэ салбарыг дэмжих хөрөнгө мөнгө гараагүй биш гарсаар ирсэн. Гэхдээ жижиг, дунд үйлдвэрлэлийг төрөөс дэмжих бодлого, зээл хэлбэрээр хүрэхдээ “алагчлал”-тай байна гэх асуудлаас гадна өсч дэвжих хөрс нь сул байна гэдгийг хаа хаанаа ойлгож буй.

Хөгжлийн банкны санхүүжилтийн оргил үед 70 тэрбумыг тийш нь хуваарилж байв.  “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор 50 тэрбум, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор 100 тэрбум, нийт 150 тэрбум төгрөг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаар дамжуулан хөнгөлөлттэй зээлд олгосон байдаг. Гэхдээ санхүүжилт хүлээсэн төслүүдийн тоо тогтмол нэмэгдсээр байдаг нь, энэ салбарт бодлого бүрэн тусах шаардлага байгааг илтгэдэг.


Манай улсын хэмжээнд 53 мянга гаруй жижиг, дунд үйлдвэрлэл  эрхлэгчид бийгийн 80 гаруй хувь нь 1-9 ажиллагсадтай. 2011 оноос Сум хөгжүүлэх сангаар дамжуулан жилийн 1-3 хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээл олгосон байдаг. Тэгвэл одоо зээлийн хугацаа урт ч, хүү өндөр байна. Сум хөгжүүлэх сангаар дамжуулсан зээлийн тухайд  орон нутагт 9272 үйлдвэр, цех шинээр байгуулагдаж, 13909 үйлдвэр, цех үйл ажиллагаагаа өргөтгөж, улсын хэмжээнд 32.9 мянган ажлын байр шинээр нэмэгдэх хүчин зүйл болсон гэх мэдээлэл бий.

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас өгсөн мэдээллээр ЖДҮ-ийг дэмжих сан байгуулж ажилласан өнгөрсөн жилүүдийн хугацаанд 850 орчим тэрбум төгрөгийн зээл олгогджээ. Зээл авсан аж ахуй нэгжүүдийн эргэн төлөлт 80 гаруй хувьтай байгаа аж.


"Бай"-гаа оносон дэмжлэг үгүйлэгдэж байна

Хөгжүүлэх хэрэгтэй байна гэж ярьдаг ч, хэрэгжүүлэхдээ алдаа гаргадаг жишиг энэ  салбарт ч байсаар байна. Тухайлбал, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх гол хөшүүрэг нь татварын хөнгөлөлт,  зээлийн дэмжлэгээс гадна зах зээлийг нь бүрдүүлж өгөх явдал байдаг. Мэдээж үүнийг бодлогоор зохицуулах шаардлагатай.  Мөн манай тухайд  түрээсийн өндөр төлбөр дарамт учруулдаг. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн  гараас гарсан бараа, бүтээгдэхүүнүүд  хөрш орнуудын, цаашлаад бусад улс орнуудын зах зээлд гарах боломж юу байна вэ гэдэг нь чухал. Энэ салбарынхан  хүүтэй, хугацаатай зээлж авсан мөнгөөрөө их хэмжээний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлээд агуулахаа дүүргэчихээд байдаг. Нөгөөхийг нь авах, хэрэглэх зах зээл нь байдаггүй. Тэгэхээр уг  салбарыг дэмжих гол өнцөг нь  хил худалдааг дэмжих ёстой юм байна гэсэн асуудал шийдвэр гаргагчдын түвшинд яригддаг ч, ажил болоогүй байна.  14 боомтоо ашиглаад  тэднийхээ  үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг валютаар солихын тулд хөршүүдтэйгээ хэрхэн ойлголцож байгаа вэ гэдэг асуудал мэдээж яригдана. Цаашлаад өмнөд хөршийн удирдагч хоёр улсын бараа эргэлтийг 10 тэрбумд хүргэх тухай хэлсэн үгтэй энэ жижиг хэрнээ том ач холбогдолтой салбараа хэрхэн уяж болох вэ? Хойд хөрш рүү махнаас гадна өөр юу экспортлож болох тал дээр нэгдсэн, тоймтой судалгаа байна уу гэдэг асуулт тавигдана.

Уг нь жил бүр л үзэсгэлэн худалдаа, экспо болж жижиг,  дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг  дэмжиж байна гэдэг. Гэсэн ч тухайн  арга хэмжээнд оролцож буй аж ахуй нэгжийнх нь тоо 100 ч хүрдэггүй нь анхаарал татдаг. Гэтэл жижиг, дунд үйлдвэрлэл  гэх малгайн дор мянга мянган аж ахуй нэгж ажиллаж буй. Бүгдийг нь хамруулах боломжгүй ч, нэгэнтээ дотоодын үйлдвэрлэгчдээ гадаад зах зээлтэй холбох талын юм хийж буй бол дорвитой, даацтай л хандмаар байгаа юм.

Мэдээж үндэсний үйлдвэрлэгчдийн нэг гол зах зээл нь төр байх ёстой нь тогтмол шахуу ойлголт. Гэтэл манайд энэ жишиг эсрэгээрээ. Мөн гаднаас орж ирдэг хөрөнгө мөнгөний тодорхой хувийг энэ салбар луу оруулж байж, урагшилна гэсэн тогтмол  бодлого бас үгүйлэгдэж байна. Манай улс Япон улстай 3 жилийн өмнө Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулахад жижиг дунд үйлдвэрлэлийн  салбарт өгөөж ирнэ гэсэн хүлээлт байсан. Гэхдээ өнөөдрийн тухайд дорвитой статистик тоо алга. Хүлээлт үүсгэсэн эерэг тоонууд хаана гацаад байна вэ?

Э.Болорхажид

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zohich(59.153.113.204) 2018 оны 09 сарын 20

YAG ONOJ BAIJ HOGJINO

0  |  0
Top