Хуульчид ТОГТОЛЦООНЫ ГАЖУУДАЛ байгааг дуу нэгтэй хэллээ

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 08

Монгол Улсын их сургууль, Монголын хуульчдын холбоо, “Чимэд” сан, “Nagoya” их сургуулиас хамтран “Үндсэн хуулийн болон захиргааны эрх зүйн үндсэн асуудал” олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг өнөөдөр /2018.08.10/ зохион байгууллаа. Тус хуралдаанд академич С.Нарангэрэл, Ж.Амарсанаа, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан тэргүүтэй хууль зүйн салбарын төлөөлөгчид, гадны зочид оролцсон юм. Монгол Улс Үндсэн хуулиа 1992 онд батласан цагаас хойш 2000 онд нэмэлт өөрчлөлт хийсэн нь олонхийн дунд маргаан дагуулдаг гол сэдэв болсон. Тиймээс сүүлийн жилүүдэд Үндсэн хуулийн өөрчлөлтийн тухай ярьж, шат шатны хэлэлцүүлэг явуулсаар багагүй хугацаа өнгөрчээ.

Уг хуралдаанаар “Захиргааны эрх зүйн тусгай ангийн эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал”, “Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт, түүнээс үлдсэн түүхэн сургамж”, “Үндсэн хуулийн үзэл баримтлал ба төрийн олон эшт үзэл”, Эрх мэдлийн хуваарилалт, гүйцэтгэх эрх мэдэл ба шүүхийн хяналт” гэх мэт олон сэдвийн хүрээнд илтгэл явуулж хэлэлцлээ.

Манай Засгийн газар захиргааны хэргийн шүүхээс ангид шийдвэрээ гаргадаг байх уу, үгүй юу, Засгийн газрын шийдвэр, түүнийг хэрэгжүүлсэн яам агентлаг нь Захиргааны хэргийн шүүхээс гарсан шийдвэрийг дагах, эс дагах гэсэн өргөн сэдвийн хүрээнд өрнөсөн.


Мөн улс төрийн намуудын санхүүжилт, түүний эрх мэдлийн хүрээнд хэрэгжих асуудал гэх мэт цаг үеийн тулгамдсан асуулаар хэлэлцүүлэг явууллаа. Дээрх асуудлууд нь сүүлийн үед ихээхэн маргаан дагуулж байгаа. Нөгөө талаар хуралд оролцсон хуульчид Монгол Улсад төрийн тогтолцооны гажуудал байгааг нэгэн дуугаар хүлээн зөвшөөрч, алдааг хэрхэн засах талаар ярилцсан юм. Тиймээс зарим хуульчдын байр суурийг хүргэж байна     

Академич Ж.Амарсанаа: Үндсэн хуульд намын тухай нэг ч үг, өгүүлбэр хэрэггүй

-Улс төрийн намуудыг гишүүдийн тоогоор авч үзэх нь хэр үндэслэлтэй юм. 801 гишүүн байхад улс төрийн нам бий болж байна. Намуудын санхүүжилтыг ч Үндсэн хуулийн дагуу авч үзэх цаг нь болсон. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэлэлцүүлэг явуулж байна гээд хүмүүс амарчихсан зуны цагаар эл хуль сумын төвөөр баахан давхилдсан. Үнэн хэрэгтээ цогц хэлэлцүүлэг болж, ард түмнээсээ асууж чадсан уу гэвэл хэцүү. Нэмэлт өөрчлөлтөд намын тухай оруулах гэж яараад байна. Үндсэн хуульд намын тухай нэг ч үг өгүүлбэр нэмээд хэрэггүй. Үг өгүүлбэр оруулсан оруулаагүй Үндсэн хуулийн дагуу нам өөрөө ажиллах ёстой. Үндэсний хэмжээний нам гэж ярьж байгаад Үндсэн хуульд намын тухай оруулж ирэх гээд байна. Үндсэн хууль намыг хянана гэхээр өөрөө зөрчилтэй болдог. Өнөөдөр улс төрийн намыг Улсын дээд шүүх бүртгэнэ, бүртгэхгүй, татан буулгана гэх мэтээр улс төрийн намуудын үйл ажиллагаанд оролцох хэрэггүй. Улс төрийн нам нь мөнгөө арвижуулах гэсэн хэсэг бүлэг хүний л Төрийн бус байгууллага.

Академич С.Нарангэрэл: Үндсэн хуулийн өөрчлөлтөөс үүдсэн тогтолцооны гажуудал бий

-Монгол Улс шинэ Үндсэн хуулиа батлаад 20 гаруй жил болж байна. Үүнээс хойш нэг удаа нэмэлт өөрчлөлт оруулахдаа бид алдаа хийсэн. Ингэхдээ хуучин “УИХ-ын гишүүн нь хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бөгөөд бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэж заасныг “УИХ-ын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэж өөрчлөн найруулсан нь гол асуудал болчихсон. Үүнээс үүдсэн тогтолцооны гажуудал бий болсон. Одоо Гүйцэтгэх засаглал нь Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээ хэрэгжүүлдэг байх уу, эсвэл Гүйцэтгэх засаглал нь шүүхээс үл хамааран шийдвэрээ гаргаад явах уу гэдэг зүйлийг маш нухацтай хэлэлцэх ёстой. Яг одоо энэ тухай хэлэлцэж байна.

Хууль зүйн ухааны докторант Д.Оросоо: Гүйцэтгэх засаглал нь намтай холбоотой учраас сайн тунгаах хэрэгтэй

-Манай Хууль зүйн яам, салбарын сайдын зүгээс Засгийн газрын аливаа шийдвэрийг Захиргааны хэргийн шүүхэд хамаарахгүй байхаар зохицуулах тухай ярих болжээ. Ерөөсөө улс төрийн шийдвэрийг шүүх хянахгүй байх гэсэн тал талын үзэл маш хүчтэй явж байна. Энэ нь нийгэмд хамгийн их анхаарал татаж байгаа зүйл болсон. Засгийн газар түүний харъяа яам агентлагийн шийдвэр ч шүүхийн шийдвэрт үл хамаарах тухай ярьж байна. Засгийн газрын шийдвэрт Захиргааны хэргийн шүүх ямар оролцоотой байх юм гэдгээс эхлээд олон талын байр суурийг тусгах хэрэгтэй. Монгол Улс анх удаа Үндсэн хуульдаа улс төрийн намуудынхаа зохицуулалтыг оруулахаар тал талд хэлэлцэж байна. Үүнээс харж байхад Үндсэн хуульд оруулах шаардлага байна уу гэмээр зохицуулалт байгааг судлаачид ч ярьдаг. Гүйцэтгэх засаглал нь өөрөө улс төрийн намтай холбоотой учраас сайн тунгааж удаа дараа хэлэлцэх ёстой байх.

С.Ууганбаяр

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bathuu(202.9.40.122) 2018 оны 10 сарын 08

Uhseni chin togtolcooni gajuudal battulga chi yaj bayajsan yaj toriin ondorlogt hursen chini hiisen ardchilalinhan anh ta narion hiisen ajil chin ene hend buruuga ogoh gd bgam ter togtolcooni gajig chin ta nar oorsdoo hend nyalah gd bgam

0  |  0
zochin(103.229.121.216) 2018 оны 10 сарын 08

SISTEM GESEN UGUU

0  |  0
zochin(103.229.121.216) 2018 оны 10 сарын 08

SINGAPUR ULS MONGOLTOI TOSTEI TOGTOLTSOOGOO ZASSAND

0  |  0
Top