Эрдэмтэд: 0.5 градус дэлхийг аврана

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 08

Дэлхийг нэгхэн градус нэмж дулаарахаас урьдчилан сэргийлж чадвал хурдацтайгаар дулаарч буй манай гараг дээрх хүн төрөлхтөн, экосистемийн орших эсэхийг шийднэ хэмээн олон улсын эрдэмтэд сануулж байна. Нобелийн шагналт Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх засгийн газар хоорондын мэргэжилтний бүлэг дэлхийн дулаарлын асуудлаарх тусгай илтгэлийг олон нийтэд танилцууллаа.

НҮБ-ын байгууллагын 728 хуудас бүхий энэхүү баримт бичигт хүний хүчин зүйлсээс үүдэлтэй дэлхий дулаарлыг зорилтот нэг бус, харин 0.5 градуст барьж чадвал Дэлхий хэмээн гарагийн цаг агаар, эрүүл мэнд, экосистемд ямар эерэг үзүүлэлт гарч болох талаар дэлгэрэнгүй тайлбарлажээ. Жишээ нь усны гачигдалд буй хүмүүсийн тоог хоёр дахин буруулж, хэт халалт, утаа, халдварт өвчнөөс үүдэлтэй нас баралтын тоог багасгаж, далайн төвшинг 0.1 метр буруулж, цаг агаарын гамшигт үзэгдлийн давтамж цөөрч, Өмнөд туйлын баруун хэсэг дэх мөсөн бүрхүүл хайлахаас сэргийлж, дэлхийн шүрэн хад үгүй болохоос аварч чадах юм. 2010 онд олон улсын эрдэмтэд дэлхийн агаарын температурыг аж үйлдвэрийн хувьсгалын өмнөх үеийнхээс 2 градусаар илүү нэмэхгүй байх хязгаарыг тавьсан билээ. Сүүлд буюу 2015 онд энэ хязгаарыг 1.5 градуст барих зорилтыг Парисын цаг уурын өөрчлөлтийн хэлэлцээрт тусгажээ. Учир нь уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их нэрвэгдэж буй улс оронд дэлхийн агаарын температур 2 градусаар нэмэгдэх нь цаазын ял оноосонтой адил.

Дэлхийн агаарын температур аж үйлдвэрийн хувьсгалын өмнөх үетэй харьцуулбал нэг градусаар дулаарснаас үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлтийн хор уршгийг бид өнөөдөр амсаж байна. Хэрэв дэлхийн дулаарлыг хоёр бус, харин 1.5 градуст барьж чадах аваас 2100 онд далайн төвшин 10 см багасаж, хойд мөсөн далай мөсөн бүрхүүл зуун жилд нэг удаа зуны улиралд бүрэн хайлах аж. Хэрэв дэлхийн агаарын температур хоёр градусаар нэмэгдвэл энэхүү үзэгдэл арван жилд нэг удаа ажиглагдаж дэлхий усанд автах аюултай. Дэлхийн агаарын температур 1.5 градусаар нэмэгдэхэд шүрэн хадны 70-90 хувь нь устаж үгүй болох бол хоёр градус хүрэхэд 99 гаруй хувь нь үгүй болох юм.

2030-аас 2052 оны хооронд дэлхийн агаарын температур 1.5 градусаар нэмэгдэх төлөвтэй байна. Иймээс энэ үзүүлэлтийг аль болох бага хэмжээнд барихын тулд эрчим хүчний систем, газар тариалан, хот төлөвлөлт, аж үйлдвэрийн технологи, тээвэр, барилгын салбарт ихээхэн хэмжээний өөрчлөлтийг даруй хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Тусгай илтгэлийг аравдугаар сарын 6-ны өдөр Өмнөд Солонгосын Инчон хотноо баталсан бөгөөд Польшийн Катовица хотноо ирэх арван хоёрдугаар сард болох уур амьсгалын асуудлаарх бага хурлын үндсэн илтгэл болох аж.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top