БАЙНГЫН ХОРОО: Ирц бүрдсэн ч Ж.Бат-Эрдэнэ, Б.Баттөмөр хоёроос бусад нь хуралдаандаа суусангүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2018 оны 11 сарын 28

 

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны ээлжит хуралдаан өндөрлөлөө. Энэ удаагийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 17-нд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Беларусь улсын Засгийн газар хооронд байгуулах Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг хэлэлцсэн ч гишүүд картаа сугалж гарсан тул түр хойшлууллаа.

19 гишүүний бүрэлдэхүүнтэй байнгын хорооны ирц бүрдсэн ч хуралдаандаа хоёрхон гишүүн л суужээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Б.Баттөмөр нараас бусад нь байнгын хорооны хуралдаандаа суугаагүй юм. Хамгийн сүүлд, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва "Байнгын хорооны хуралдаанд гуравхан гишүүн сууна гэж байхгүй. Байнгын хорооны дарга ирцээ бүрдүүл" гэж хэлээд, картаа сугалан, танхимаас гарч явсан байна.

Ингээд хоёрхон гишүүн үлдэж, Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Беларусь улсын Засгийн газар хооронд байгуулах Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг хэлэлцэх болсон тул байнгын хорооны дарга Д.Дамба-Очир "Засгийн газрын асуудлыг хэлэлцэж байгаа болохоор гишүүд хуралдаандаа суусангүй. Байнгын хорооны гишүүд байхгүй, хоёрхон гишүүн байна. Ирцээ бүрдүүл гэдэг асуудлыг хөндлөө. Тиймээс хэлэлцэж байгаа асуудлаа ирэх долоо хоног хүртэл хойшлууллаа" гэж хэлээд, байнгын хорооны хуралдааныг өндөрлүүллээ. 

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top